Монголын боксын холбоо ерөнхийлөгчөө сонгосон орой гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүнд жинд тоглож байсан тамирчид гэх этгээдүүдэд зодуулсан хэрэг гарсан. Зодоонд оролцсон гавьяат тамирчныг Монголын боксын холбооны удирдах зөвлөл шигшээ багаас хассан шийдвэрээ гаргаж, танилцуулсан. Э.Цэндбаатар энэхүү шийдвэрийг хүндэтгэж байгаа ч дэлхийн аваргад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл тус холбоог донсолгосон асуудалд хэн хариуцлага хүлээх нь спортын төдийгүй олны анхаарлыг татаж байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад:
-Тус хэрэг гарсан оройноос эхлээд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Э.Цэндбаатарыг боксын хүнд жингийн тамирчид болох Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нар зодсон гэх мэдээлэл гарсан. Одоогоор яг хэн буруутай гэдгийг тогтоох боломжгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон мэдээлэл гарч байна. Хэрэгт холбогдогчдыг саатуулсан, баривчилсан зүйл байхгүй. Одоогоор зөвхөн шалгалтын шатанд явж байна. Э.Цэндбаатарын гэмтлийн зэргийг тодорхойлох Шүүх эмнэлгийн дүгнэлт, хариу гарсан үед Эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдана гэлээ.
Сануулахад, Э.Цэндбаатар машинд суугаад энэ сарын 12-ны өдөр “зодуулсандаа гомдолгүй, бүх зүйл миний буруу” гэсэн мэдэгдэл хийсэн. Хүмүүст энэ нь хардлага төрүүлж байгаа ч гэм буруутайг шүүх хяналтын байгууллага тогтоох юм.
Холбоотой мэдээ