Японы гадаад хэргийн яам зүүн өмнөд Азийн Индонез, Филиппин, Сингапур, Малайз, Тайланд, Мьянмар зургаан оронд суугаа иргэдээ олон хүн цугласан газар, шашны байгууллагаас зайгаа барин, болзошгүй халдлагаас болгоомжлохыг сануулжээ. Учир нь тус орнуудад амиа золиослогчдийн халдлага болох эрсдэл өндөр байгаа талаар мэдээлэл яаманд хүрсэн гэнэ.
Харин тэдгээр орны эрх баригч нар тийм аюул заналхийлж байгаа тухай ямар ч мэдээлэл үгүй байгааг, Япон дээрх мэдээллээ ямар эх сурвалжаас авснаа хэлээгүй байгааг мэдэгдэж, эргэлзээ төрүүлсэн байна.
Тайландын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Танее Сангратын хэлснээр, Япон дээрх мэдээллийг ямар эх сурвалжаас авснаа илчлээгүй, “Зөвхөн Тайландад гээгүй” гэхээс илүү нарийн мэдээлэл өгөхгүй байгаа аж.
Мөн Тайландын цагдаагийн орлогч дарга Киссана Патанахароений хэлснээр халдлага болж болзошгүй талаар ямар ч сураг ажиг алга байгаа гэнэ.
Түүнчлэн Филиппиний гадаад хэргийн яам, Индонезийн гадаад хэргийн яам, Малайзын цагдаагийн газар болзошгүй халдлагын талаар ямар ч мэдээлэл байхгүй байгааг баталж, Япон хаанаас тийм мэдээлэл авсныг гайхцгааж байна.
Харин Япон улс иргэдээ байгаа байгаа нутгийнхаа мэдээ мэдээлэлд онцгой анхаарал хандуулж, маш болгоомжтой байхыг зөвлөсөн бөгөөд хугацаа гэх мэт нарийн зүйл мэдээлээгүй ажээ. Мөн тэд эх сурвалжаа нууцалж, бусад орнуудад албан ёсоор анхааруулсан эсэхээ мэдэгдэхээс татгалзсан гэнэ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ