Ухамсаргүй иргэд, урагшгүй төр covid-19-ийн өмнө сөхрөв

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС - COVID-19

Ухамсаргүй иргэд, урагшгүй төр covid-19-ийн өмнө сөхрөв

Ухамсаргүй иргэд, урагшгүй төр covid-19-ийн өмнө сөхрөв

Хоёр жилийн хугацаанд covid-19-өөр нас барсан хүний тоо тун удахгүй 1000-д хүрэх нь ээ. Хамгийн сүүлийн мэдээллээр нас барсан хүний тоо 963  /Covid-19-тэй холбоотой дэлхийн статистикт Монгол Улсад нас барсан хүний тоо 1021 гэж бүртгэсэн/ байгаа бол 51.147 хүүхэд өвчилжээ.

Үндсэндээ цар тахлаас үүдэж,  хатуу хөл хорио тогтоох, танхимын сургалтыг цахимд шилжүүлж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаад бид хоёр дахь жилтэйгээ золгож байна. Харин энэ хугацаанд бид халдварын тоог бууруулах, халдвар эрчимтэй тархсан үед менежменттэй ямар арга хэмжээ авах, шинжилгээг хэрхэн авах гээд олон зүйл дээр туршлага суух хугацаа болсон.

Гэвч өнөөдөр ч шинжилгээний хариу гардаг систем нь ажиллахгүй эсвэл төлбөрөө төлөөгүй гээд гацчихсан, эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй, гэртээ болон эрүүл мэндийн тусламж авч чадахгүй нас барах тохиолдлууд нэмэгдэх болов.

Ялангуяа хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нас баралт огцом нэмэгдэж, эмнэлгийн тусламж авч чадалгүй хүндрүүлсэн тохиолдлууд ч бүртгэгдээд байна.

СҮҮЛИЙН 10 ХОНОГТ 88 ХҮН НАС БАРЖ, 34.068 ХҮН ХАЛДВАР АВЧЭЭ

  • 2021.09.03-халдварын тоо 3638, 3 хүн нас барав.
  • 2021.09.04-халдварын тоо 3696, 6 хүн нас барав.
  • 2021.09.05-халдварын тоо 3628, 5 хүн нас барав.
  • 2021.09.06-халдварын тоо 3766, 6 хүн нас барав.
  • 2021.09.07-халдварын тоо 3963, 8 хүн нас барав.
  • 2021.09.08-халдварын тоо 3677, 6 хүн нас барав.
  • 2021.09.09- халдварын тоо 3680, 10 хүн нас барав.
  • 2021.09.10-халдварын тоо 2009, 15 хүн нас барав.
  • 2021.09.11-халдварын тоо 3240, 14 хүн нас барав.
  • 2021.09.12-Халдварын тоо 2771, 15 хүн нас барав.

Учир нь эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй, чоно зуднаар зоолно гэгчээр эмнэлгийн орны нь бизнес болох эсвэл танил талын бараа харахаас өөрөө эмнэлэгт хэвтэх боломжгүй. Өрхийн эмнэлэг болон анхан шатны эмнэлгүүд нь халдвартай хүндээ бүрэн дүүрэн үйлчилж чадахгүй, улсаас олгож байгаа хэдэн эмийг нь дөхүүлж өгөөд “эмээ уу, ор олдохгүй” гэх үгээр ам таглаж, зарим нь өөрөө хүрч ирээд эмээ худалдаж ав гэсэн тохиолдол ч дуулдах болов.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр халдвар нэмэгдсэн ч зуны дэлгэр цагт халдварын тоо буурч байсан. Гэвч наадмын дараа намар болж сургууль, цэцэрлэг танхим, цахимаар хослуулан эхлүүлсэн нь вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг эрсдэлд оруулж эхлэв. Өчигдөрийн байдлаар нийт 51.147 хүүхэд халдвар авснаас 3000 нь хэвтэн эмчлүүлж байгаа бол  3432 жирэмсэн эх халдвар авч, 1080 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдийн хувьд эцэг, эхээсээ халдвар авах нь их байгаа аж. Эцэг, эхчүүд нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахивал хүүхдийн өвчлөл буурна гэдгийг албаныхан хэлжээ.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн найр наадам үргэлжлэв. Найранд очоод төрсөн ах дүүс covid-19-ийн халдвар авч нас барсан тохиолдол ч бүртгэгдэв.

Дэлхий нийтээрээ өвдөг сөхөрч, олон сая хүний амийг авч одсон аймшигт цар тахал монголчуудын хэнэггүй зангаас болж хэдэн хүнийг амийг авч одох бол.  Халдварын тархалт, бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд дийлэнх нь хүн хоорондын зай бариагүй, найр наадам, гэр бүлийн хүрээнд өргөн тархаж байна гэх. Ах дүү, аав ээж, ачлалт буурлуудынх нь амь наснаас үнэтэй найр, наадам хийж байгааг  монголчуудын уужуу зан гэх үү, хэнэггүй зан гэх үү. Нэг хүний хариуцлагагүй, хайнга хандсанаас болж хэдэн хүний эрүүл мэнд амь нас шалтгаалж байгааг өнөөдөр төр нь ч бүрэн дүүрэн ойлгож, дорвитой, менежменттэй шийдэлгүй, иргэд нь ч ухамсарласангүй хоёр жилийг үдэв. Цаашид халдварын тоо, нас баралт нэмэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарын эрдэмтэд ч хэлэх болсон.

Цар тахал анх гарч эхэлснээс хойш Эрүүл мэндийн гурван сайд, халдвартай оройлон тэмцэж буй ХӨСҮТ-ийн хэд хэдэн даргын нүүр үзэж. Мөн хоёр ч Засгийн газрын нүүр үзсэн боловч өнөөдөр бидэнд халдварын тоо нэмэгдэхэд, нас баралтыг бууруулах нэг ч зөв хөтөлбөр, бодлого алга. Дээрээс нь иргэдэд нь ухамсар алга.

Бидний covid-19-тэй тэмцсэн ганц үр дүнтэй арга нь вакцинжуулалт байсан. Хамгийн сүүлийн мэдээллээр 2.246.353 хүн буюу нийт хүн амын 69 хувь нь нэгдүгээр тундаа хамрагдсан, 2.113.605 буюу 65 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан. Түүгээр зогсохгүй гуравдугаар тунгаа хийгээд эхэлсэн. Гэвч цар тахлын халдварын тоо, нас баралт буурахгүй нэмэгдсээр.

Цаашид бид хэр хугацааг хэдэн даргын нүүр үзэж, хэрхэн зөв менежментээр эрсдэл багатай энэ өвчнийг давах бол…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж