Тарваган тахлын голомт 137 суманд бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

Тарваган тахлын голомт 137 суманд бүртгэгджээ

Тарваган тахлын голомт 137 суманд бүртгэгджээ

Улирлын чанартай мал амьтны гоц халдварт өвчний тархалт ихэсч буй учраас эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Байгаль орчин, аялал жуулчлан яамнаас зөвлөж байна.  Тодруулбал, найм болон есдүгээр сард тарваган тахал, хүн амьтны гоц халдварт өвчний эрсдэлтэй улирал. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглоод буй.

Тарвага тээвэрлэх, худалдах, худалдан авахыг хориглосон учир энэ чиглэлээр нийслэлийн бүх шалган нэвтрүүлэх товчоонд мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт бүртгэгдсэн. Тэдгээрээс Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс зэрэг аймагт эрсдэл өндөр байгаа юм байна. Тиймээс нийслэлд тарвага тээвэрлэгдэн орж ирж өвчин тарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор журам хэрэгжиж байгаа учир энэ төрлийн түүхий эд, материалыг зөөвөрлөн, тээвэрлэхгүй байхыг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв энэ төрлийн зөрчил гаргавал иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох, мөн байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуультай.

Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн  биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог тул сэргээн нутагшуулах ажлыг зарим орон нутагт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байгаа аж.

Нэг тохиолдол илрэхэд эрүүл мэндийн салбараас гадна өөр олон салбар зэрэг хөдөлдөг. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нэг тохиолдлыг эмчлэхэд 60-100 сая төгрөг зарцуулдаг байна. Нэг тохиолдлоос халдвар цааш тархвал үүнээс их мөнгө зарцуулах эрсдэлтэй аж. Тарваган тахлын нэг тохиолдлыг ч дэгдэлт гэж авч үзээд тусгайлсан хариу арга хэмжээ авдаг байна. Иймд иргэд та бүхэн цар тахлын үед халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тарвага агнахыг хориглосон хугацаанд хууль журам зөрчихгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж