Улирал солигдож, томуугийн дэгдэлт цар тахалтай хавсрах болов. Өрхийн эмнэлэг, шинжилгээний цэг ачааллаа дийлэхгүй болсон тул түргэвчилсэн тест эрэлттэй байна. Эмийн сангуудаар орвол шүлсний болон хамар залгиурын гэсэн хоёр төрлийн түргэвчилсэн тест худалдаалж байгаа юм.
Дунджаар 16000-20000 мянган төгрөгийн үнэтэй байна.
Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр ханиадыг Covid-19-тэй андуурсан иргэд айж түгших болжээ. Гэхдээ эм зүйч нар түргэвчилсэн тест, эмчилгээний эмийг хэн дуртайд нь өгдөггүй аж. Ойрын хавьтал болон эмнэлзүйн шинж тэмдэгээс нь шалтгаалж байгааг эмзүйч нар хэлж байгаа юм. Орон сууцны дунд байрлах “Хүслэн” эмийн сангаар орвол хүн багатай ч сүүлийн үед түргэвчилсэн тестийн эрэлт ихэсч, гүйлгээтэй болсныг хэлж байв.
ХАНИАД ХҮРСЭН ҮЕД ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТИЙН ХАРИУ ЭЕРЭГ ГАРАХ МАГАДЛАЛТАЙ
“Хүслэн” эмийн сангийн эмзүйч Б.ШИНЭТУЯА:
-Хичээлийн шинэ жил эхэлж, хөл хөдөлгөөн нэмэгдсэнээс хойш хүмүүс Covid-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн тестийг их авч байна. Иргэдийн хувьд нус гоожих, халуурхад Covid-19 туслаа гэж айж сандарч, түргэвчилсэн тест, арбидол, тан асууж байна. Тиймээс амт үнэр мэдэрч байгаа эсэхийг нь лавласны дараа шаардлагатай тохиолдолд тест өгдөг. Гэхдээ түргэвчилсэн тест бол 100 хувь баталгаатай гэсэн үг биш шүү дээ. Богино хугацаанд л оношилдог учраас PCR шинжилгээгээр баталгаажуулахыг санал болгож байна.
Ханиад хүрсэн үед түргэвчилсэн тестийн хариу эерэг гарах тохиолдол гардаг. Гэтэл түргэвчилсэн тестийн хариу нь эерэг гарсан хүмүүс эмчийн жоргүй дур мэдэн эм авахаар ирдэг.
Ханиад, Covid-19 халдвар хоорондоо ялгаатай. Хэрэв тестийн хариу PCR шинжилгээний хариугаар баталгаажсан тохиолдолд арбидол ууна. Урьдчилсан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй гэлээ.
Монгол эм импэкс концерны салбар эмийн сангаар орвол БНСУ-д үйлдвэрлэсэн хамар залгиурын тест борлуулж байв. Уг тест нь түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариутай таардаг баталгаатай болохыг эмчзүйч нь хэлж байлаа.
ТЕСТИЙН ХАРИУ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР, PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУТАЙ ТААРДАГ
Монгол эм импэкс концерны эмзүйч Б.ЦЭРЭНТОГТОХ:
-Сүүлийн үед түргэвчилсэн тест эрэлттэй байна. Өдөрт хамгийн багадаа 10 ширхэг зарагддаг. Нэг хайрцаг нь гурав хоногтоо дуусдаг. Ханиадыг Covid-19 халдвартай андуурсан хүмүүс тест авдаг. Гэхдээ ихэнх нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон байдаг. Түргэвчилсэн тест асууж байгаа хүмүүсийг ямар шалтгаанаар худалдан авч байгааг лавласны дараа л өгөхөөс биш асуусан болгонд нь зарахгүй. Манайд худалдаалж буй түргэвчилсэн тест Эрүүл мэндийн яаманд бүртгэлтэй учраас баталгаатай. Тиймээс түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариутай таардаг. Гэсэн ч хүмүүс түргэвчилсэн тестээр шалгах гэж байгаа бол аль болох эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд тестээр буруу үзснээс болж хариу буруу гарах магадлал өндөр.
Хотын төвийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй газрын нэг Багшийн дээдийн автобусны буудлын орчимд байрлах эмийн сангуудаар орвол хөл хөдөлгөөн сийрэг. Уг нь ажил тарж, хүмүүс хөлхөлдөж байдаг үе ч эмийн сангууд сэлүүхэн байсныг эмзүйчид оргил ачааллын үеийг өглөө, өдрийн цагтай холбон тайлбарлаж байсан юм. Эмийн сангуудаар худалдаалж буй түргэвчилсэн тестүүд ихэнх нь урд хөршийнх аж. Зарим нь БНСУ-д үйлдвэрлэсэн бөгөөд хамар залгиурын түргэвчилсэн тест нь шүлснээсээ арай илүү үнэтэй дунджаар 20 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм.
Нэг эмийн санд өдөрт дунджаар 5-10 тест зарагдаж, гурав хоногт л нэг хайрцаг нь дуусдаг байна. Хэдийгээр эмийн сангуудад түргэвчилсэн тест эрэлттэй ч хомстсон зүйл алга, түргэвчилсэн тест байхгүй эмийн сан ч ховор байна. Харин эрүүл мэндийн хамгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг өрхийн эмнэлгүүдэд түргэвчилсэн оношлуур бүү хэл тест ч алга.
Тоотой хэдхэн ширхэг оношлуур нь хаана ч хүрэлцдэггүй, зарим тохиолдолд өөрсдийн мөнгөөр авдаг болохыг эмч нар нь хэлж байлаа. Сүхбаатар дүүргийн X хорооны өрхийн эмнэлгээр орлоо. Уг нь ажил тарж 17:00 цаг гэхэд хаалгаа барих ёстой ч үүдээр нь орвол бухимдсан иргэд цөөнгүй.
“Шинжилгээнийх нь хариу эерэг гарсан, эмийн багцаа авъя”, “Дуудлага өгөөд байхад танайх яагаад ирдэггүй юм бэ”, “Манай хүүхдүүд эерэг гарчихлаа, эмчилгээ бичүүлье” зэрэг бухимдсан хүн олон. Эмнэлгийн зүгээс өрхийн эмнэлгийн программд бүртгэлтэй батлагдсан эерэг тохиолдлуудыг тандалт судалгаагаар хянаж, эмнэлгийн тусламжийг эмнэлзүйн шинж тэмдэгээс нь шалтгаалан үзүүлнэ гэдгийг эмч нь хэлж байлаа. Мөн түргэвчилсэн оношлуур нь дууссан тул иргэдийг өөрсдөө эмийн сангаас худалдан авч, тестээр оношлуулахыг зөвлөж байна. Сүүлийн өдрүүдэд "Гэрэгэ" систем алдаа зааснаас болж иргэд, эмнэлгийн хооронд үл ойлголцол үүсч, сандарсан иргэд бухимдаж байгааг ч эмнэлгийн зүгээс тайлбарлаж байв. Учир нь, өрхийн эмнэлэг хэвлэмэл шинжилгээний бичгийн хариуг хүлээж авахгүй. Гэтэл хувийн эмнэлгүүд "Гэрэгэ" систем алдаа зааснаас цаасаар хэвлэж, эргээд өрхийн эмнэлэгт асуудал үүсэх болжээ.
ӨДӨР БҮР 20-30 ТОХИОЛДОЛ БАТЛАГДАЖ БАЙХАД ТАВ ХОНОГТ 25 ТЕСТ ХААНА Ч ХҮРЭЛЦЭХГҮЙ
X хорооны “Энэр-Аз” эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Н.ТУНГАЛАГБОЛОР:
-“Гэрэгэ” систем алдаа зааснаас болж эмнэлэг иргэдийн хооронд үл ойлголцол үүсээд байна. Тус системд шивэгдсэн батлагдсан тохиолдлын хариу манай программд бүртгэлтэй байх ёстой. Гэтэл уг систем ажиллахгүй болсноос үүдэн иргэд шинжилгээнийхээ хариуг цаасаар барьж эмийн багц авах, эмнэлэгт хэвтэх шаардлага тавьж байна. Бид манай эмнэлгийн программд бүртгэлтэй батлагдсан тохиолдлуудыг тандаж судалж, эмнэлзүйн шинж тэмдгээс нь хамаарч эмнэлгийн тусламж үзүүлдэг. Гэтэл иргэд утсаар ч ярилгүй цаасаа бариад ирж бидэнд уурлах боллоо. Хэвлэмэл шинжилгээний хариу баталгаагүй тул хүлээж авахгүй.
Мөн өнөөдрийг /2021.09.10/ хүртэл батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас зургаа дахь хоногт өрхийн эмнэлэгт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авдаг байсан. Гэтэл бидэнд таван хоногт ердөө 25 ширхэг тест өгч байна.
Өдөр бүр 20-30 хүний хариу эерэг гарч манай эмнэлгээр үйлчлүүлж байхад тэдний хавьтал болсон гэр бүлийн хүмүүст 25 ширхэг тест яаж хүрэлцэх вэ. Заримдаа бид өөрсдөө мөнгө гаргаж тест авч байна. Бид хамар залгиурын тестээр иргэдийг оношилж байгаа тул шинжилгээний хариу баталгаатай гардаг. Хамар залгиураас шинжилгээ авах нь илүү баталгаатай. Зарим хүмүүст шинж тэмдэг илэрч байгаа ч тестийн хариу нь сөрөг гарч буй тохиолдолд PCR шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
Түргэвчилсэн оношлуур, тест нь Covid-19 халдварын мэдрэг чанарыг шалгадаг. Харин PCR шинжилгээ лабораторын түвшинд тул илүү нарийвчлалтай, баталгаатай хариу гарна.
Сүүлийн үед түргэвчилсэн оношлуур, тестийн хариуг батлагдсан тохиолдолд тооцохгүй PCR шинжилгээний хариуг тооцно гэдэг. Гэтэл PCR шинжилгээг зөвхөн ХӨСҮТ-д л үнэгүй авч байна. Зарим дүүрэг өдөрт 40-50 хүн л шинжилгээ өгч байна. Хувийн эмнэлгүүдэд хамгийн багадаа 80 мянган төгрөгөөр оношилж байна. Харин иргэдийн төлбөрийн чадамж ямар билээ. Иргэд 80 мянган төгрөгөөр PCR шинжилгээ өгөх үү, аль эсвэл эмийн сангаас 20 мянган төгрөгөөр тест худалдан авах уу гэх сонголттой болчихоод байна. Нөгөөтэйгүүр, Covid-19 халдвараар хөнгөн өвдсөн иргэд эмнэлгийн ачааллыг маш их нэмж байна. Аль болох гэртээ дуудлага өгч үзүүлэх сонирхолтой. Ачааллаа зохицуулаад очиход үхлээ гэсэн хүн маань хөзөр тоглоод сууж байна. Тиймээс иргэд бас ухамсартай хариуцлагатай байх хэрэгтэй гэлээ.
Эрүүл мэндийн яам өнгөрсөн баасан гаригт Covid-19 халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийх үеэр “Орон нутагт хэрэглэж буй 11 оношлуурын нэг нь л Монгол Улсалд зөвшөөрөгдсөн болохыг мэдэгдсэн. Үүнээс эерэг, сөрөг гарсан тохиолдлуудыг шалгаж үзэхэд хуурамч эерэг 11 хувь, хуурамч сөрөг мөн их хувийг эзэлж байна. Иймд өдөрт 2000 тохиолдол батлагдлаа гэхэд 200 нь хуурамч байх магадлалтай” хэмээн мэдэгдсэн.
Covid-19-ийг илрүүлэх шаардлагагүй шинжилгээнд 500-700 сая төгрөг зарж байгаа.
Тиймээс шинжилгээний цэгийг хасч, шаардлагагүй тохиолдолд шинжилгээ авахаа больсон” хэмээн тайлбар өгсөн билээ. Гэтэл саяхныг хүртэл түргэвчилсэн оношлуур, тестийн хариунд итгэж байсан иргэд ч бас эргэлзэх боллоо.
Иргэн А.ХЭРЛЭН:
-Эмийн сангуудаар худалдаалж буй түргэвчилсэн тестүүд баталгаагүй юм билээ. Хүүхдүүдэд маань халдварын шинж тэмдэг илэрсэн даруйд тест авч өрхийн эмнэлэгт оношлуулсан ч сөрөг гарсан. Гэтэл шинж тэмдэг нь илэрсээр л байсан. Тиймээс өөрсдөө эмийн сангаас эм авч хэрэглэсэн. Мөн ХӨСҮТ-д өглөөний 06:00 цагаас эхлэн гурван цаг дугаарласны эцэст том хүү маань PCR шинжилгээ өгсөн ч хариу нь сөрөг гарсан, гэхдээ шинж тэмдэг илэрсэн хэвээрээ. Үүнээс хойш гурав хоногийн дараа дүү нь өвдсөн. Дараа нь хамгийн бага цэцэрлэгийн насны дүү нь өвдсөн. PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуур, тест аль алийг нь л өгсөн ч сөрөг гарч 10 хоног хугацаа алдсан. Гэтэл саяхан бага дүүгийнх нь түргэвчилсэн тестийн хариу эерэг гарч батлагдаж байна. Хүү маань хэлэхдээ PCR шинжилгээ авч буй эмч хамрын нармайнаас аваагүй, огт өвдөөгүй наагуур нь л авсан учраас худлаа гарсан байх магадлалтай гэж хэлсэн. Үнэний ортой болов уу гэж хардаж байна. Одоо дахиад л бид PCR шинжилгээ өгөхийн тулд ХӨСҮТ-д оочирлох уу, эсвэл хувийн эмнэлэгт хандах уу гэдэг асуудал үүсээд байна. Ер нь халдварын нууц үед тест, оношлуур аль аль нь л хариу худлаа гардаг юм байна. Энэ нь манай хоёр хүүхдэд батлагдлаа. Харин бага нь хугацаа нь таарсан учраас эерэг гарчихаж байгаа юм.
Цар тахлын үед мөнгөгүй бол үхэх л бололтой. Нэг хүүхдийн эм тарианы зардалд 200 гаруй мянган төгрөг зарцуулж байна.
Ер нь шинжилгээний хариу худлаа гарснаас болж ар араасаа маш олон асуудал дагууллаа гэлээ.
Иргэн Т.ГАЛДАНЧИМЭГ:
-Түргэвчилсэн шинжилгээ, тестийн хариуг баталгаатай гэж итгэдэг байсан. Гэтэл Эрүүл мэндийн яамны мэдээллээр түргэвчилсэн оношлуурын 11 хувь нь хуурамч гэсэн мэдээллийг сонсоод гайхаж эргэлзэж байна. Уг нь PCR шинжилгээнд мөнгө үрж байснаас оронд нь эмчилгээнд зориулж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан нь илүү дээр гэж боддог байсан. Гэтэл одоо эргэлзээтэй болчихоор PCR шинжилгээний цэг нь ч хүрэлцэхгүй, хувийн эмнэлэг өндөр төлбөртэй шүү дээ” гэлээ.
Холбоотой мэдээ