Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар гавъяат тамирчин Э.Цэндбаатарын асуудал дээр тайлбар хийлээ. Түүний хувьд энэ сарын эхээр Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар:
-Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Боксын холбооны ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаад “Элит” төв дээр 130 хүн ердөө хоол идээд тарсан. Тэр өдрийн шөнийн 02:30 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн байна лээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиход цаг хэтрүүлж ажилласан, олон хүн архи дарс ууж, хоорондоо зодолдсон гээд цөөнгүй зөрчил илэрсэн. Боксын холбооны удирдах зөвлөл 19 гишүүнтэй. Би энэ байгууллагад ороод найм хонож байна. Удирдах зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатарт сануулах, анхааруулах арга хэмжээ авсан байна лээ. "Найрамдал" зусланд улсын шигшээгийнхний цугларалтын үеэр шөнө орхиж явсан. Өнгөрсөн жил сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэж гудамжинд нүцгэлсэн. Өмнө нь "Хандгайт"-ын цугларалтыг таслаж яваад зодуулсан гэх мэт. Бид хамтын шийдвэр гаргасан. Их спортын төрлүүд, шигшээ багууд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, гадаад руу тэмцээн уралдаанд явдаг учир сахилга баттай байх ёстой гэж би удирдах зөвлөлийн гишүүдтэй 100 хувь санал нийлсэн.
-Удирдах зөвлөлийн гишүүд зодоонд оролцсон гэж үнэн үү?
-Зодоон болох үед шигшээ багийн гишүүдээс Э.Цэндбаатараас өөр хүн байгаагүй. Дандаа зодог тайлчихсан хүмүүс байсан гэх мэдээллийг өгсөн. Хоёрдугаарт, би удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр зөв гэдэгт бат итгэлтэй байна. Спорт бол сахилга бат. Эндээс л эхэлнэ. Боксын холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг сэтгүүлч өөрийнхөөрөө тайлбарлаад, өөрийнхөө байр сууриа илэрхийлээд байвал холбоо байх шаардлагагүй. Боксчдод санаа тавиад байгаа бол удирдах зөвлөл дээр ирээд ерөнхийлөгч болмоор байна гэсэн хүсэлтээ тавь.
-Та яагаад боксын холбооны ерөнхийлөгч болсон юм бэ?
-Боксын холбооны идэвхтэн, зүтгэлтнүүд удирдлага, менежментэд нь туслаад өгөөч гэсэн санал надад тавьсан. Түүнээс би өөрөө гүйж очоод би энэ холбоог удирдъя гээгүй. Өчигдөр сорил тэмцээн болсон. Маш олон сайн тамирчин гарч ирсэн. 21, 22 настай олон залуучууд бий.
Холбоотой мэдээ