Мьянмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чи өчигдөр болсон шүүх хуралд эрүүл мэндийн шалтгаанаар оролцож чадаагүй талаар өмгөөлөгч нар нь мэдэгджээ. Өдгөө 76 настай тэрбээр толгой нь эргэж, дотор нь муухайрснаас шүүх хуралд биечлэн оролцож чадаагүй аж. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Covid-19-ийн халдвар аваагүй бөгөөд биеийн байдлыг нь эмч нар хянаж байгаа гэнэ. Ан Сан Су Чи өнгөрсөн хоёрдугаар сард болсон цэргийн эргэлтээс хойш шоронд хоригдож буй. Тэрбээр зөвхөн өмгөөлөгчдөөрөө дамжуулан гадаад ертөнцтэй харилцаж байгаа бөгөөд үг, үйлдэл бүрийг нь Мьянмарын эрх баригчид ажиглаж байна.
Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд төрийн эрхийг авснаас хойш Ан Сан Су Чиг авлига авсан, албаны нууц задруулсан зэрэг олон тооны хэрэгт буруутгасан юм. Дээрх хэргүүдэд 14 жил хүртэлх шоронд хоригдох ял сонсч магадгүй байна.
Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чи дарангуйллын эсрэг тэмцлийнхээ улмаас сүүлийн 30 жилийн талыг нь хорионд өнгөрүүлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS