МСҮТ, коллеж, их дээд сургуулийн танхимын сургалт өчигдөр/2021.09.13/ эхэлж, жил гаруй нам гүм байсан их хотод оюутан залуус хөл хөдөлгөөн нэмэв. Орон нутгийн оюутнуудын хувьд хаана амьдрах нь том асуудал дагуулдаг. Намар түрээсийн байрны үнэ тэнгэрт хаддаг. Тиймээс дотуур байранд орох нь оюутнуудын хүслэн болно.
“Оюутны өргөө”-г тойроод АШУҮИС, МУБИС, Хүмүүнлэгийн их сургуулийн дотуур байрууд байрладаг. Дотуур байрнуудын үүдэнд бүртгүүлэхээр оюутнууд уртаас урт дугаар үүсгэжээ. Архаг оюутнууд аль хэдийнэ ирээд өрөө тасалгаагаа цэвэрлэж, тохижсон харагдана. Харин бүртгүүлэхээр зогсч буй оюутнуудыг ажвал ихэнхи нь "шинэков"-ууд. Нэгдүгээр курсын тэдэнд дээд курсын нутгийн ах эгч нар нь заавар зөвөлгөө өгч, хамт нэг өрөөнд орохыг санал болгоно. Байрны сүүдэрт хүүхдийнхээ ачаа тээшийг хараад сууж буй эцэг, эхчүүд хоорондоо элдвийг хүүрнэх. “Хоёр хүний өрөөнд орчоосой”, “Ямар хүүхдүүдтэй хамт ордог бол доо”, "Засвартай өрөөнд нь амьдраасай" гэхчлэн тэд хүүхдийнхээ төлөө сэтгэл зовнино.
“Байраа, багш нарыгаа саналаа” гээд орж ирж байна
Дотуур байрны комендант, менежерууд завгүй гүйлдэнэ. "Оюутны өргөө цогцолбор"-ын менежер Н.Одгэрэлийн хэлснээр тус байрны бүртгэлийн ажил 50 хувьтай. Шинэ хичээлийн жилд нийт 964 оюутан хүлээн авах гэнэ. Үнийн хувьд гадаад оюутан жилийн нэг сая, 302 мянган төгрөг. Хоёр хүний өрөө 1,050,000 төгрөг, дөрвөн хүнтэй өрөө 850 мянган төгрөг аж. Энэ ханшаараа таван жил явж байгаа гэв.
Оюутны дотуур байранд бүртгүүлэхдээ сургуулийн тодорхойлт, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ, Covid-19-ийн холбогдох бичиг, иргэний үнэмлэхний хуулбар, төлбөр төлсөн баримтаа авчрахыг дотуур байрнаас шаардаж буй аж.
Оюутны өргөө цогцолборын менежер Н.Одгэрэл:
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд манай байрны хамгийн сүүлийн хүүхэд гэртээ харьж байлаа. Түүнээс хойш өдийг хүртэлх хугацаанд бид сантехникийн асуудлаа бүрэн шийдсэн. Одоо оюутнуудаа хүлээн авахад 100 хувь бэлэн болсон. Мэдээж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж байгаа. Манай байранд орж буй оюутнууд бүгд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдана. Бид өөрсдөө ямар ч үнэ төлбөргүй энэ ажлыг зохион байгуулж байна. Энэ олон хүүхдүүд дундаас халдвар илэрч байна. Тэд 14 хоног эмчилгээ хийлгэж байх хоорондоо байргүй болчихвий гэдэг. Бид гэрээ хийгээд өрөөг нь биччихсэн учир санаа зовох зүйлгүй. Мөн манайд тусгаарлалтын болон сэжигтэй тохиолдлын өрөө бий. Дотроо бие засах газар, ортой. Нэг байранд найман хүүхдийн тусгаарлалтын өрөө гээд нийт хоёр байранд 16 өрөө бэлдлээ. 7-10 хоног тусгаарлагдан эмчилгээ хийлгэх зориулалттай. Халдвар авсан хүүхдүүд буцахгүй нь тодорхой. Эмнэлгийн орны хүрэлцээ муу үед тэдэнд эмчилгээ хийлгэх газар хэрэгтэй шүү дээ.
Бид улсаас татаас авдаггүй, өөрсдийгөө санхүүжүүлдэг онцлогтой. Тогтмол зардлаа өөрсдөө төлж, оюутнуудынхаа төлбөрөөр ажилчдынхаа цалинг олгодог.
-Цар тахалтай холбоотой бараг хоёр жил оюутан хүлээж авсангүй. Байр маань эл хул, уйтгартай ч юм шиг байсан. Энэ бүхэн есдүгээр сарын 1-ний өдөр өөрчлөгдсөн. Баярлаагүй хүн алга. Арван жилийнхэн ч, оюутнууд ч, байрандаа орж ирж буй хүүхдүүд ч баяртай байна. “Байраа, багш нарыгаа саналаа” гээд орж ирж байна. Үнэхээр сайхан байна. Танхимаар хичээллэхээр нүүр тулсан яриа, халуун дулаан уур амьсгал бий болно.
Дөрвөн хүнтэй өрөөний нэг хүн халдвар авлаа гэхэд бүгдийг нь тусгаарлана
ХҮИС болон ШУТИС-ийн оюутны дотуур байрууд шуугианд дарагдаж, амь оржээ. Удаан уулзаагүй байрны найзууд дэлгүүр, зах орж, хүнс бараа, ойр зуурын ахуйн бүтээгдэхүүнээ цуглуулан ирэх. Энэ удаад ШУТИС-ийн нэгдүгээр дотуур байрны эрхлэгч Ю.Уранчимэгтэй ярилцлаа. Түүний хэлснээр дотуур байрных нь бүртгэл онлайнаар явагдаад дуусчихсан, өчигдрөөс эхлэн оюутнуудаа хүлээн авч байгаа аж.
Тэрбээр ярихдаа "Covid-19-ийн үед оюутны байранд мөрдөх шинэчлэгдсэн журам гарсан. Үүний дагуу оюутнуудаа хүлээн авна. 100 хувь дүүргэлттэй хүлээн авахгүй. Мөн оюутны байр бүр тусгаарлалтын өрөө гаргах ёстой. Тусгаарлах хэсэгтээ өрөө болон эмчийн хэсгийг бүрдүүлсэн. Дөрвөн хүнтэй өрөөний нэг хүн халдвар авлаа гэхэд бүгдийг нь тусгаарлана. Цагийн хуваарийн хувьд 21.00 цагт хаана. Орох, гарах гарц нь тусдаа байгаа. Нийтийн гал тогоотой ч оюутан бүр өөрсдийн эд хогшлоо ашиглана. Хөл толгой гэдэг нь амьсгалах урсгалыг чөлөөлж, нэг нь цонх руу нөгөө нь хаалга руу харж унтана гэсэн үг. Бид зурагт хуудас, ухуулга хуудас тарааж байгаа ч гэсэн оюутан хүний ухамсар хамгийн гол нь. Энэ хэвшлийг суулгах нь нэн тэргүүний ажил" гэв.
ШУТИС-ийн дотуур байрны үнэ байршил, багтаамжаасаа шалтгаалан 500-680 мянган төгрөгийн хооронд аж.
Дотуур байрандаа орсон, орох гэж буй оюутнуудын сэтгэгдлийг хүргэе.
-Өдөр бүр ариутгал хийж, агаар сэлгэж байна. Гарч, орсон ч дотроо амны хаалтаа тайлалгүй халдвар хамгааллын дэглэмээ баримталдаг. Хоосон үед нь л гал тогоо руугаа орж байна. Аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байх л хэрэгтэй.
-Сурахгүй хоёр жил байснаас энэ нь хамаагүй дээр. Дотуур байраа нээсэн нь миний хувьд давуу талтай гэж бодож байна.
-Энэ жил онлайнаар хүсэлт гаргасан ч системийн алдааны улмаас баталгаажаагүй гээд одоог хүртэл дотуур байрандаа орж чадахгүй л явна. Одоохондоо дотуур байрнаас covid-19-ийн халдвар илрээд байгаа учир оруулах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Удахгүй шийд гарах байх.
Оюутнуудын танхимын хичээл эхэлж, оюутны дотуур байр нээгдсэн ч цар тахлын аюул холдоогүй байна. Анги танхим, дотуур байр бол халдвар тархах хамгийн эрсдэлтэй орчин. Тиймээс хүн бүр гараа ариутгаж, амны хаалтаа тогтмол зүүгээрэй.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ