Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны бүх гишүүдийн хурал саяхан болж, ээлжит чуулганы товоо тогтоосон. Ирэх арваннэгдүгээр сарын 30-ны өдөр болох энэхүү чуулганаар олимпийн хороог удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг сонгох тун чухал үйл явдалтай. Өнгөрсөн оны ээлжит бус чуулганаар Н.Түвшинбаяр ерөнхийлөгчөөр сонгогдсон ч аварга маань гэмт хэрэгт холбогдож, хожим нь хорооны тамга тэмдэг авч зугтаасан хэрэгт холбогдсон. Түүний эзгүйд дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчдаа удирдан Токио-2020 олимпод оролцлоо.
Орос рулет тоглосон олимпийн аварга
Сайн найзыгаа хэвтэрт ортол нь зодсон Н.Түвшинбаярын хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй, зогсонги төлөвтэй байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй учир Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулаагүй түдгэлзүүлсэн. Гэхдээ түүнд энэ салбарт эргэн ажиллах орон зай одоо үлдээгүй биз.
Н.Түвшинбаяр анхнаасаа Орос рулет тоглосон. Түүнээс өөр хүн МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөгүй нь ч учиртай. Нэгт, түүний ард тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байв. Хоёрт, МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа нь нэг жил. Н.Түвшинбаяраас өөр хэн ч нэг жилийн эрсдэлийг үүрэхийг хүсээгүй хэрэг. Токиогийн олимпод сайн оролцвол дахин ерөнхийлөгчөөр сонгогдоно. Харин муу оролцвол шууд суудлаасаа "хусагдана". Тэр ийм эрсдэлтэй сонголтыг хийсэн ч жилийн хугацаагаа бүрэн дүүрэн дуусгаж чадалгүй хэрэгт холбогдож, тамгаа тушаасан.
Токиогийн олимпийн нэг мөнгө, гурван хүрэл медалийг өөр дээрээ наах гэсэн хүмүүс их. Бэлэн баг ахлаж явсан гэах утгаараа Б.Баттүшиг гавьяатай юм шиг, МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэснэрээЧ.Наранбаатар баатар юм шиг, медаль авсан тамирчид нь бүгд Х.Баттулга холбоотой гэхээр экс ерөнхийлөгч маань нь ч энэ хороог толгойлох ёстой юм шиг том мөнгө тойрсон жижиг дайн хэдийнэ эхэлжээ.
Тэгвэл хэн МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгч болох вэ? Спортынхон болоод спорт сонирхчдын дунд энэ асуулт анхаарал татаж буй юм.
Нөлөөтэй аавын амбицтай хүү
МҮОХ-ны хорооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Баттүшиг энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгчдийн нэг. УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү тэрбээр олимпийн өмнөхөн “Одоогоор Токиогийн олимпоо л харъя. Дөрвөн жилийн хугацаанд олимпийн хороо маань хэрхэн ажилласан байна вэ гэдэг дүнгээ тавиулчихаад өөрийнхөө талаар бодох хэрэгтэй шүү дээ” гэж байв.
Б.Баттүшиг нь Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдсон хоёр дахь монгол хүн.
Монголын спортын салбар, улс төртэй нэг хөнжилд байсаар ирсэн. Нөлөөтэй улстөрчийн амбицтай хүү энэ удаад ерөнхийлөгчийн суудлыг харж байгаад алдахгүй нь лавтай. Тэрбээр өмнө нь МҮОХ-ны ерөнхийлөгч болох сонирхолтой байсан. Энэ удаад боломжийг алдахыг хүсэхгүй нь тодорхой. Түүнийг одоогийн МҮОХ-ны гишүүд дэмжиж буй гэх.
Улсын Ерөнхийлөгчөөс хорооны ерөнхийлөгч руу
МҮОХ-ны ерөнхийлөгч агсан Д.Загдсүрэнтэй хөшигний ард тохироо хийж, хайртай дүүдээ олимпийн хороог авч өгсөн гэдэг экс Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл гайхах зүйлгүй. 2017 онд тэрбээр МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан ч удалгүй нэрээ татаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн түүхтэй. Тэгвэл энэ удаад дуусгаагүй ажлаа гүйцэхээр ирж болзошгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны нэг гишүүнээр экс ерөнхийлөгч Х.Баттулгыг томилж, зөвлөхөөрөө дэргэдээ авсан.
Тэрбээр өөрөө зүтгэхгүй гэхнээ өөрийн хүнээ зүтгүүлж үндэсний олимпийн хороог авах сонирхол нэн их бий. Ямартай ч харж сууж байгаад Сү.Батболдын хүүд олимпийн хороог өгөхгүй нь лав. Учир нь Сү.Батболд, Х.Баттулга хоёр улс төрийн өстнүүд билээ.
Олимпийн хороог эсэргүүцэгч
Олимпийн хороог дүрмээ мөрддөггүй, олимпийн Хартиг ноцтойгоор зөрчдөг гэж хүчтэй эсэргүүцдэг хүмүүсийн нэг бол Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч, Монголын буудлага спортын холбооны дэд ерөнхийлөгч Э.Мөнх-Очир. 2017 онд МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд аман хүзүүдэж байсан түүний ард “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ий андууд нь бий. Гаднаас нь хашгираад сонсдоггүй юм бол дотроос нь тушаах хэрэгтэй гэж тэрбээр үзэж буй.
Дашрамд дурдахад, Э.Мөнх-Очир нь МАН-ын гишүүн ч Х.Баттулгыг ерөнхийлөгч байхад түүний зөвлөхөөр ажиллаж байв. Энэ утгаараа тэрбээр экс ерөнхийлөгчөө дэмжих эсвэл түүнээс дэмжлэг авах магадлалтай. Ямар ч байсан сүүлийн өдрүүдэд боксчдын дуулиан шуугианаас болж МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг олон нийтийн сүлжээгээр багагүй буруутгах байгаа.
Ганц дайчин ганцаардахгүй
Воллейболын холбооны генсекээр 22 жил ажиллаж, үүгээрээ ном гаргасан Ц.Бат-Энх энэ удаад гандан буурахгүй аль нэг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Өнгөрсөн онд тэрбээр дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч Ч.Наранбаатарт ялагдаж байв. Ирэх сонгуульд Ц.Бат-Энх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг үгүйсгэхгүй.
Ц.Бат-Энх өдгөө “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн газрын даргаар ажиллаж байгаа бөгөөд Олон улсын залуучуудын ногоон наадмыг Монголдоо зохион байгуулах ажилд хүчин зүтгэж байна.
Олимпийн хороог тэргүүлэх нууцхан мөрөөдөлтэй нэгэн
МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарын хувьд албан ёсоор олимпийн хороог толгойлох нууцхан мөрөөдөлтэй. Н.Түвшинбаяр аварга гэмт хэрэгт холбогдож, тээр том өндөрлөгөөс чөлөөт уналт хийх үед түүний үүргийг орлон гүйцэтгэж, хэвлэлээр хамгийн их гарсан хүн бол Ч.Наранбаатар дарга. Тэрбээр 2002 оноос хойш бараг 20 жил Монголын спортын салбарт удирдах албан тушаал хашсан. Өөрийг нь Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байхад Монгол Улс хос олимпийн аваргатай болсон гэж ярих дуртай нэгэн.
Холбоотой мэдээ