Арбидолыг эмчилгээнээс хасаагүй, томуугийн үед ууж болно

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

Арбидолыг эмчилгээнээс хасаагүй, томуугийн үед ууж болно

Арбидолыг эмчилгээнээс хасаагүй, томуугийн үед ууж болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд өчигдөр /2021.9.13/ “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болсон.

Энэ үеэр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням арбидол эмийг Covid-19 эсрэг эмчилгээний удирдамжаас хассан талаар мэдээлэл хийж олон нийтийг төөрөгдөлд оруулаад байна. Тэрбээр “Арбидол эмийг эмчилгээний стандартаас дэлхий дахинаа хассан байна. Гэтэл яамны, шийдвэр гаргадаг хүмүүс нь энэ талаар мэдээгүйгээр барахгүй Арбидол эмийн нөөц бүрдүүлэх чиглэлийг өгсөн. Улмаар эм ханган нийлүүлэгчид 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөцийг бүрдүүлсэн. Төрийн уялдаа холбоогүй шийдвэрээс болж хувийн аж ахуй нэгжүүд 10 орчим тэрбум төгрөгөөр хохирч байна. Гэтэл эмчилгээний стандартаас хасагдсан учраас энэ эм ямар ч хэрэггүй, хог болсон гэсэн үг” гэж мэдээлсэн.

2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6-НААС АРБИДОЛЫГ COVID-19-ИЙГ АНАГААХ ӨВӨРМӨЦ ЭМИЙН ЖАГСААЛТААС ХАССАН

Дээрх үгийн хариуд Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Арбидол эмийг өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассанаас эмчилгээнээс хасаагүй” гэх тайлбарыг өгсөн юм. Арбидолыг өвөрмөц эмийн жагсаалтаас яагаад хасах болсон, уг эм Covid-19-ийн эмчилгээнд үр дүнтэй байж чадсан эсэх талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодруулахад:

-Эрүүл мэндийн яамнаас тушаал гаргаж, эрдэмтдийн багтай зөвлөлдөн бусад улс орны жишгийг харж энэ шийдвэрийг гаргасан. Дэлхий дахинд SARS-CoV-2 буюу Covid-19-ийг анагаах өвөрмөц эмийг гаргаж авч чадаагүй байна. Эрүүл мэндийн яамнаас хэдхэн хоногийн өмнө есдүгээр сарын 6-нд өвөрмөц эмийн удирдамжийг шинэчлэн баталсан. Эмнэлзүйн удирдамжийг ЭМЯ-ны тэргүүлэх зэргийн доктор, эмч нар боловсруулдаг.

Өмнө нь, ОХУ-ын өвөрмөц эмийн удирдамжийн дагуу Монголд covid-19-ийн эсрэг эмийн жагсаалтад оруулсан байсан. Харин одоо Орос өвөрмөц эмийн жагсаалтаас хассан учир бид энэ удаагийн шинэчлэн баталсан удирдамжаасаа хассан. Яагаад гэвэл, Монгол Улс ОХУ, АНУ, БНХАУ болон ДЭМБ, Европын холбооны удирдамжийг бүгдийг үзэж танилцаж байгаад өөрийн орны нөхцөлд тохирсон удирдамжийг гаргасаар ирсэн.

Хамгийн сүүлд эрүүл мэндийн сайдын А549 тушаалаар арбидолыг өвөрмөц үйлдэлтэй ангиллаас хасч ерөнхий буюу томуугийн эмчилгээнд эмчийн заалтаар хэрэглэж болно гэж өөрчилсөн. Эмч арбидолыг хэрэглэх шаардлагатай гэж зөвлөсөн тохиолдолд эмийн багцад хуучны адил оруулна.

Арбидолыг анхнаасаа томуу, томуу төст өвчний үед хэрэглэж байсан. Тиймээс ерөнхий хэрэглэх эмийн жагсаалтад хэвээр байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хэрэглэж болно гэдэг ангилалд оруулсан. Хэрэглээнээс хассан гэж ойлгож болохгүй. Зөвхөн Covid-19-ийн эсрэг өвөрмөц үйлдэлтэй гэж тооцохоо больсон. Өвөрмөц эм гэдэг нь зөвхөн тухайн Covid-19-ийн эсрэг үйлчилгээтэй гэсэн үг.

2020 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРААС АРБИДОЛЫГ COVID-19-ИЙГ АНАГААХ ӨВӨРМӨЦ ЭМЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТАД ОРУУЛЖЭЭ

 Covid-19-ийн эсрэг эмчилгээнд арбидол эмийг Монгол Улс хэрэглэж ирсэн. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Эрүүл мэндийн сайдын баталсан А1562 тушаалын тавдугаар бүлгийн эмчилгээний 5.2 буюу өвөрмөц эмчилгээний 5.2.1-д заасны дагуу вирусийн эсрэг эмчилгээнд арбидолийг хэрэглэнэ гэж заажээ.

Тухайлбал, ОХУ-ын 2020 оны аравдугаар сарын 26-ны өдрийн өвөрмөц эмчилгээний  удирдамжийн дагуу Монголын ЭМЯ өвөрмөц эмчилгээний жагсаалтыг гаргасан байна.

Ингэснээр арбидолыг Covid-19-ийн батлагдсан тохиолдлын эмнэлзүйн шатанд болон гэрийн тусгаарлалт, эмчилгээнд хэрэглэхээр болсон. Түүнээс хойш хөнгөн өвчилсөн, шинж тэмдэг илэрсэн хүмүүст энэхүү вирусийн эсрэг эмийг зөвлөж, эмчилгээнд ашиглах эхэлсэн.

Харин энэ оны тавдугаар сарын 4-нд ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар “Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс дунд эрсдэлт бүлгийн хүн байх юм бол дархлаа сайжруулах бэлдмэл, вирусийн эсрэг эмийг өрхийн эмнэлгээр нь дамжуулан олгож байна. Хэнд өгөхийг өрхийн эмч үзлэг хийгээд шийдэж байна. Учир нь, ДЭМБ-аас өгсөн зөвлөмжид хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол вирусийн эсрэг эмчилгээ шаардлагагүй гэж үзжээ. Тиймээс дээрх эмийг шаардлагатай, хэрэгцээтэй хүмүүст нь хүргэх ажлыг өрхийн эмнэлэг хариуцаж буй аж. Түүнээс биш тухайн багцыг хүн бүрд олгохгүй учраас арбидолыг багцад заавал дагуулахгүй” гэсэн юм.

Анх вирусийн эмчилгээний багцад улсаас тодорхой төсөв гаргаж, батлагдсан тохиолдлуудад өгч байлаа. Эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ өсч, хомстол үүсч татан авалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг салбар яамнаас мэдээлж байв.

 Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан “Covid-19 халдварын эсрэг хэрэглэж буй арбидолыг Москвагаас Турк, Туркээс Солонгос, Солонгосоос Улаанбаатар гэсэн маршрутаар оруулж ирж байгаа учир тээврийн зардал нэмэгдэж, хомсдолд орсон” гэж зургадугаар сард хэлж байсан юм.

Арбидол Covid-19-ийн эсрэг 100 хувь үйлчлэхгүй ч вирусийн эсрэг анагаах чадвартай гэдгийг дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрсөн учраас Монголд эмчилгээний удирдамжид оруулжээ.

Халдвартай иргэдэд даатгалаас олгох 70 мянган төгрөгийн эмийн багц олгох шийдвэр гарснаас хойш иргэд авч буй багцдаа заавал арбидол авахаар зүтгэх болсон. Энэ мөнгөнд өрхийн эрүүл мэндийн төвийн цалин хөлс, хувцас хэрэгсэлийн мөнгө бас шингэж байна. Тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд өөрөө эмчлэх эмээ бичиж өгнө. Иргэд бэлэн 70 мянган төгрөг гар дээрээ авахгүй гэдгийг иргэд одоо ч ойлгоогүй байна. Учир нь, УОК, ЭМЯ-ны тушаал шийдвэр,  мэдээлэл иргэдэд хангалттай хүрч чадахгүй байгаа юм.

Харъяа өрхийн эмнэлгээр тараагдах Covid-19-ийн эсрэг багцад шаардлагатай тохиолдолд арбидолыг цаашид ч багтаан олгох учир иргэдийг яаран дүгнэлт гаргаж, ЭМЯ эмчилгээнд ашиглах ёсгүй эм зөвлөж байсан гэдэг ташаа ойлголт цахим сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхгүй байхыг хүссэн юм. Харин ч Covid-19 сэжигтэй болон батлагдсан тохиолдолд эмчийн заалтаар хэрэглэхээр оруулсан. Өөрөөр хэлбэл, эмчилгээнд ашиглах хүрээг нь тэлж өгсөн гэдэг тайлбар мэдээллийг салбар яамнаас өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж