Автомашиндаа унтаж байсан жолоочийг ачилтын машин авч явсан бичлэг Бямба гаригт /2021.9.11/ цацагдсан. Бичлэгийг үзсэн олон хүн ачилтын компаниуд мөнгө олох гэж арга ядан улайрч буйг шүүмжилжээ.
Түгжрэлийг бууруулах үүднээс автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил үргэлжилж байна. Гэвч ачилтын компаниудтай холбоотой иргэдийн гомдол, шүүмжлэл, маргаан тасардаггүй хэвээр. Ялангуяа автомашиныг ачихаас өмнө жолоочид нь мэдэгдэхгүй, журамлах асуудал өдөр бүр гардаг. Тэгвэл автомашин дотроо амарч байхад нь эгнээ байраа буруу эзэлсэн гээд эзэнтэй эсэхийг нь ч харалгүй ачих нь энүүхэнд болжээ.
Хуулиас давсан дотоод дүрэм журамтай ачилтынхан жолоочтой нь ачих "тусгай үйлчилгээ"-тэй болсныг иргэд эсэргүүцэж буйгаа цахим хаягтаа илэрхийлсэн байна.
Ачилтын компанийнхан Хууль зүйн сайдын баталсан журамд автомашиныг ачихын өмнө иргэдэд мэдэгдэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Автомашиныг ачихаас өмнө гурван удаа чанга яригчаар мэдээлнэ. Харин зөөвөрлөсний дараа аль автомашин түр саатуулах журмын хашаанд орсон талаарх мэдээллийг автомашины шил дээрх иргэдийн гар утсанд мэдэгддэг гэдэг тайлбарыг өгдөг. Тэгвэл чанга яригчаар гурван удаа зарлахад автомашинд унтаж буй хүн сэрэхгүй байх уу? Үүнээс гадна автомашин ачих явцад үүсэх эвдрэл, гэмтлийн хариуцлагыг хүлээх хүн олддоггүй.
Холбоотой мэдээ