СОЛОНГОС УЛСААР АЯЛЦГААЯ / Канвон муж /

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

СОЛОНГОС УЛСААР АЯЛЦГААЯ / Канвон муж /

Газар нутгийнх нь наяаас дээш хувийг уул нуруу эзэлдэг Канвон муж бол Солонгос хүмүүсийн амарч зугаалах дуртай нутаг ажээ. Зах хязгааргүй далайн хөвөөн дахь наран шарлагын газарт нь зуны улиралд олны хөл тасардаггүй бөгөөд мужийн хамгийн сүрлэг уулс болох Сорагсан болон Удэсан уулс нь үзэсгэлэнт байгалиараа жуулчдын сэтгэлийг татдаг байна. 2018 оны Пёнчан Өвлийн Олимп зохион байгуулагдаж байсан энэ нутагт өвлийн спортын төрлүүдээр хичээллэж болох цанын баазууд олон бий. Солонгос орны байгалийн сайхныг мэдрэхийг хүсвэл Канвон мужийг заавал зориорой.

Сорагсан уул

Канвон мужийн 4 хот сууринг дамнан сүндэрлэдэг Солонгосын хамгийн алдартай Сорагсан уул нь 10 сарын дундуур өнгө өнгийн навчсаар өнгөө чимэж намрын улирлын гоо үзэсгэлэнг мэдрүүлдэг. Өвөрмөц тогтоцтой Гиам хавцал болон Үлсан хад гээд Сорагсан уулын үзэмжит байгалийг тодотгох зүйлс олон. Мөн агаарын дүүжин бүхээгээр (cable car) уулсын дээгүүр зугаалж болохоос гадна арьс гоо сайханд тустай гэлцдэг шүлтлэг халуун рашаан Усэг Унчонд нь алжаал ядаргаагаа тайлж суух боломжой. Сорагсан уулын бүсэд ховор байгалийн баялаг тархсан байдаг учир ЮНЕСКО-д хамгийн анх удаа бүртгэгдсэн биосферийн нөөц газар болжээ.

Самяан ферм

Солонгосын хамгийн өндөр Пэгдү нурууг даган байрладаг энэ ферм нь 20 сая шоо метр талбайг эзэлдэг байна. Жуулчид энд хонинд өвс өгч, өөр олон хөтөлбөртэй танилцаж болох ба цэлмэг өдөр толгод дээрээс зүүн тэнгисийн хөвөөг харж болдог ажээ.

Нагсанса хийд

МЭ 671 онд Шилла гүрний алдарт багш Өсаны байгуулсан Нагсан хийд нь зүүн тэнгис өөд харсан гайхалтай үзэмжтэй ажээ. Мөн 15 метр өндөр 3 метр диаметр бүхий Лусын хамгаалагч бурхны баримал энд байх ба жуулчид энд хоноглонгоо өглөөний нарыг үзэх дуртай байдаг ажээ.

Нами арал

Анх энд далан байсан энэ газар одоо Солонгосчуудын зугаалах дуртай газар болжээ. Элсээр шуурсан үржил шимгүй байсан энэ газар Солонгосчууд олон төрөл зүйлийн мод ургамал тарьж ургуулсан бөгөөд одоогоор арал дээр 20 орчим цэцэрлэгт хүрээлэн, зоогийн газар байрладаг. Metasequoia болон мөнгөн гүйлс модод найгасан энэ газар хүмүүс зураг авахуулах дуртай. Энд "Өвлийн хайрын дуу" олон ангит киноны зураг авч байснаараа алдартай гадаад дотоодын жуулчдын хөл тасардаггүй сайхан газруудын нэг юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж