П.Батсайхан: Нийгмийн манлайлал үзүүлбэл бид төртэйгөө хамтран ажиллахад бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

П.Батсайхан: Нийгмийн манлайлал үзүүлбэл бид төртэйгөө хамтран ажиллахад бэлэн байна

Эдийн засаг, бизнесийн орчин бүхэлдээ доройтсон, төсөв, мөнгөний бодлогын хүч суларсан, өрхийн орлого хумигдсан, ажлын байр цөөрсөн, үнийн өсөлт галзуурсан, олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон цаг үед нэгэн чухал арга хэмжээ Төрийн ордны их танхимд өчигдөр болж өнгөрлөө. Энэ бол “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх чуулга уулзалт байв. Улс төр, бизнесийн салбарын эрхмүүд хагас өдрийн турш улс орны өмнө тулгамдаад буй эдийн засгийн уналтыг зогсоох, эргэн сэргээх талаар өөрсдийн байр сууриа илэн далангүй энэ үеэр хуваалцлаа. Ярих, ярилцах, тодорхой шийдэлд хүрэх цаг нь мөнөөс мөн. Одоо л нэгдэж, нягтарч, улс орныхоо эдийн засгийн төлөө хүчээ нэгтгэхгүй бол алдагдсан боломжийн өртөг, үүний төлөөс дэндүү их. Энэ утгаараа төрийн гурван өндөрлөг үүсээд байгаа нөхцөл байдлыг илүү бодитоор хүлээж авсан биз ээ.

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан энэхүү уулзалтыг цаашид жил бүрийн өдийд зохион байгуулахаар тогтож, эдийн засаг, бизнесийн орчны ээдрээтэй асуудлаа хэлэлцэж байхаар болов. Тулгамдсан асуудлаа нээлттэй ярьж, хэлэлцэхэд буруу юм гэж байхгүй. Гол нь үүнээсгарах үр дүнг бодит ажил, үйл хэрэг болгох л чухал билээ. Монголын хамгийн том ажил олгогч, татвар төлөгч нартай төр засгийн тэргүүнүүд нэгэн дор уулзах нь ховор. Тэр тусмаа тэр болгон олон нийтийн өмнө ил гараад байдаггүйсбизнесийн салбарын содон эрхмүүд өчигдөр ирсэн нь ихээхэн анхаарал татлаа. Тэд зөвхөн нэр төдий оролцох бус хувийн хэвшлээ төлөөлж, чуулга уулзалтын индрээс төр засагт хандан хатуухан шүүмжлэл бас унагалаа. Нөхцөл байдал амаргүй байгааг чуулга уулзалтын уур амьсгал ч тод илтгэнэ. Бодит шүүмжлэл хэлэхийн сацуу гарц, боломжийн талаар яриа өрнүүлж, өөрчлөлт, шинэчлэлийг наашлуулахад баялаг бүтээгчид хэзээд бэлэн байснаа, одоо ч бэлэн байгаагаа санууллаа.

Улс төрийн үзэмжээр бус улс орны хэтийн ирээдүйг харж дуугардаг хүмүүс бол бизнесийн салбарынхан байдаг. Энэ утгаараа бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүдийг төлөөлж, магадгүй илүү зориг гаргаж индрийн зүг алхсан нь “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан болов уу. Бодлого тодорхойлогч улс төрчдийн өмнө бизнесийн салбарын нэгэн эрхэмгарч ирээд “Төрийн байгууллагууд, улс төрийн албан тушаалтнууд нийтийн сүлжээнд гарч буй мэдээлэлд суурилж богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ ойр ойрхон өөрчлөх замаар ажлаа явуулж байна” хэмээн хэлсэн нь олон хүн үүнтэй санал нийлэх, нээрээ л ийм байгаа гэсэн дүгнэлт рүү эрхгүй хөтөлж байлаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд л гэхэд төрийн шийдвэр гаргалт шат шатанд өөрчлөгдөж, тэр хэрээр бизнесийн орчинд хүнд суртал нэмэгдсэн. Үүний ул мөр одоо ч үргэлжилсээр байгаа.

П.Батсайхан бол бизнесийн салбарт тод мөртэй нэгэн. Энэ утгаараа илүү жинтэй байлаа. Түүний дээрх хэлсэн үг зарим хүнд таалагдаагүй байх. Гэтэл төрийн гурван өндөрлөгийн өөдөөс хараад асуудлын үнэн мөнийг шуудхан хэлчих, юу болохгүй байгааг тодорхой сануулах нь хэд билээ. “Монгол Улсын нийгэм, эдийн засаг энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд та бүхний алсын хараа манлайллаас шууд хамаарна. Бидний цөөхөн монголчуудад намаар талцах, намынхаа дотор бүлэг фракц болон хуваагдах, мэргэжлийн салбар яамдын амбийц гарган хүнд суртлын механизмаар боомилох зэрэг аливаа талцал нь хөгжлийн эсрэг том чөдөр, тушаа болдог” гэж Төрийн ордны их танхимын индрээс Монголын бизнесийн тэргүүн эгнээнд яваа “Шунхлай” тодотголтой П.Батсайхан хэлж байгаа нь талархалтай. Бодит байдлыг байгаагаар нь хэлж байна гэдэг сайн хэрэг.

Дарга нарын өмнө манай зарим бизнес эрхлэгчид тэс өөр байр суурь илэрхийлж, хэлэх үгээ хүртэл залгиж орхидог. Тийм атлаа хөшигний ард төр засгаа муулах нь энүүхэнд. Тэгвэл өчигдрийн төрийн тэргүүний ивээл дор зохион байгуулсан арга хэмжээний хамгийн тэрслүү үгийг чуулганы индрээс сонсоход таатай байлаа. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрдэг. Цаашдаа ч энэ үүрэг тэдний нуруун дээр байсаар байх нь дамжиггүй. Гэхдээ хүнд цаг үед төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал байна. Нэг улс учраас нэгдмэл ойлголт, нэгдсэн хүсэл тэмүүл чухал гэдгийг төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт улам тодотголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж