Covid-19 халдвар дотоодод батлагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд зөв менежмент, оновчтой бодлого олж чадаагүй Эрүүл мэндийн яам хэлсэн ярьснаасаа буцах тохиолдол бишгүй гарч байгаа.
Өнгөрсөн Пүрэв гаригт NEWS.MN сайт ЭМЯ-ны тохиолдлын тоог дарж мэдээлж буй талаар зөрүүтэй дата мэдээллийг уншигчдад хүргэсэн. Гэтэл тус яамнаас маргааш нь /2021.9.10/ тайлбар мэдээллийг хийхдээ хоногт батлагдах тохиолдлын тоонд зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан сорьцыг хамааруулж, олон улсын стандартыг дагахаар болсон гэсэн юм.
Таван сарын өмнө халдварын тархалт нэмэгдэж, мутацид орох эрсдэлтэй байгаа учир түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан иргэд баталгаажуулах шаардлагагүйгээр эмчилгээнд орох хэрэгтэй. Түргэвчилсэн тестийн хариуг батлагдсан тохиолдолд тооцохоор болсон гэж байлаа.
Харин өнөөдөр ЭМЯ өнгөрсөн хугацаанд ямар ч зохицуулалт, менежментгүй ажилласан гэдгээ баталж, ДЭМБ болон яамны дотоод мэдээллийн программд нэгтгэгдэж буй датагаа үгүйсгэж байна.
ДӨРӨВДҮГЭЭР САРААС ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУНД ТУЛГУУРЛАЖ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛСЭН
Эргэн санавал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр “Covid-19-ийн халдвар хүн амд өргөн хүрээнд тархсан учир бүх хүнийг PCR шинжилгээгээр шинжилж, хариуг баталгаажуулах боломжгүй. Тиймээс шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон иргэдийг түргэвчилсэн шинжилгээний хариунд тулгуурлаж, батлагдсан тохиолдолд тооцох стратегийг яам хэрэгжүүлж эхлэхээр боллоо” хэмээн мэдээлж байв.
Түүнээс хойш улсын хэмжээнд нэг хоногт 7000-11000 иргэн Covid-19-шинжилгээ хийлгэж 24 цагт батлагдах тохиолдол 750-3963 болж өссөн.
11:00 цагт тогтмол мэдээлдэг тоон мэдээллээр батлагдсан тохиолдлыг дарж, худал мэдээлдэг болохоо яамнаас ч хүлээн зөвшөөрсөн. Нийт улсын хэмжээнд хийгдсэн шинжилгээний мэдээлэл ЭМЯ-ны цахим системд нэгтгэгддэг бөгөөд тус нэгтгэлээр холион бантанг нь ийнхүү хутгадаг аж.
Ердөө хоёр өдрийн статистикаас харвал Монгол Улсын дотоодод мэдээлж буй тоо, ДЭМБ-ын албан ёсны сайт дээрх тооноос даруй 400-600-гаар зөрж байна.
Яамнаас энэ талаар тодруулахад өдөр бүр программтай холбоотой асуудал гардаг. Нэг өдөр ДЭМБ дээр мэдээлэхгүй байх, маргааш нь тоог нэгтгэж хүргэх гээд тохиолдлын тоон дээр асуудал гардаг. Яамнаас батлагдсан тоог нуух, дарах ямар ч шаардлагагүй гэсэн юм. Тэгвэл яах гэж орон нутаг болон нийслэлд 6000 давж буй мэдээллийг 4000 дотор тогтоон барьж мэдээлж байна вэ?
COVID-19-ИЙН ШИНЖИЛГЭЭНД ХОНОГТ 600 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАРЛАГДАЖ БАЙГАА НЬ ҮРГҮЙ ЗАРДАЛ
Нэг хоногт дунджаар 10 мянган хүн Covid-19-ийн шинжилгээ өгч байгаа мэдэгдэл E-Mongolia системээр дамжиж иргэдийн гар утсанд ирдэг. Тэгвэл тооцоо хийж үзье. Нийт 10 мянган хүнээс 15-20 хувь нь төлбөргүй шинжилгээнд хамрагдаж байгаа бол 60 орчим хувь буюу 5000-6000 иргэн түргэвчилсэн шинжилгээ хийлгэж байгаа.
Нэг түргэвчилсэн шинжилгээний өртгийг дунджаар 25 мянга гэж тооцвол 120-150 сая төгрөг. Үлдсэн 2000-3000 хүн PCR шинжилгээг 60-95 мянган төгрөгөөр хийлгэж байгаа гэж үзвэл ойролцоогоор 180-280 сая төгрөг болж байна.
Эдгээрээс гадна эмийн сангаас түргэвчилсэн тест авч буй хэчнээн мянган хүн байгааг тооцоолох боломжгүй. Ямартай ч нэг хоногт Covid-19-ийн улмаас эрүүл мэндийн салбарт 600 гаруй сая төгрөг эргэлтэд орж байгаа юм. Үүний талаас илүү хувь нь шинж тэмдэг илэрч, ойрын хавьтал болоод түргэвчилсэн шинжилгээ өгч эерэг гарсан учраас өөрийгөө тусгаарлаж байгаа. Тэдгээр хүмүүс халдвараар өвдсөн ч ЭМЯ-ны батлагдсан тохиолдол тооцогдохгүй буй аж. Одоо тэдгээр олон мянган хүн дахин PCR шинжилгээ төлбөртэй өгөх ёстой болж таарах нь.
Зохицуулалт, уялдаа холбоогүй ажиллаж байгаагаас нь болж олон хүн хохирч, өвдсөн хүмүүсийн биеийн байдал хүндэрч, өвчтөнүүдэд эм тариа, орны нөөц дутагдаж байхад салбар яам нь өөрсдийгөө хаацайлж байгаа улс манайхаас өөр байдаг эсэх нь сонирхол татна.
БЯМБА, НЯМ ГАРИГТ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТООГ ДЭМБ-РУУ ЯАГААД ЯВУУЛААГҮЙ ВЭ?
Программ нь гацсан уу, тохиолдлын тоон дунд программын ачаалал нь хэтэрсэн үү, дараа нь юу гэж мэдээлэхээ бодсон уу ямартай ч Бямба, Ням гаригийн хоногийн статистик ДЭМБ-ын цахим хуудаст орсонгүй. Өмнөх өдрүүдийнх нь дата зөрсөн асуудал үүссэн. Тухайлбал, 2021 оны есдүгээр сарын 8-ны өдөр улсын хэмжээнд нийт 3677 хүнээс халдвар илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн.
Тухайн өдөр ДЭМБ-ын Covid-19-ийн олон улсын статистик дээр Монгол Улсад 4163 тохиолдол бүртгэгдсэн гэжээ. Гэтэл бодит байдал дээр өчигдөр 6203 тохиолдол батлагдсан байна.
Өөрөөр хэлбэл, ЭМЯ батлагдсан халдварын тоог хоёр дахин бууруулж мэдээлсэн гэсэн үг. Мөн энэ сарын 9-ний өдөр 3680 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн ч Улаанбаатарт 3355, орон нутагт 2918 гээд нийтдээ улсын хэмжээнд 6273 тохиолдол бүртгэгджээ. Эрүүл мэндийн яамны бүртгэл мэдээллийн ажилчид статистик бүртгэлээ алдаж мэдээлэх ёсгүй.
Эндэх жирэмсэн эх, эрсдэлт бүлгийн хүн ам Covid-19-өөр өвдөж хүндрэх тохиолдол буурахгүй өсч байхад Эрүүл мэндийн яам тогтмол мэдээлдэг тоогоо дарж, толгойгоо илж суусаар байвал энэ улсад өвдөөгүй хүн үлдэхгүй нь.
Үр ашиггүй бодлого, зарлага гаргаж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд оновчтой гаргалгаа олоогүй хайсаар байгаа нь яг хэний буруу вэ? Иргэд эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж байгаа ч Эрүүл мэндийн яам эрсдэлийг үл тооцоолж өөрийгөө хамгаалж байна гэж олон иргэд хардаж байна. Тохиолдлын тоог барьж байгаа мэт харагдсан ч томорсон асуудалд гаргалгаа олоход хэцүү болсоор л байгааг ЭМЯ хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй.