Аюулгүйн гурвын амлалт: ЭРХ БАРИГЧИД ТОГЛООМЫН ДҮРМЭЭ ӨӨРЧЛӨВ!

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

Аюулгүйн гурвын амлалт: ЭРХ БАРИГЧИД ТОГЛООМЫН ДҮРМЭЭ ӨӨРЧЛӨВ!

Аюулгүйн гурвын амлалт: ЭРХ БАРИГЧИД ТОГЛООМЫН ДҮРМЭЭ ӨӨРЧЛӨВ!

Ямартай ч эрх баригчид тоглоомын дүрмээ ил тод зарлалаа. Зам зууртаа зангаа өөрчилж, буу сэлэм, гав жад болчихгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт уулзалтын үеэр ҮАБЗ-ийн гурвыг өгсөн амлалт нь: Төрийн оролцоог бууруулна, шахалт, дарамтыг хумина, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжинэ.  Гээд  тоглоомын дүрмийн хамгийн чухал зүйл нь тэд өөрсдөө хэлсэн, ярьсандаа хүрдэг байх.

Монголын үе, үеийн Засгийн газар үргэлж мөнхийн л хөрөнгө оруулалтыг дэмжинэ, төрийн дарамтыг бууруулна гэж амладаг. Гэвч залж авчраад зуудаг, урьж ирүүлчхээд хөөдөг, өмч хөрөнгийг нь  дээрэмддэг, булаадаг гашуун сургамж хөрөнгө оруулагчдын зүрхэнд орчихсон, бидний хувьд гэм биш зан болсон үзэгдэл. Үзэгдлийг өөрчлөх нь ҮАБЗ-ийн гурваас шалтгаална.

БИЗНЕСТ ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ ОЛГО!

Буу барьсан хүнтэй бизнес хийх тэнэг ч олдохгүй. Нэг бол буудуулж үхнэ, эсвэл хөрөнгөө дээрэмдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд Монголын төр нь буутай дээрэмчин, бизнесменүүд нь гавтай яллагдагч болж хувирсан, цар тахлаар далимдуулж төрийн бүх шатны дарамт шахалт ихэссэн шүү дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд хариуцлагын гэрээ хийгээгүй аж ахуйн нэгжүүдийг ажил хийх боломжгүй болгосон. Цайллага, дайллага хийсэн гэх шалтгаанаар үүд хаалгыг нь барих, тусгай зөвшөөрлийг нь цуцлах жишээний.

Дурын нэг цагдаа жирийн нэг ногоочныг торгодог, айлгадаг болоод удлаа. Төрийн нэг агентлагийн дарга дуучин бүсгүй дагуулаад худалдаачдыг “намнадаг”, лайвддаг болчхоод байгаа. Адгийн дээрэмчид нь эх оронч нэр зүүгээд уул уурхайн компаниудыг шантаажилж, дарамталж явахаасаа ч айхаа байсан. Захын нэг шантаажчин гишүүн Оюутолгойн гэрээг цуцлахгүй бол өөрийгөө шатаана гэж өлсдөг, жагсдаг болсон шүү дээ. Шантаажчид бол хаа сайгүй байна. Төрийн ордонд ч, гудамжинд ч, төрийн албанд ч бий.

Өнөөдөр Монголд том, жижиг гэлтгүй бүх л бизнест эрх чөлөө алга. Тиймээс ҮАБЗ-ийн гишүүд бизнесийнхэн, хөрөнгө оруулагчдадаа эрх чөлөө олгоно гэжээ. Гэхдээ тэдний хэлсэн үг хадны цуурай төдий өнгөрвөл харамсалтай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдаа дэмжиж, эрсдэлийг нь хамтарч шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийлжээ. Хөрөнгө оруулагчдийн бодит эрсдэл бол хуультай, хуульгүй шантаажчид. Зарим нь хуулиар айлгана, зарим нь хуульгүй дээрэмдэнэ.  Жишээ нь, Английн Ерөнхий сайдын дүүгийн мөнгийг дээрэмдсэн гэх бөөн дуулиан, шуугиан гадаад, дотоодын хэвлэлүүдээр гарах боллоо. Энэ явдлыг гадаадад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүргэн ахын компани болох “Засаг чандмань майнз” дээрэмдчихжээ гэхгүй. Монгол Улс, монголчууд дээрэмдсэн гэж ярина, бичнэ.

ҮАБЗ-ийн гурав экспортыг дэмжинэ, том төслүүдээ хөдөлгөнө, бизнес эрхлэгчдийн ажиллаж, амьдрах эрх зүйн орчинг сайжруулна, төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг сахиулна, хуулиа өөрчилнө л гэж. Шинэ амлалт биш л дээ, Монголын төр байнга ингэж амлаж ирсэн. Гол нь ҮАБЗ-ийнхөн нэгдээд төрийн дунд, доод шатныхны хүнд сурталыг арилгаж чадвал болж байна.

Том, жижиг гэлтгүй бизнесийн салбарынханд хамгийн том чөдөр болж байгаа асуудал нь төрийн зүгээс нэхдэг элдвийн бичиг цаас, хяналт шалгалт. Чиг үүрэг нь давхардсан олон байгууллагаас болж аж ахуйн нэгжүүд  ядардаг, шантардаг, дампуурдаг. 

Саяхандаа олон нийтийн сүлжээнд мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар үйлчилгээний газруудаар үйлчүүлсэн төлбөрөө хийдэггүй барьдаггүй, хамгийн үнэтэй барааг нь хурааж авдаг, иддэг гэсэн гомдол, шүүмжлэл явж харагдсан. Түүнчлэн төрийн нэг хурган дарга боодол доллар оймсондоо нуудаг, аль нэг агентлагийн дарга, ахлах мэргэжилтний гэрээс хэдэн зуун сая төгрөг олддог нь Монголын төрд бараг хэвийн зүйл шахуу болчихсон. Үүнээс бол Монгол Улс авлигын индексээр сүүлийн дөрвөн жил дараалан ухралтын байдалтай, өнгөрсөн онд дэлхийн 180 орноос 111-т бичигдэж байна.

Тиймээс зөвлөлдөх уулзалтын үеэр ҮАБЗ-ийнхөн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өөрчилж,  1400 зөвшөөрлийг 400 болгон цөөлөхөө амалсан нь зөв.  Зөвшөөрөл нэрийн дор ,нэг гарын үсэг болгоны ард авлига явдаг нь хэнд ч ойлгомжтой, ил тод болсон асуудал.  Болж өгвөл О.Магнайгийн хэлсэнчлэн  үсчин, цайны газруудын тусгай зөвшөөрлийг бүр байхгүй болгочих хэрэгтэй. МЕХГ, ШӨХТГ-ыг татан буулгаж чадах юм бол бүр браво.

ТӨРЛИЙН АЛБАА ЦӨӨЛ!

Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 2020 онд 5.3 хувиар агшсан нь 90-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь агшилт болохыг Ерөнхий сайд онцолжээ. Маш муу мэдээ. Энэ онд ч эдийн засгийн байдал дээрдээгүй. Ядаж байхад Замын-Үүдийн түгжрэл яр болчихлоо. Ард нь өгөөх нь төрийн дунд, доод шатны авлига яригдах болсон.

Хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхий сайдын танилцуулсан нэгэн слайд олон нийтийн сүлжээнд багагүй  шейртай харагдсан.  Уг слайдаас харахад, Монгол Улсад улсын төсвөөр тэжээгддэг төрийн албан хаагч 285 мянга байна. Багш, цэрэг цагдаа, эмч, эмнэлгийн ажилтнуудыг хасахаар 160  мянган төрийн албан хаагчийн цалин хангамжид улсын төсвийг гуравны нэгийг зарцуулдаг аж.

Энэ оны нэгдсэн төсөвт орлогоо 11 их наядаар тооцож суулгасан. Гэхдээ эхний найман сарын байдлаар 7.1 их наядыг олсон, 2.8 их наядыг нь 285 мянган төрийн албан хаагчдын цалинд зарцуулна. Нэмээд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө байна.

Тэгэхээр төрийн албыг төөлж, нийслэл дүүргийн төлөөлөгчдөд өгдөг урамшууллыг байхгүй болгож чадвал Л.Оюун-Эрдэнийн засаг түүхэнд үлдэх реформ хийлээ гэсэн үг. Нийслэл, дүүргийн төлөөлөгчид үнэндээ юу хийж, ямар гавъяа байгуулдгийг нь мэдэх хүн байхгүй шүү дээ.

Орон нутгуудын засаг захиргаа гэхэд жижиг Засгийн газрууд болчихсон, Засаг дарга нар нь өөрсдийгөө аймаг, сумын Ерөнхий сайд гээд ойлгочихсон байх жишээтэй.

Тиймээс ҮАБЗ санал нэгтэйгээр өөрсдийгөө төр гээд бодчихсон 160 мянган төрийн албан хаагчийг аттестатчилах цаг болжээ. Тэдний дийлэнх нь намынх нь цүнх баригчид, найз нөхөд, хамаатан садан байгаа.

Тэгээд ч дээрээс ирсэн бодлого, шийдвэрийг тэгнээд хэвтчихдэг, сайд ирж байдаг, явж байдаг гэх хандлагатай хурган дарга, цэргүүд төрд олон бий. Бизнест дарамт учруулдаг, төрийн бодлого шийдвэрийг гацаадаг гол саадууд төрийн дунд, доод шатныхан гэхэд буруудахгүй. Өчигдрийн зөвлөлдөх уулзалтын үеэр ҮАБЗ-ийнхний  байр суурь, хэлсэн ярьснаас харвал төрийн дунд, доод шатныханд их цэвэрлэгээ явуулах ойлгомжтой болжээ.

Төрийн шийдвэрийг дамладаг, гацаадаг, зардаг хүмүүсээ цэгцэлж чадвал Монголд их олон зүйл өөрчлөгдөнө. Хөрөнгө оруулагчдад эерэг итгэл үнэмшил төрнө. Гээд амлахаасаа ажил хэрэг болгох нь, ялахаасаа засаглах нь хэцүү, хэцүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж