Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт /2021.09.13/ болж байна.
Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт
Posted by News.mn on Sunday, September 12, 2021
Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:
-Өнөөдрийн байдлаар 232 мянга гаруй иргэн халдвар авч, 963 хүн халдварын улмаас нас барсан. Аюулт цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ардаас харамсан гашуудаж байна. Тэдний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Цар тахлаас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн уналтыг зогсоох, сэргээх чиглэлээр төр засгаас тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр Монгол Улсад хийгдэж буй дархлаажуулалтын ажил харьцангуй хурдтай явагдаж байна. Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна. Нийт хүн амын 65 хувь нь буюу 2.1 сая хүн хоёр дахь тунд бүрэн хамрагдсан. Энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн улс орнуудын эхний аравт багтаж байна. Засгийн газар гурав дахь тунгийн вакцинжуулалтын ажлыг наймдугаар сарын 30-аас эхлүүлсэн. Бүх зүйл санасны дагуу сайн сайхан байсангүй. Бидэнд урьдчилан тооцоолох боломжгүй олон асуудал байсан. Тооцоолж чадаагүй олон саад бэрхшээл гарсан. Цаашид цар тахлын үед олж авсан ололт амжилт, алдаа дутагдлаас суралцаж сургамж авч үнэлэлт өгч бодлого стратеги илүү зохион байгуулалттай тодорхойлно.
Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт үр дүнтэй нэгдмэл хамтын ажиллагаа харилцан ойлголцол өмнөхөөс илүү чухал байна. Тиймээс та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн ёсоор хандаж хийрхэн улстөржиж хэрүүл тэмцэлээс ангид байж бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал дарамт шахалтыг халж сахилга бат, дэг журмыг чанд сахиж ажиллах шаардлагатай байна.
Цар тахлын улмаас өнгөрсөн онд эдийн засаг 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өсч, сэргэлт ажиглагдаж эхэллээ.
Энэхүү сэргэлтэд эдийн засгийн гадаад орчин багагүй нөлөө үзүүлсэн. Засгийн газар 2020-2021 онд 7.8 их наяд төгрөгийн өртөгтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд айл өрх, ААН-үүдийн цахилгаан, дулаан хогны төлбөрт 1.1 их наяд төгрөг зарцуулсан. Энэ нь цар тахлын хүнд үеийг даван туулахад ихээхэн дэмжлэг болсон хэмээн ард иргэд талархан ярьдаг. Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөнд өнөөдрийг хүртэл 3.6 их наяд төгрөгөөр эдийн засгаа дэмжиж 245 мянган ажлын байрыг хадгалсан нь богино хугацаанд чамлахааргүй үр дүн юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрт байгаа төсөв хөрөнгийн бүхий боломж нөхцөлөө дайчлан улсынхаа эдийн засаг түүний дотор айл өрх, аж ахуйн нэгжээ дэмжиж байна гэсэн үг. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон санхүүгийн байгууллагуудын дүгнэлтээс харвал Монгол Улс нэн ялангуяа бага, дунд орлоготой иргэдийн орлогыг хамгаалахад тодорхой үр дүнтэй ажиллаж байна хэмээн удаа дараа онцлон тэмдэглэсэн. Гэхдээ бодит амьдрал дээр бүх зүйл сайн сайхан болчихсон мэт огт бодож болохгүй. Бидэнд засч залруулж, хийж хэрэгжүүлэх олон асуудлууд хүлээж байна. Төр засаг багагүй төсөв зарцуулсны үр дүнд эерэг үзүүлэлтүүд гарч байгаа хэдий ч цар тахлын аюул хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Цаашид иргэдийнхээ бодит орлогыг өсгөх, хэрэглээг нь дэмжих, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, төрийн албаны хүнд суртал, авлигыг таслан зогсоох шаардлагатай байна. Тиймээс улс орны эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрхзүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нь чухал.
Иргэн баян бол улс баян гэдэг үг бий. Судалгаанаас харахад сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын ядуурлын түвшин харьцангуй хурдтай буурсан хэдий ч хүн амын 1/3 нь ядуу хэвээр байна. Тиймээс ядуурлыг бууруулахад онцгой анхаарч, ойрын 10 жилийн дотор нэн ядууралгүй орон болох зорилтыг тавьж хамтдаа ажиллацгаая. Энэ зорилтыг хангахын тулд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжиж хамтран ажиллана. Тэдэнд тусалж, аливаа эрсдэлээс хамгаална. Ажиллаж, амьдрах эрхзүйн таатай боломж нөхцөлийг олгоно. Энэ бол төр засгаас хийх ёстой ажил.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Цар тахал латин цагаан толгойн хаана нь хүрч дуусахыг бид мэдэхгүй. Эрүүл мэнд,эдийн засгаа хамтад нь анхаарч явах, бодит үнэнтэй нүүр тулах, цар тахлыг даван туулах цаг ирлээ. Дэлхий даяар тээвэр логистикийн үйл ажиллагаа удааширлаа. Учир нь, улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байна. Иймд улс орнуудын тээврийн шаардлага, дүрэм журам ихээхэн өөр өөр байна. БНХАУ ирэх онд өвлийн олимпийг зохион байгуулах тул хил гаалиа хатуу хяналт дор ажиллуулж байна. Цар тахал бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт юм гэдгийг бид бүгд харлаа. Бид цар тахлын эхний арван сарыг харьцангуй тайван, сөрөг нөлөөгүй өнгөрөөсөн. Дэлхийн эдийн засаг уналттай, түүхий эдийн үнэ өсөлттэй, улмаар инфляц өссөн байдалтай байна. Энэ нь манай улсад эерэг, сөрөг нөлөөтэй. Нүүрсний үнэ бидний тооцоолсноос ч өдөр байна. Гэвч инфляци мөн өслөө. Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 90-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь агшилт юм. Цар тахал дэлхийн бүх улсад хүндрэл учруулж байна. Өмнө нь бүсийн хэмжээний хямрал болдог байсан бол энэ удаад нэг ч улс цар тахлыг тойроогүй. Монгол Улсын эдийн засаг боломжит түвшнээс доогуур байна. Дөнгөж өндийж буй эдийн засагт шинэчлэлт хийхгүй бол дахин унах эрсдэлтэй. 5.3 хувийн агшилтаас аажим сэргэж байна. Бид хатуу хөл хорио тогтоосон бол эдийн засаг хасах хэвээр байх байв. Арван их наядын хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлнэ.
Засгийн газарт мөнгө байгаагүй. Энэ хөтөлбөрийг төрийн мөнгөөр хэрэгжүүлээгүй. Гагцхүү хадгаламжийн үлдэгдлийг зээл болгон гаргах сэдлийг л банкуудад өгсөн. Төрд арван их наяд төгрөг гаргах боломж байхгүй.
Өнөөдрийн уулзалтаар бүгдээрээ саналаа солилцъё. Дархлаажуулалт Монгол Улс нийт хүн амын 65 хувьд хүрлээ. Гурав дахь тунг хийж буй улс дэлхийд арав хүрэхгүй тоотой байна. Дэлхийн олон оронд эхний тунгаа ч аваагүй байхад гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж ДЭМБ үздэг. Бид эхний хоёр тунгаа амжилттай хийсэн тул гурав дахь тунг эхлүүлсэн. 124 мянган хүн гурав дахь тунгаа хийлгэжээ. Вакцинжуулалтын дүнгээр бид сүүлийн зургаан сард бүс нутагтаа тэргүүлсэн хэвээр байна. Инфляци 8.5 хувьд хүрэх тооцоог Төв банк хийсэн. Монголбанкны тооцооноос хэт даваагүй ч энэ бол сорилт мөн.
Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого
Холбоотой мэдээ