Ирэх аравдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 28, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль болно. Тодруулбал, 18 дугаар тойрогт дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт арван нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ бүртгэсэн. Тэгвэл Иргэний Зориг-Ногоон намын зүгээс өчигдөр /2021.09.14/ сонгуулийн санал тоолох машинаас татгалзахыг уриалсан бол Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ үгүйсгэсэн юм. Ингээд хоёр талын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.
А.Бархүү
Иргэний Зориг-Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга:
Хар машингүй сонгууль явуулахыг уриалж байна. 2012 оноос өнөөдрийг хүртэл төрийн бүх шатны сонгуульд хэрэглэж ирсэн хар машин нь хэт хоцрогдсон, улс төрийн намуудын илэрхийлж байгаагаар сонгуулийн санал тоолох явцад луйвар хийх боломжтой хэмээн ИЗНН үзэн улс төрийн бүх нам, нэр дэвшигчдэд хандан уриалга гаргаж байна. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө санал тоолох автоматжуулсан системийн луйвар хийх боломжтойг дэлгэсэн иргэн Г.Ган-Очирын баримт харуулж байгаа юм.Төрийн бүх шатны сонгууль хараат бус, тэгш, шударга, чөлөөт байдалд явагдах үндсэн нөхцөл нь иргэд саналаа чөлөөтэй өгөх, өгсөн санал нь хулгайлагдахгүй гэдэгт итгэл дүүрэн байх үүднээс сонгогчдын саналыг хар машинаар бус 100 хувь гараар тоолох нь зүйтэй гэж үзэж байна. Жишээ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Англи, Герман зэрэг улс хар машинаас татгалзсан бөгөөд 100 саяас дээш хүн амтай Япон, ОХУ гэхэд сонгуулийн дүнг гараар тоолж байна. ИЗНН-ын саналыг хүлээн зөвшөөрч байгаа бүх нэр дэвшигчтэй энэ уриалгыг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахад бэлэн.
Д.Бат-Эрдэнэ
СЕХ-ны хууль эрх зүйн хэлтсийн дарга:
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг үндэслэн санал тоолох төхөөрөмжийг ашиглах УИХ-ын тогтоол бий. Сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн хүчин, төрийн бус байгууллага, хувь хүмүүс сонгуулийн санал тоолох хар машинтай холбоотой янз бүрийн мэдээлэл гаргадаг. СЕХ мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс санал тоолох төхөөрөмжийн шалгах, турших баталгаажуулах бүх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй явуулдаг. СЕХ санал тоолох төхөөрөмжийг ашиглана, ашиглахгүйг бие даан шийдэх байгууллага биш. Хуульд үндэслэн хууль тогтоох байгууллага шийдвэрлэдэг. 2012 оноос хойш Монгол Улс сонгуулийн санал тоолох машиныг ашиглаж ирсэн. Үүний гол зорилго нь санал хураалтын дүн гарахад хүний оролцоог багасгах юм. 2012 оноос хойш болсон бүх сонгуульд санал тоолох төхөөрөмжийг ашиглах явцдаа давхар гараар тоолж баталгаажуулж ирсэн. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналын хуудсыг гараар 100 хувь тоолсон.
Холбоотой мэдээ