Дэлхийн хамгийн залуу тивд ардчилал сөхөрч байна

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн залуу тивд ардчилал сөхөрч байна

Дэлхийн хамгийн залуу тивд ардчилал сөхөрч байна

Ердөө нэг жилийн дотор баруун Африкт л гэхэд Малид хоёр удаа, Гвинейд нэг, нийт гурван хувьсгал, Нигерт нэг хувьсгалын оролдлого гарч, Чад улсад Ерөнхийлөгч алуулсны дараа цэргийнхэн төрийн эрхийг булаан авсан байна. Түүнээс гадна Мьянмарт армийнхан төрийн эргэлт хийж, Армени, Йордан улсуудад хувьсгал хийх оролдлого болсон ч бүтэлгүйтжээ. Ингээд нийтэд нь харвал, арай дуусаагүй байгаа ч 2021 онд аль хэдийн дөрвөн хувьсгал, гурван хувьсгалын оролдлого болсон байна.

Эдгээр хувьсгалууд олон улсыг, ялангуяа Африкийн улсуудад ардчилал тогтоох гэсэн төлөвлөгөө, хичээл зүтгэлийг талаар болгож, цаашлаад тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх аюул заналхийлж байгаа юм. Зарим судлаачдын тоолсноор Сахараас урагш орших Африкийн орнуудад 1956- 2001 оны хооронд нийг 80 хувьсгал, 108 хувьсгалын оролдлого болсон гэдэг. Харин 2001-2019 он хүртэл Африкийн ихэнх орнууд ардчилсан улс болж байв. Гэтэл өдгөө ойр ойрхон хувьсгал болдог хуучин үе эргэн сэргэхэд ойрхон ирсэн бололтой.

ОЛОН АРВАН ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН АВЛИГА, МУУ УДИРДЛАГА, ЯДУУРАЛ

Колончлолын дараах эхний хэдэн арван жилд хувьсгал бол Африкт энгийн үзэгдэл болж, хувьсгалын удирдагч нар үргэлж л авлига, муу удирдлага, ядуурлаар шалтаглан төрийн эрхийг булаан авдаг ч асуудлыг дорвитой шийдэж чаддаггүй байв.

Харин өнгөрсөн долоо хоногт болсон Гвинейн хувьсгалын удирдагч хурандаа Мамади Думбуяа яг л тэр үе шиг бугшсан авлигал, ядуурлын асуудлыг хөндөж 83 настай Ерөнхийлөгч Альфа Кондигоос суудлыг нь булаасан байна. Түүнчлэн хөрш Мали улсад хувьсгал хийсэн цэргүүд ч гэсэн төрийн хулгай, муу удирдлага хэрээс хэтэрсэн учраас төрд гарснаа мэдэгдсэн юм. Хэрвээ Зимбаб, Суданы генералууд 2017 онд Роберт Мугабе, 2019 онд Омар аль-Баширыг унагасан явдлыг санавал, тэдний шалтгаан ч гэсэн үүнтэй яг ижил байсан билээ.

Үнэхээр ч хөрсөн дээр Африкийн төдийгүй дэлхийн олон улсын ард иргэдийн амьдралд тус асуудлууд бодитоор оршин байсаар буй. Тэр ч байтугай зарим оронд эл бэрхшээлүүд жил ирэх тусам улам дордож байгааг ажиглагч нар баталдаг юм. Жишээлбэл, Африкийн 19 орны иргэдээс санал асуулга авч үзэхэд, 10 оролцогч тутмын зургаа нь эх оронд нь авлига улам ихэссэн талаар, гурван хүн тутмын хоёр нь төр засаг нь энэ асуудалтай огт тэмцэхгүй байгаа талаар байр сууриа илэрхийлжээ.

Мөн судалгаанд оролцогчдын 72 хувь нь ард иргэд авлигын талаар мэдээлэхдээ өөрсдийн бизнес, ирээдүйг эрсдэлд оруулахаас айдаг, мэдээлсэн ч төр засаг тоолгүй, эсрэгээр авлигачдыг өмгөөлж хамгаалдаг гэж боддог талаар мэдэгдсэн аж.

Харин ядуурлын тал дээр бол аль хэдийн хүнд байсан Африкийн орнуудын эдийн засаг цар тахалд хүчтэй цохигдож, бүүр ч сүйрэлд тулжээ. Жишээлбэл, Африкийн хамгийн том эдийн засаг Нигерт л гэхэд гурван хүн тутмын нэг нь ажилгүй болсон байна. Мөн Африкийн хамгийн аж үйлдвэржсэн Өмнөд Африкт ч байдал ижилхэн байгаа гэнэ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор өдгөө Сахараас урагш Африкийн орнуудын нийт хүн амын тэн хагас буюу 500 сая хүн нэн ядуу амьдралаар амьдарч байна.

Дэлхийн хамгийн залуу хүн амтай буюу нийт хүн амынх нь дундаж нас нь 20 гэдэг, шинэ төрөлтийн тоо ч асар хурдтай нэмэгдэж буй уг тивийн хувьд амьдрал, улс төр энэ мэтээр хүнд хэцүү байгаа нь цаашид олон улсад багагүй нөлөөлөх аюул юм.

Нийгмийн эдгээр хэцүү асуудлууд хувьсгалын тохироо бүрдүүлж, төр засагтаа итгэл алдсан залуучууд хувьсгалчдын талд ороход хамгийн ихээр нөлөөлж байна. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт Гвинейд хувьсгал болоход иргэд гудамжинд цэргүүдийг үнсч баярлацгааж байв. Гэвч 1970-аад оны ижил төстэй үйл явдлуудаас харж дүгнэвэл залуучуудийн энэ хөөр баяр тийм ч удаан үргэлжлэхгүй байж болзошгүй. АНУ-ын энх тайвны хүрээлэнгийн Африк тивийн дэд ерөнхийлөгч Жосеф Сани энэ талаар “Хувьсгалын дараахан хүмүүс нийтээрээ аз жаргал, баяр хөөртэй байна. Гэвч удалгүй тэд бодит байдлыг ухамсарлаж эхлэх болно. Цэрэг армийнхан тэдний хүсэн хүлээсэн хэмжээнд эрх чөлөө, анхдагч хэрэгцээг нь хангаж өгч чадах нь юул бол доо” хэмээн ярьжээ.

АРДЧИЛЛЫН ЭСРЭГ АЮУЛ

Эдгээр олон хувьсгалаас хамгийн тодорхой харагдаж буй зүйл бол сүүлийн хэдэн арван жилийн турш тогтсон Африк тивийн ардчиллуудын сүйрэл. Сүүлийн үед хийсэн нэгэн судалгааны үр дүнгээс харвал, африкчуудын олонх нь ардчилсан сонгуулиар яг л өөрсдийнх нь хүсдэг шиг агуу удирдагч тодордоггүй гэж итгэдэг болжээ.

Дээр дурдсан 19 оронд хийсэн судалгааны үр дүнгээс харвал, 10 хүн тутмын ердөө дөрөв нь д арддчилсан сонгууль үр дүнтэй бол, ард түмэнд хэрэгтэй удирдагч тодрон, муу удирдагч буудаг гэдэгт итгэсээр байгаагаа илэрхийлжээ. Энэ хариултыг 2008 оныхтой харьцуулбал, ардчилсан сонгуульд итгэдэг хүмүүсийн тоо 11 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, африкчууд сонгуулийг улс төрийн тоглоом гэж итгэж, ардчилсан сонгуулиар удирдагчаа сонгохыг хүсэхээ нэгэнт больсон бололтой.

Үүний гол буруутнуудын нэг нь өнгөрсөн долоо хоногт суудлаасаа буусан Конди юм. Тэрбээр төр жолоодох хугацаандаа үндсэн хуулийг олон удаа өөрчилж, өөрийгөө гурван ч удаа дараалуулан Ерөнхийлөгч болох нөхцлийг бүрдүүлэн суудлаасаа ховхролгүй байсаар байжээ. Угандагийн Ёвери Мусевени, Кот-Дивуарын Алласани Оуаттара гээд өөр олон ч удирдагч нар дээрх мэт аргаар эрх мэдлээ хадгалж үлдэх аргад суралцжээ.

Хармсалтай нь Африк тивд хувьсгал ингээд зогсохгүй бололтой. Ирэх хэдэн жилд дахиад ч олон хувьсгал Африкийн орнуудад болох нь цаг хугацааны асуудал болжээ. Хэдийгээр Өмнөд Африк, Гана, Бостванийн хүчирхэг төрийн зохион байгуулалттай орнуудад хувьсгал гарах эрсдэл харьцангуй бага ч арай буурай орнуудын нэн эмзэг төрийн зохион байгуулалтууд хувьсгалд хага цохигдоход тун ойрхон иржээ. Тухайлбал, Африкийн 20 орны Камерун, Төв Африк, Сомали, Өмнөд Суданаас эхлээд арай том Конго, Этиоп, хамхгийн олон хүн амтай Нигери тэргүүтэй 15 нь улс төрийн хувьд маш эмзэг байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар энэ олон хувьсгалууд Африк тивийн ардчиллыг үгүй хийж, эдийн засгийг улам доройтуулж, олон сая хүнийг ядуурал, өлсгөлөнгийн туйлд хүргэхийн сацуу олон улсын тэнцвэртэй байдалд аюул учруулах эрсдэлтэй юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж