2021 оын 8 дугаар сарын 30-ны өдөр Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах богино хугацааны 15 шийдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулсан билээ.
Түгжрэлийн өртгийг мөнгөн дүнгээр тооцвол, өнгөрсөн 10 жилд 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Нэг үгээр хэлбэл, шатахууны болон цаг хугацааны зардлыг (ажлын бүтээмж буурах, эрүүл мэнд, стресс, дуу чимээ гэх мэт) ийн тооцсон байна. Нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд алдаж байгаа судалгаа гарч, иргэдийн 85 хувь түгжрэл дээд цэгтээ хүрсэн гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцсон иргэдийн 76 хувь түгжрэлийг шийдэх зоригтой алхам хийх цаг болсон гэсэн байна.
Ажлын хэсэг 2028 оноос Улаанбаатар хот 100 хувь зүүн жолооны хүрдтэй автомашинд шилжих, 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортын татварыг нэмэх, мөн ирэх жилээс шинэ автомашин худалдан авах зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх санал дэвшүүлжээ.
Ажлын хэсгээс богино хугацаанд түгжрэлийг бууруулах дараах тодорхой саналуудыг дэвшүүлсэн. Үүнд:
- Тээврийн хэрэгслийн “ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ” нэвтрүүлэх ажил (Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх)
- Ерөнхий болосвролын сургуулийг 5/9 шилжүүлэх
- Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05.30-00.00 цагт шилжүүлэх,
- Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах,
- Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх,
- Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
- Тээврийн хэрэгслийн ослыг хурдан шуурхай шийдвэрлэдэг болгох,
- Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах,
- E-Police аппликейшныг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах,
- Автомашингүй гудамж бий болгох,
- Зогсоолгүй бүс бий болгох,
- Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах,
- Явган зам, дугуйн зам, автозамын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх,
- Байгууллагуудын ажлын цагийг уян хатан болгох,
- Уулзваруудын дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх
Эдгээр 15 саналыг ирэх сараас хэрэгжүүлснээр автозамын түгжрэлийг 13-18 хувиар бууруулна гэж ажлын хэсэг үзжээ.
АмЧам Монгол нь 2017 оноос хойш жил бүр Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Монголын Автомашины дистрибьютеруудын ассоциаци (МАДА)-тай хамтран “Байгальд ээлтэй авто тээврийн хэрэглээг хөгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгүүд зохион байгуулж, нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлууд, тухайлбал замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, хуучин, шинэ автомашины татварын бодлого, баруун жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн асуудал, хуучин аккумляторын устгал, байгаль орчны хамгаалалт, шатахуун, түлшний чанар, стандарт г.м. зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндөн, бодлогын зөвлөмжүүдийг гарган, Ерөнхий Сайд, Зам Тээврийн Сайд, Нийслэлийн Засаг Дарга болон бусад холбогдох албаны хүмүүст хүргүүлж, хамтран ажиллаж ирсэн билээ.
АмЧам Монгол нь түгжрэлийг бууруулах эдгээр богино хугацааны арга хэмжээг бүрэн дэмжиж байгаа бөгөөд цаашдаа нийслэл хотдоо тэг зогсолт дахин хийхгүйн тулд Засгийн газар эдгээр арга хэмжээг зоригтойгоор яаралтай авч, хэрэгжүүлэхийг уриалж байна.
Холбоотой мэдээ