Э.Цэндбаатар, Э.Бадар-Ууган нарыг нээлттэй шалгая  

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар, Э.Бадар-Ууган нарыг нээлттэй шалгая  

Э.Цэндбаатар, Э.Бадар-Ууган нарыг нээлттэй шалгая  

Монголын боксын холбооны бага хурал болж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг ерөнхийлөгчөөрөө сонгогдсон орой гавъяат тамирчин Э.Цэндбаатар хүнд жингийн тамирчдад зодуулсан асуудал өндрөө авлаа. Зодоонд оролцсон гавъяат тамирчныг Монголын боксын холбооны удирдах зөвлөл  шигшээ багаас хассан шийдвэрээ өнгөрсөн Баасан гаригт  танилцуулсан юм.

Цахимаар яаралтай хуралдаж, гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хассан шийдвэр гаргаснаа тэд танилцуулсан юм. Удаа дараагийн ёс зүйгүй үйлдэл гаргасан, архидан согтуурсан, зодоон хийсэн гэх үндэслэлийг холбооны зүгээс үндэслэсэн гээд буй. Харин шигшээ багийнх нь тамирчин зодуулчихаад байхад олимпийн аварга Э.Бадар-Ууган холбооны дэд ерөнхийлөгчийн хувиар мэдээлэл хийсэн нь олонд таалагдсангүй.

Э.Цэндбаатарын зодуулсан бичлэг ил болмогц Э.Бадар-Ууган ч өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэв. Ингэхдээ бэлтгэлийн дундуур архидан согтуурдаг, багшаа зоддог, сэтгэцэд нөлөөлдөг бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гээд ноцтой фактууд мэдэгдэв. Харин Э.Цэнбаатарын зодуулсан асуудлыг хууль, цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог гэдгийг сануулсан юм.

Э.Цэндбаатарыг боксын хүнд жингийн тамирчид болох Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нар зодсон гэх мэдээлэл гараад буй. Харин энэ хугацаанд тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх, баривчлан саатуулсан эсэх мэдээлэл ч алга.

Эцэстээ Э.Цэндбаатар машинд суугаад “зодуулсандаа гомдолгүй, бүх зүйл миний буруу” гэсэн мэдэгдэл хийсэн бүр ч сэжиг төрүүлэв. Түүнийг хүчээр мэдэгдэл хийлгэсэн гэх хардлага үүссэн нөцөл байдлын дагуу урган гарч ирж байх шиг.

Угтаа бол Э.Цэндбаатарыг зодсон хүмүүс бас эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл энэ хугацаанд түүнд ямар гэмтэл учирсан эсэхийг тогтоосон эсэх талаар ч мэдээлэл байхгүй төдийгүй энэ хэрэгт мөрдлөг явуулж буй талаар ч мэдээлэл алга.

Хоёрын зэрэг хүнд жингийн тамирчин нэгнээ зодсон нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг. Түүнд хувийн өш хонзонгоор хандсан уу эсвэл хэн нэгний захиалгаар хийсэн үү гэдгийг цагдаагийн байгууллага тогтоох ёстой. Түүнээс Э.Цэндбаатар гомдолгүй гэхээр зогсоочихдог юм биш. Хуулиараа шалгаж, гэмт буруутныг тогтоож, хариуцлага тооцох л ёстой.

Урьдаас төлөвлөсөн эсэх, бүлэглэсэн эсэх, хувийн өш хонзонтой эсэх, давтан үйлдэл эсэх, захиалгатай эсэх гээд шалгаж тодруулах зүйл олон бий. Э.Цэндбаатарын гомдол гаргах эсэх огт хамаагүй.

Э.Цэндбаатар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж Э.Бадар-Ууган мэдэгдсэн. Гэтэл хуульд “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу хариуцлага хүлээх ёстой. Дээр нь Э.Бадар-Ууган болоод Монголын боксын холбоо тэрийг нь мэдсээр байж нуун далдалсан бол хариуцлага хүлээх учиртай.

Э.Бадар-Ууганы хэлээд байгаачлан багшийгаа зодоод, тэрхүү хэрэг нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байхад нь гуйж болиулан тэмцээнд явуулсан бол цагдаагийн ажилтан ч тэр, Монголын боксын холбоо, Э.Бадар-Ууган ч хариуцлага хүлээх хэрэг гарна.

Энэ бол нэг тамирчны асуудал биш. Хаа хаанаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар ярьж, мэдэгдээд байна.

Тиймээс Х.Нямбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн хувьд ч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд ч асуудлыг үнэн, мөнөөр нь шийдвэрлүүлж, аль аль талынх нь гэмт буруутай хийгээд гэм буруугүйг нотлох баримтуудыг цуглуулан шүүхээр шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

Х.Нямбаатарын тэргүүлж буй холбоонд ёс зүйгүй үйлдэл газар авсан төдийгүй түүнийг нь нуун дарагдуулж байсныг дэд ерөнхийлөгч нь хэлчихлээ. Тэр нь ёс зүйн хэм хэмжээнээс илүүтэй хууль бус үйлдлүүд байсан тухай ч мэдэгдчихлээ.

Тиймээс энэ хэргийн оролцогч талуудын аль альных нь байр суурийг тэнцвэртэй барих нь чухал.

Эцэстээ спортод ёс зүй, нийгэмд шударга ёс үйлчлэх үү, үгүй юу гэдгийн бодит кэйс нь эл явдал болчихлоо. Хууль хэн бүхэнд эрх тэгш үйлчлэх үү, үгүй юу гэдгийг энэ бүхний эцэст харуулах учраас зориуд анхаарах ёстой. Анхаарах ёстой гэдэг нь хөндлөнгөөс нөлөөлөх бус хэргийн мөрдөн байцаалт, авагдсан материал, нотолгоог хуулийн дагуу явж буй эсэхэд хөндлөнгөөс хянахыг хэлээд байгаа хэрэг.  Ингэхдээ мөрдөн байцаалтын нууц гэлгүйгээр нээлттэйгээр шалгуулъя.

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж