Хөндөх сэдэв: Хулхи ажил олгогчдоос болгоомжил!

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Хулхи ажил олгогчдоос болгоомжил!

Хөндөх сэдэв: Хулхи ажил олгогчдоос болгоомжил!

Хөдөлмөрийн зах зээлд 20-30 мянган ажлын байр эзэнгүй гэх судалгаа бий. Энэ онд гэхэд ажилгүйдэл 18.5 мянгаар өсчээ. Нөгөө талдаа ажиллах хүчин ховордсон нь хөдөлмөрийн зах зээлд томоохон асуудал болж хувирсан.

Ажил олгогчдын зүгээс ажиллах хүчин шаардлага хангадаггүй мөн цалингаа голдог, тогтвор суурьшилтай ажилладаггүй гэх гомдол тавьдаг. Гэхдээ энэ тэдний өөрсдийнх нь харилцаа хандлага, үнэлэмжтэй холбоотой болохыг ажилчид шүүмжилдэг.

Ажил олгогчид өндөр цалинтай нээлттэй ажлын байр зарладаг ч тогтвор суурьшилтай ажиллах хүн олддоггүй нь  тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлдэггүйтэй холбоотой. Мөн цалингаа өгөхгүй мурих, амалсан цалингаа өгөхгүй удаах, нийгмийн даатгалыг төлөхгүй орхих зэргээс болоод ажилчид "зугатах"-ад хүрдэг аж.  Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 45 мянга гаруй ажил олгогч бий. 2019 онд гэхэд 21 мянган  аж ахуйн нэгж 120,3 тэрбум төгрөгийн шимтгэлийн өртэй байжээ.  Үүний ард 160 гаруй мянган даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөж байна.

Мөн ажилчдаа капитал гэж хардаггүй боол мэт үзэж бага цалингаар илүү цаг ажиллуулна. Энэ мэтчилэн ашиг харсан нэг хэсэг нь залилангийн шинжтэй болсон нь бусдадаа ч нөлөөлж байна. "Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино" гэдгийн үлгэрээр хариуцлагагүй ажил олгогч нэртэй залилагчдын балгаар бусдадаа тээг болж ажиллах хүчнийг “үргээдэг”.

Тухайлбал, дөнгөж 16 настай охин “Аав, ээжээрээ тэжээлгэхгүй, биеэ дааж сурахаар ажил хийж суръя гэж бодсон. Сэтгэлээсээ хичээж ажилласан ч дахиж ажиллах хүсэл, урам зориггүй боллоо. Ажиллах хугацаанд гэрээ байгуулаагүй өөртөө бас хөдөлмөр шулагсдад гомдож л байна. Өмнө нь ажиллаж байсан хоёр хүний цалинг өгөөгүй. Мөн одоо ажиллаж буй хүнийхээ цалинг өгөхгүй л байхдаа. Тэр хүн нь ядаж хараасай” хэмээн гомдсон, урам нь хугарч бас сэрэмжлүүлэх үүднээс олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Түүний хувьд хоёр сар /2021.06.22-08.22/айлд байрлаж хүүхэд асрагчаар ажилласан ч "эзэд" нь цалинг нь өгөлгүй буцаажээ. Түүнтэй адил олон шалтгаан, үл ойлголцоос болж залуус ажлаас  халширч, ашиг харсан нь ажлын байрыг залилан болгоод удлаа. Өнөөдөр хөдөлмөрийн насны 18-39 насныхан ажилгүй байгаа нь үүнтэй холбоотой. Тэд ажиллах дургүй, залхуу, ур чадвар, мэдлэггүйдээ бус баталгаагүй ажлын байр, найдваргүй цалингаас гэртээ байхыг илүү  үзэх болсон  учраас тэр биз.

 Статистик харахад ажилгүйчүүдийн 3.3 хувь нь боловсролгүй, 24.8 хувь нь техникийн болон мэргэжлийн, 23.2 хувь нь бүрэн дунд, 28.7 хувь нь бакалавр, 7.5 хувь нь суурь, 1.4 хувь нь бага, 6.4 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 4.2 хувь нь дипломын дээд, 0.7 хувь магистр түүнээс дээш боловсролын түвшинтэй байна.  Энэ бол зөвхөн бүртгэлтэй ажилгүйчүүдийн мэдээлэл. Үүний цаана  бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоог хэлэхэд хэцүү.

Өнөөгийн нийгэмд ядуурлын гол шалтгаан болсон ажилгүйдэлд хөдөлмөрийн насныхан жин дарж, ажиллах хүчний хомсдолд орж байгаад ажил олгогч нар хандлагаа өөрчлөх цаг нь болсныг харуулж буй. Цөөн хүний эрх ашгаас үүдэн бусад нь хохирох ёсгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж