Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Д.Сумъяабазар гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, хотын дарга болсон бол Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор УИХ дахь тэдний суудал эзэнгүй байгаа юм. Тиймээс УИХ-ын 18, 28 тойрогт нөхөн сонгууль явуулах хуулийн зохицуулалт үүссэн. Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар УИХ-аас товлосон билээ.
Сонгуулийн Ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргасан.
Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэхээр хуульд заасан. Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг УИХ тухай бүрд нь баталж улсын төсвөөс санхүүжүүлэх, зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар зохицуулсан байдаг.
Энэ үндсэн дээр Монгол УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахад хоёр тэрбум 287 сая төгрөгөөр баталсан.
18 ДУГААР ТОЙРОГТ 3 НАМ, 1 БИЕ ДААГЧ НЭР ДЭВШИНЭ
- Монгол Ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
- Ардчилсан намаас Батхүүгийн Гарамгайбаатар
- Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн Чулуунбат
- Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын Чингисхаан
- МАН-ын Удирдах зөвлөлөөс социологийн судалгаанд үндэслэн энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Ингэснээр УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт социологийн судалгаагаар хамгийн өндөр рейтингтэйгээр аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хороон дарга Ц.Идэрбат тэргүүлж, Бага хурлын гишүүдийн 97.8 хувийн саналаар нөхөн сонгуульд нэр дэвшихээр болов.
- Хэнтий аймгийн нөхөн сонгуульд АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг "сойхоор" болов. Тэрбээр 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. АН-аас "Нөхөн сонгуультай холбоотой асуудлаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр яагаад залуучуудаа дэмжихгүй байгаа юм бэ гэсэн мэдээлэл гарч байна. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн 60 хувь нь залуу улчтөрчид байсан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд манай намын улс төрийн зөвлөл, тэмцэгч, ахмад улстөрчдөө нөхөн сонгуульд илгээсэн" гэдгийг мэдэгдсэн юм.
- Нийгэмд Чингисхаан нэрээр танил болсон М.Баасанжаргал 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт бие даан нэр дэвшинэ. Тэрбээр "Миний бие 2020 онд Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж байсан. Одоо харьцангуй туршлагатай болсон. Залуучууддаа хандаж хэлэхэд бид улс төр хэцүү байна, улс төрчид болохгүй байна гэж стрессдэж суухаар өөрсдөө хууль санаачлах үйл хэрэгт оролцох хэрэгтэй. Тиймээс залуусаа төлөөлж, тэдний дуу хоолой болж нэр дэвшиж байна” гэжээ.
28 ДУГААР ТОЙРОГТ 8 НАМ, 1 ЭВСЭЛ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ ДЭВШИНЭ
- Монгол Ардын намаас Энхбаярын Батшугар
- Ардчилсан намаас Эрдэнийн Бат-Үүл
- Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн Гантулга
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын Төмөрсүх
- "Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын Найдалаа
- Үнэн ба Зөв намаас Аюурзанын Отгонбаатар
- Дэлхийн Монголчууд намаас Логийн Цог
- Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн Батдорж
- Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн Гантулга
- Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын Бат-Ялалт
2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт “өвдөг шороодсон” Э.Батшугарыг МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр 95 хувийн саналаар дэмжсэн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН нэгдэх гэрээнд гарын үсэг зурж, улс төрийн том тохироо хийсэн юм. Үүний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүү Э.Батшугар МАН-аас нэр дэвших боломж бүрдсэн юм.
Түүний намтар түүхийг нь сөхвөл 1987 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. АНУ-ын Калифорни мужийн ахлах сургууль, АНУ-ын Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан төгсчээ.
Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Ардчилсан намыг үүсгэн байгуулагч, ардчиллын алтан хараацайнуудын нэг, Улсын баатар Э.Бат-Үүлийг "сойв". Ардчилсан намын дарга, нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүнээр хоёр удаа улиран сонгогдож байсан түүнийг эрх баригчдын эсрэг үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс эмээхгүй, зоригтой сөрөг хүчин болно гэж зарим иргэд дүгнэж буй.
2020 оны УИХ-ын 28 дугаар тойрогт Ард түмний олонхийн засаглал намаас нэр дэвшиж байсан Ш.Гантулга энэ удаа ИЗНН-аас хүч үзнэ. Түүнийг "ТВ9" телевизийн олон улсын тоймч гэдгээр нь олон нийт илүү сайн мэднэ.
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх намаа төлөөлж нөхөн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Тэрбээр “2012 оноос хойш бизнес хийлээ.Үйлдвэр байгуулъя гэж найман жил зүтгээд бүтсэнгүй. Бусад намууд 30 жил гурил зуурч байна. Бусад намууд хүчтэй өрсөлдөгч биш, би өөрийгөө хүчтэй өрсөлдөгч гэж хэлмээр байна. Авлигачдыг цээрлүүлж, шударга ёсыг тогтоох уриатай сонгуульд оролцож байгаа юм” гэжээ.
Ерөнхийдөө улс төрийн гуравдагчийн хүлээлт их байгаа. Тиймээс ХҮН хэнийг нэр дэвшүүлэх нь анхаарлын төвд байв. ХҮН-аас Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойрогт Б.Найдалааг нэр дэвшүүлэв. Тэрбээр 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүрэг буюу 25 дугаар тойргоос нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Энэ удаа тойргоо солин орж иржээ.
Хөхөө өвлийн хүйтэнд гэрийн халад, углааш өмсөөд Засгийн газрын сайд нараас огцрохыг шаардан, Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нөхөн сонгуульд оролцоно. Тус жагсаалын дараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр ажиллахаар болж, төд удалгүй хэдхэн хоногийн дараа үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр татгалзаж буйгаа мэдэгдсэн юм.
Хууль зүйн сайд, УИХ-ын дарга асан Л.Цог Дэлхийн монголчууд намаас нэр дэвшинэ. Тэрбээр Улсын Их Хурлын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байв.
Өмнөх парламентад АН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон Л.Болд, Ж.Батзандан нар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намыг үүсгэн байгуулсан. Тэгвэл тус намаас орон нутаг хариуцсан дэд дарга, Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч Ц.Гантулгыг нэр дэвшүүлэхээр тогтсон. Сүр дуулиантайгаар намаа үүсгэн байгуулж байсан хоёр гишүүний нэг нь Бельгийн вант улсад Элчин сайдаар томилогдсон бол Ж.Батзандан Австрали руу Элчин зөвлөх болоод явсан. Энэ бүгд МАН өрөө төлж байна гэх шүүмжлэлд өртсөн.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт 2021 оны УИХ-ын нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт бие даан нэр дэвшинэ. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Сахигтун Үндсэн хуулийн 19 эвслээс дээрх 28 дугаар тойрогт нэр дэвшиж байв. Гэвч сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Учир нь Х.Бат-Ялалт УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж, 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдов. Шүүх хуралдаанд Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас цагдан хорих арга хэмжээг авсан байдаг. Улмаар 2020 оны долдугаар сарын 24-нд шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож түүний хоригдсон 65 хоногийг мөнгөн дүнгээр дүйцүүлэн хасч тооцон, 2.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ.
Холбоотой мэдээ