“Тансаг хаусаар ч үнэлэхгүй хөрөнгийг хашаандаа бий болгосон”

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

“Тансаг хаусаар ч үнэлэхгүй хөрөнгийг хашаандаа бий болгосон”

“Тансаг хаусаар ч үнэлэхгүй хөрөнгийг хашаандаа бий болгосон”

 Өнгө, өнгийн цэцэгс алагласан талбайд мод, бут тариалж, өрхийн хэрэгцээгээ хангах хүнс ногоо тариалан гэр хороололд тав тухтай сайхан амьдарч буй айл өрх цөөнгүй. Тэдний нэг болох хөдөлмөрч гэр бүлийн төлөөлөл Ж.Тогоонтөмөрийнд очиж, амьдарч буй орчноо хэрхэн тав тухтай болгож буй талаар сурвалжиллаа.


Хашаагаа 10 гаруй жил тохижуулж байгаа тэдний хаалгаар нь ороход л цэвэр цэмцгэр орчин угтав. Нохой хуцаж, борооны дараа чийгэнд цэцэгс болон модны үнэр үнэртэнэ.  Ж.Тогоонтөмөрийнх хашаандаа олон төрлийн модот ургамал, цэцэг, жимс зэргийг тарьжээ.

Эрүүл, цэвэр агаартайгаас гадна хөрсний бохирдлоос сэргийлж, харахад ч урамтай үргэлж завгүй байлгадаг ажилтай учир жил бүр тодорхой тохижилтыг хашаандаа хийхээр төлөвлөдөг байна. Арав гаруй жилийн өмнө сонирхлоороо хашаагаа тохижуулж эхэлсэн түүний хөдөлмөр өнөөдрийг хүртэл хүрээгээ тэлсээр айл саахалт болон хороо, дүүргийнхээ иргэдийг ч уриалж байгаад баяртай байдаг хэмээн ярьсан юм.

“ХОТЫН ТӨВӨӨС ХОЛ Ч ХАШАА, ХОРООГОО ЖИШИГ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА”

Хэдийгээр хотын төвөөс хол боловч тав тухтай аж төрөх нөхцөлөө бүрдүүлж чадсан түүний хашаагаа тохижуулах болсон шалтгаан болон цаашид юуг хийхээр төлөвлөж байгааг сонирхоход Ж.Тогоонтөмөр:

-Орон сууцанд амьдарснаас илүү одоо байгаа орчин минь таалагддаг. Манай хүн ч тэгж боддог. Арваад жилийн өмнө би Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байсан. Тэр үед зах зээл ч гараад удаагүй байхад гэр хороололд айл болж ирээд хашаа бариад гэр орноо тохижуулж сайхан орчинд амьдрах санаа төрж байлаа. Удалгүй хашаа маань газарт орж Дарь-Эх рүү нүүхээр болсон. Нүүж ирээд  санаагаа хэрэгжүүлэхээр шаргуу зүтгэсэн. Жилд хашаандаа заавал нэг зүйл нэмнэ гээд бараг хороо, дүүрэгтээ хамгийн анхдагч тохижуулагч болж байлаа. Төлөвлөөд зорилго тавихад амьдарч байгаа орчноо хэн ч гоё сайхан болгож чадна. Гагцхүү тууштай байх хэрэгтэй. Учир нь төсөв санхүүг тухайн хүн бүрэн хариуцах учраас дараа дараагийн жилүүдэд үлдэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй гэж боддог.

Манай гэр бүлийн тухайд хамгийн эхлээд мод, бут, сөөг тарих талбайгаа тооцоолж, нойл болоод орчны ариун цэвэр хэрхэн ая тухтай байх талаар ярилцсан. Тэрийгээ дараа жилээс нь хэрэгжүүлж, газраа бэлдээд жижиг мод, сөөг тарьж эхэлсэн. Суулгасан мод ургаад ирэхээр огшоод илүү сайхан болгох юмсан гэж бодогддог. Хашаандаа үхрийн нүд, монос, улаанхуайс зэрэг 10 нэр төрлийн мод тарьдаг бөгөөд мод, ургамлыг эхнэр нь хариуцаж Ж.Тогоонтөмөр туслах гүйцэтгэгчээр нь ажилладаг аж.

Эхнэр бид хоёрын санаа хашаа, хороогоо тохижуулах тал дээр огт зөрж байгаагүй. Санхүүгээс хамаарч жил өнжих асуудал л гардаг. Бусдаар бид хийж байгаа ажилдаа, амьдарч байгаа орчиндоо үргэлж сэтгэл өег байдаг гэсэн юм.

Зээ нартаа тоглох талбайг бэлдэж, сүүдрэвч засч, элс асгаж, цементээр өнгө өнгийн мөөг, цэцэг хйичихсэн яг л цэцэрлэгт байгаа юм шиг болгосон байлаа.

 0.07 ГА-Д ХҮНСНИЙ НОГОО, МОД УРГАМАЛ, ЦЭЦЭГ, ЖИМС ГЭЭД ХҮССЭН ЭЭ ТАРИАЛЖ БОЛНО

-0.07 га газрыг хүмүүс жижигхэн гээд ахуйн хүрээндээ нэг байшин, граш бариад л талбай нь дүүрчихнэ гэж боддог. Гэхдээ зай хангалттай байдаг. Талбайгаа анхнаасаа зөв төлөвлөж, хувааж чадвал нэг өрх хашаандаа хүнсний ногоо, мод ургамал, цэцэг, жимс гээд хүссэнээ тариалж болно. Бид жижигхэн гэж гололгүй талбайгаа төлөвлөж байгаад тариалах ургамлынхаа жагсаалтыг гаргаад  тарьсан. Цаашдаа нийтийн эзэмшлийн зам талбайг  иргэд, дүүргийн төлөөллүүд тохижуулах ажил хийх нь зүйтэй санагдаж байгаа. Гэр хороололд амьдардаг гэхээр шороон замаар усны тэрэг түрээд явдаг үе өнгөрсөн. Гадаадын улс орны жишгийг дагасан ч бид бүтээн байгуулалт хийж, зам талбайгаа өөрсдөө нэгдэж тохижуулах боломжтой. Заавал хэн хэзээ хөрөнгө төсөв гаргаж өгөх бол гэж горьдож суулгүй олны хүчээр амьдрах орчноо тохижуулж чадна. Би энэ саналаа хорооны удирдлагуудад хэлдэг. Манайхан ч дэмжиж байгаа. Хамтарч төлөвлөгөө гаргаж хашаа, хороондоо сайхан амьдрахыг хэн бүхэнд уриалахыг л хүсч байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ХҮНСНИЙ НОГООГОО Ч ӨӨРСДӨӨ ТӨВ АЙМАГТ ТАРИАЛДАГ

Хүүхэд залуучууд гэлтгүй хэн бүхэн тав тухтай орчинд амьдрахыг хүсдэг. Тэгвэл өнөө цагт хэн нэгний гар харах биш өөрөө л хөдөлмөрлөж чадвал түүнийг бүрдүүлэх бүрэн боломжтой болсон.

Тэрбээр, гудамжаар алхахад бохир, элдэв үнэр сэнгэнэх гээд асуудал их бий. Тэр бүрд иргэдийн ухамсар ч тодорхой нөлөөлж байгаа. Тиймээс иргэдийг хариуцлагатай, зөв хандлагатай байж үр хүүхдэдээ уриалахыг хүсдэг гэсэн юм.

Ж.Тогоонтөмөрийн хэлснээр түүний эхнэр Н.Мөнхцэцэг их бүтээлч. Цэцэг, ногоо тарих хэсгээ юу хийж амьлуулах вэ гээд л цементээр хүүхэлдэйн баатрууд, усны шувуу, мөөг гээд янз бүрийн баримал урладаг байна. Нэг хунг гэхэд 7-10 хоног хийдэг гэнэ. Хэлбэржүүлнэ, зурна, будна гээд ажиллагаатай аж. Мөн борооны дараа очсоныг ч хэлэх үү хашаанд байгаа мөөгнүүд нь яг жинхэнэ юм шиг л харагдаж байлаа. Тиймээс хашаагаа энэ айл зөвхөн мод, цэцэг, жимс тариалаад зогсохгүй газраа тэгшилж, алаг хавтангаар хучиж, нойл болоод амралтын өрөө, граш гээд бусад олон зүйлийг гаргаж тохижуулсан нь хэн ч харсан сайхан болжээ.

Харин хүнсний ногоо, өөр бусад өрхийн үйлдвэрлэл хийдэг талаар асуухад Ж.Тогоонтөмөр “Улаанбаатараас 185 км зайд байрлах Төв аймгийн Цээл суманд хүнсний  ногоогоо тариалдаг. Хуучнаар залуучуудын сангийн аж ахуй. Тэнд миний ханийн гэр бүлийн хүмүүс суурьшиж, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг. Тэнд хэсэг талбайд нь манайх өрхийн хэрэгцээний хүнсний ногоогоо тариалж, намар ургацаа хурааж авч ирээд зоориндоо хийж нөөцөлдөг. Байшингаа анх барьж байхдаа ногоо, өвлийн хүнсээ нөөцлөх зоорь тусгайлан бэлдсэн. Манай газар хад асгатай байсан учраас тэгшилж, цэвэрлэж байгаад хоёр метр квадрат зоорийн өрөө гаргасан. Агааржуулалт зай талбайгаа бас л хөөрхөн шийдсэн” гэлээ.

Нээрээ л гэр хорооллын айлуудын хашаа хороо гэж хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад цэмбэгэр, бүтээлч болсон гэдэг нь илт харагдана. Захын нэг хэсгээр очиход л саар бараан зүйлс харагдах ч сайхан хашаа хороотой айлууд түүнээс их бий болжээ.

ӨРХИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС ЖИЛЭЭС ЖИЛД НЭМЭГДЭЖ БАЙНА

Хашаагаа тохижуулж цэцэрлэгжүүлэх, өнгө будгаар сэргээх, хүнсний ногоо тариалах хүсэл сонирхолтой хүмүүсийн нэмэгдэж байгааг цахим сүлжээнээс харж болно. Тухайлбал, “Хашаандаа сайхан амьдаръя” бүлэгт амьдрах орчин нөхцлөө сайжруулж, аж ахуй эрхэлж, хашаа хороогоо тохижуулах сонирхолтой 362 мянга гаруй гишүүд байгаа юм. Тус төсөл хэрэгжиж эхэлснээр хашаатай хүн бүхэн зорилт тавьж тохижилтын ажил хийх нь илүү идэвхжсэн байна. Хүмүүс тус цахим группд санаагаа хуваалцаж, хашаагаа хэрхэн тохижуулсан, цаашид юуг төлөвлөсөн, хүмүүст хүргэх зөвлөгөө зэрэг мэдээллийг хоорондоо харилцан солилцдог байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилж, бий болгосон тус төсөл олон айлын хашааг цэцэрлэгжүүлэхэд тусалсан. Мөн түүнээс ч их хүнийг сэдэлжүүлж, урам зориг өгч чаддаг гэж Ж.Тогоонтөмөр хэлсэн юм.

Хүмүүсийн саналыг өөрийнхөө төлөвлөсөн зурагтай нэгтгээд л чадна гэж бодсон зүйлээ хийхийг хүсдэг нь түний ярианаас шаргуу, дайчин хүн гэдгийг нь илтгэж байлаа.

Хотоос хол, төвийн байранд амьдардаггүй гээд түүнээс хавь илүү тансаг орчинд амьдрах боломжийг хүмүүс өөрсдөө бүрдүүлж байна. Тэдний төлөөлөл болсон гэр бүлтэй энэ удаа та бүхнийг танилцууллаа.

Нийслэлийн иргэд өрхийн хэрэгцээний газартаа яагаад хүнсний ногоо, мод, жимс тариалж ахуйн хэрэгцээгээ хангаж болохгүй гэж. Гэр хорооллын иргэд ялангуяа хашаагаа тохижуулж, газарт орохыг хүлээж бус газраа илүү хэрхэн үнэ цэнэтэй болгохыг судлах нь зүйтэй гэдгийг зочилсон айлынхан маань зөвлөлөө.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж