Угаарын эрсдэлээс гэр бүлээ, хайртай хүмүүсээ хамгаалъя

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

Угаарын эрсдэлээс гэр бүлээ, хайртай хүмүүсээ хамгаалъя


-Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө өөрсдөө хариуцлагатай байя-

Улирал солигдох үед угаартах, угаартаж амиа алдах иргэдийн тоо нэмэгддэг. Нийслэлчүүд бид 2019 оны өвлөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хүртэл хувиар буурсан. Цаашид 80 хүртэл хувиар бууруулах зорилтыг Засгийн газар, хотын удирдлагууд тавиад буй. Сайжруулсан шахмал түлш түлдэг болсноор иргэд угаартах нь нэмэгдсэн гэх ойлголт нийгэмд байдаг ч түүнээс өмнө нүүрс хэрэглэдэг байхад ч хүмүүс угаартаж нас бардаг байсан. Гэхдээ энэ нь хүмүүс угаартаж нас барах нь хэвийн үзэгдэл гээд байгаа зүйл биш. Гол нь иргэд маань өөрсдөө хариуцлагатай байж, яндан, зуухны бүрэн бүтэн байдлаа шалгаж, хүүхдээр гал түлүүлдэггүй, угаар мэдрэгчээ ажиллаж байгаа эсэхийг байнга шалгадаг, зай нь дуусчихлаа гээд шиддэггүй байх ёстойг сануулж байгаа юм.

Үнэхээр сайжруулсан шахмал түлш түлснээс болж угаартдаг бол нийслэлчүүд бид тэр аяараа угаартах байлаа. Гэтэл тийм биш гэдгийг өнгөрсөн хоёр жилийн туршлага харуулж байна. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 10 мянган өрхөд сайжруулсан түлшний талаарх судалгаа явуулахад эерэг сэтгэгдэлтэй иргэдийн тоо 2019 оноос 44 хувиар өссөн дүн гарчээ. Иргэд сайжруулсан түлшийг сайн шийдэл гэсэн үнэлгээ өгч, нүүрс түлснээс сайжруулсан түлш түлэх нь илүү гэж үзсэн байна. Судалгаагаар айл өрхүүд  долоо хоногт дунджаар зургаан шуудай нүүрс түлдэг бөгөөд үүнийг хөнгөлөлттэй үнээр тооцвол 11.250 төгрөгийн түлш хэрэглэдэг гэсэн үг. Энэхүү тооцоог 150 ам метр хүртэлх талбайтай амины сууц, монгол гэрт амьдарч буй айлуудын долоо хоногийн хэрэглээнд тулгуурлаж гаргажээ.

Нийслэлийн хэмжээнд уржнан жилийн өвөл 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол ноднин жил 708 мянган тонн болж нэмэгдсэн байна.  Түүнчлэн энэ жилийн хувьд түлш борлуулах цэгийн тоо нэмэгдэж, 686 болсны сацуу түлш тээвэрлэх компанийн тоо 22 байсныг 35 болгон өсгөжээ.  Мөн иргэд сайжруулсан шахмал түлшээ зөв хэрэглэж, яндан, зуухныхаа бэлэн байдлыг хангаснаар угаартсан дуудлагын тоо жил ирэх бүр буурч байгаа. Гэхдээ энэ нь санаа амарч болно гэсэн үг биш. Учир нь ойрын хэдэн өдрүүдэд цаг агаар хүйтэрснээр хэд хэдэн хүн угаартсан дуудлага бүртгэгдсэн. Хамгийн сүүлд л гэхэд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд хоёр иргэн угаартаж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Дуудлагын дагуу очиход өрхөө бүтээсэн байдалтай эхнэр, нөхөр хоёр нас барсан байжээ. Тэд 23 болон 25 настай, эхнэр нь жирэмсэн байсан гэдэг мэдээлэл хэвлэлээр гарсан. Амьдралд хөл тавиад удаагүй, одоо л бүх зүйл нь эхлэх гэж байтал ийн зуурдаа амиа алдсан хосууд, тэдний ар гэрийн өмнөөс харамсаад баршгүй. Гэхдээ тэд өрхөө бүтээгээгүй байсан бол, угаар мэдрэгчээ ажиллуулсан бол гэх харуусал эрхгүй төрнө. Хэрэв тэгсэн бол тэд амиа алдахгүй, өнөөдөр бидэнтэй хамт байж, энхрий үр нь удахгүй хорвоод мэндэлж, хэлд, хөлд орохыг, сургуульд сурахыг, гэр бүлтэй болохыг ч харах байв. Ер нь угаартах, угаартаж амиа алдсан тохиолдлын дийлэнх нь галлагаа хийснийхээ дараа өрхөө бүтээснээс үүдсэн байдаг. Төрийн байгууллагууд иргэдэд энэ чиглэлээр сэрэмжлүүлэх мэдээллийг үргэлж ярьж, хэлдэг ч түүнийг юман чинээ  тоодоггүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Арга ядахдаа “Яндангаа хөөлье” гэж хүртэл арга хэмжээ зохион байгуулж байх вэ дээ. Гэтэл “Монголчууд хэзээнээсээ гал түлж ирсэн. Яндангаа хөөлөхөө хүнээр заалгав л гэж” хэмээн шүүмжилсэн. Гэхдээ энэ арга хэмжээний ачаар угаартах иргэдийн тоо буурсан. Иргэдийн мэдлэг, мэдээлэл ч нэмэгдсэн. Одоо л гэхэд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас орон тооны бус 4500 ажилтанд сургалт хийж, гэр хорооллын айл бүрээр орж, иргэдийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгах, шаардлагатай зүйлсээр тусалж, дэмжих үүргийг өгөөд буй. Мэдээж төрийн байгууллагын энэ мэт оролцоо, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох нь чухал ч гэлээ иргэд маань өөрсдөө бас хариуцлагатай баймаар байна. Хүйтэн байна гээд өрхөө бүтээдэггүй, хүний төлөө амьдарч байгаа мэт аяглахгүй, яндан, зуухныхаа бүрэн бүтэн байдлаа шалгаж, угаар мэдрэгчээ ажиллуулж, дуугарлаа гээд төвөгшөөж, унтраадаггүй баймаар байна. Агаарын бохирдлыг бууруулахад, өөрийнхөө, хайртай хүмүүсийнхээ амь насыг эрсдэлд оруулахгүй байхад иргэн таны, миний оролцоо, хариуцлага чухал юм. Тэгэхээр бүгдээрээ муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг төрийн байгууллага, хариуцсан албан тушаалтан руу дайрдаггүй, өөрсдөө ч бас хариуцлагатай байя. Бид чинь 1.5 сая гаруй хүн амтай, их хотын иргэд шүү дээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж