НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /НҮБХХ/-өөс “Бизнес ба хүний эрхийн үндэсний суурь судалгаа”-ны урьдчилсан дүнг хэлэлцлээ. Энэ үеэр барилга, уул уурхай, хөдөө орон нутагт туслах малчид болон албан байгууллагад хүйсээр ялгаварлан гадуурхах зэргээр хүний эрх зөрчигдсөөр байгааг онцоллоо.
Тодруулбал, “хөдөлмөрлөх эрх ба бизнес”-ийн талаарх судалгаагаар эмэгтэй ажилтны цалингийн зөрүү 8.2 хувь, удирдах түвшинд 12.9 хувиар бага байна. Мөн 2018 оны судалгааны дүнгээр эмэгтэйчүүдийн 82 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтанд өртжээ.
Тэгвэл цар тахлын үед бизнесийн болон хүний эрхтэй холбоотой ямар зөрчил гарсан талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. Хүний эрхийн үндэсний комиссын тухайд бизнесийн салбартай холбоотой судалгааны талаар дараах мэдээллийг өгсөн юм.
ХҮНИЙ ЭРХИЙН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧИЛ, ГОМДЛЫГ МЭДЭЭЛЭХ БОЛОМЖГҮЙ
ХЭҮК-ын Олон улсын гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.УНДРАХ:
-Бизнесийн салбарт хүний эрхийн зөрчлийн асуудал өргөн хүрээнд яригдана. Энэ асуудлыг тусад нь авч үзэж бүлэглэх зайлшгүй шаардлагатай болсон. Жишээ нь, бизнес эрхэлж буй болон хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн цаана олон эрх ашгийн асуудал хөндөгддөг. Энэ тухайд цар хүрээг нь тодорхойлж хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад хэрхэн нөлөөлөх вэ, урьдчилан сэргийлэх вэ гэдгийг тодорхойлсон НҮБХХ-ын Бизнес ба хүний эрхийн удирдлага зарчим” гэсэн баримт бичгийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Ингэснээр цаашид бизнес эрхлэгчид хүний эрхийг зөрчихгүй байх боломж бүрдэнэ. Мөн зөрчигдсөн эрхийг хаана, хэзээ, ямар байдлаар түргэн шуурхай байдлаар шийдвэрлэх механизмууд тодорхой болно. Шүүхийн байгууллагаас гадна аж ахуйн нэгж хэрхэн гомдлоо барагдуулдаг үр нөлөөтэй арга ажиллагаатай болох вэ гэдэг нь судалгааны дүн, баримт бичгээр тодорхой болно.
Ер нь бизнесийн салбарт хөдөлмөрлөх эрхийн зөрчил, ажлын байран дахь дарамт, тэгш бус цалин хөлс, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг хүний эрхийн зөрчил байнга гардаг. Ийм гомдол Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн өргөдөл мэдээлэлд байдаг. Гэхдээ кэйс хэлэх боломжгүй, тоон баримт хэлж мэдэхгүй гэлээ.
Харин цар тахлын үед хүний эрх хэрхэн зөрчигдсөн гомдол мэдээлэл, бодит жишээг хэлэхээс татгалзав. Тус комиссын төлөөөллийн хувьд хүний эрхтэй холбоотой гомдол мэдээлэл тоон баримтыг ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх тоон мэдээллээс харахыг санал болгов. Үүнээс ч өмнө тус комиссын холбогдох албаныхан илтгэл харах тухай санал болгож байсан нь ганцаар тогтохгүй. Учир нь хувь хүний нууцлалтай холбоотой асуудал гэх шалтгаанаар хүний эрх яаж, хэрхэн зөрчигдсөн, иргэдээс ямар гомдол мэдээлэл дийлэнхдээ ирдэг тухай мэдээлэл тодорхойгүй байна.
Товчхондоо ХЭҮК хүний эрхийг хамгаалж, асуудлыг шийдвэрлэх биш бэлгэ тэмдэгийн шинжтэй байгууллага болжээ. Харин Шүгэл үлээх цахим Монголын анхны платформ олон нийтийн МАBA НҮТББ -аас цар тахлын үед хүний эрх хамгийн ноцтой зөрчигдсөн болохыг хэлж байна. Тус үйл ажиллагаа явуулаад ердөө нэг сар болж буй ч 426 гомдол мэдээллийг хүлээн авч, холбогдох байгууллагад нь шаардлага хүргүүлжээ.
ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮНИЙ ЭРХ НОЦТОЙ ЗӨРЧИГДСӨН
Тус ТББ-ын тэргүүн Олон улсын хуульч Ж.Ойнмандах “Бид олон улсын шүгэл үлээх платформыг цахимд нэвтрүүлсэн болохоор хүмүүсээс маш олон гомдол мэдээлэл ирж байна. Шүгэл үлээх системийг ашиглаж сурсан “Оюутолгой”, “Тавантолгой” болон бусад гаднын жижиг уул уурхайн компаниудаас маш их гомдол ирдэг. Дийлэнх нь хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн мөлжлөг, хүний эрх, ялгаварлан гадуурхалттай холбоотой асуудал хөндөгдөж, хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Хүмүүс зээлд барьцаалагдаж “боолын” хөдөлмөр эрхэлж байна. Мөн хамаатан садан, танил талын холбоо илүү эрх дархтай байгаа тухай гомдол их ирдэг. Тухайлбал, хамаатнууд нь амарч байхад бусад нь илүү цагаар ажилладаг.
Уул уурхайн салбарт цар тахлын үед хүний эрх ноцтой зөрчигдсөн. Уурхайд өвдсөн байхад нь ажиллуулдаг, гэрээнд заасан цагаас хэтрүүлэн ажиллуулдаг. Гэтэл илүү цагийн мөнгө боддоггүй, далд уурхайд 12 цаг ажиллуулдаг, менежерүүд нь өөрсдийн төлөвлөгөөг биелүүлж байвал хүмүүс ямар нөхцөлд ажиллах нь хамаа алга.
Товчхондоо хууль зөрчиж байна гэсэн үг. Уг нь энэ асуудлаар ХЭҮК-т гомдол гаргасан ч тодорхой хариу ирээгүй байна. Аль эсвэл ажлаас нь халж байна. Энэ мэт олон асуудлыг л салбарын төлөөллүүдтэй ярилцахгүй бол "тэнгэрийн зүйл" яриад төсөл хэрэгжүүлсэн нэр төдий л зүйл болно” гэлээ.
Шүгэл үлээгчдийн холбоонд уул уурхайн салбарт ажилладаг ажилтнуудаас ирүүлсэн гомдол мэдээллүүдээс жишээ татвал,
- Нэр хаяг, ажлын газраа нууцалсан ажилтныг цар тахлын үед "архи авчрахгүй бол би чамайг ажлаас халуулна" гэж инженер нь дарамталжээ.
- Нэрээ нууцалсан ажилтныг өвдсөн байх үед нь ажилдаа гарахыг шаардаж, үгүй бол ажлаас нь халуулна гэж сүрдүүлжээ.
Угтаа бол цар тахлын үед хүний эрх хамгийн ноцтой зөрчигдөж буй асуудлыг хувийн хэвшлийнхэн төрийн байгууллагын өмнөөс гүйцэтгэж байгаа нь нууц биш.
Холбоотой мэдээ