Латвийн нийслэл Рига хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд өнгөрсөн амралтын өдрөөр зэвсэглэсэн цэргүүд гал нээж, иргэдийг айлгажээ. Умард Атлантын цэргийн эвсэл “NATO”-гийн “Namejs 2021” цэргийн сургуулилалтын хүрээнд Латвийн арми нийслэл хотноо танк хөлөглөн давхиж, цэргүүд дайтаж буй мэт хоосон сумаар гал нээсэн нь иргэдийг айлгаж, бухимдуулсан аж. Цэргийн сургуулилалт болж буй хэсэгт иргэдийг тусгаарлан хаалт, хашлага босгоогүйгээс гадна оршин суугчдад урьдчилж мэдэгдээгүй нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ.
Шүүмжлэл гарсны дараа Латвийн батлан хамгаалах яамнаас сургуулилалтын үеэр хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй бөгөөд байлдааны сум ашиглаагүй тул иргэд цэргийн үйл ажиллагааг ойлгож хүлээн авах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлжээ.
“NATO”-гийн “Namejs 2021” цэргийн сургуулилалт өнгөрсөн наймдугаар сарын 30-нд эхэлсэн бөгөөд Латвийн олон хотод аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх аж. Цэргийн сургуулилалтад эвслийн орнуудаас 9300 орчим цэрэг оролцож байна. Үүний зэрэгцээ сургуулилалтын үеэр гарсан ослын улмаас гурван цэрэг гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: RT
Холбоотой мэдээ