АТГ-д шалгагдаж буй албан тушаалтнуудын ХОМ

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

АТГ-д шалгагдаж буй албан тушаалтнуудын ХОМ

 Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өнгөрсөн долоо хоногт ойрмогхон хэд, хэдэн баривчилгаа явуулсныг тоймлон хүргэж байна.


АТГ-аас есдүгээр сарын 7-нд Татварын ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргалын гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Ингэхдээ түүнийг албадан саатуулаагүй бөгөөд гадуур шалгаж байгаа аж. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж татварын байцаагчдын хяналт шалгалтаар тогтоосон акт, нөхөн төлбөр,  хүү, алдангийг бууруулан танил талдаа давуу байдал олгосон гэх мэдээлэл байна. Д.Цогтжаргал нь өмнө нь тус газарт Татварын орлогын газрын даргаар ажиллаж байгаад албан тушаал дэвшсэн юм. 

Д.ЦОГТЖАРГАЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛГЫН МЭДҮҮЛЭГ /ХОМ/ 

Ш.АЛТАНЧИМЭГ  ЮУНЫ УЧИР АТГ-Д ШАЛГАГДАЖ БАЙНА ВЭ?

 

Мөн АТГ-аас есдүгээр сарын 9-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгээс  мэдүүлэг аваад, буцаажээ. Мөн албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байна.

Түүнийг  ямар хэрэгт холбогдуулан шалгаж буй талаарх албаныхан мэдээлэл өгөөгүй ч  гэр бүлийн орлого нь  огцом өсч, хэд хэдэн компанийн хувьцааг худалдан авсан нь  АТГ-аас шалгах шалтгаан болсон бололтой. Ш.Алтанчимэг өнгөрсөн жил “Дорж тойн бьютик” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, “Говийн төмөрзам” ХХК-ийн 33 хувь, “Ресурс альяанс” ХХК-ийн 20 хувийг худалдан авсан байна. 

Өнгөрсөн жил Covid-19 халдварын  улмаас улс орон хатуу хөл хорионы дэглэмд  шилжиж, байгууллагуудын орлого буурч байхад  Ш.Алтанчимэгийн гэр бүлийн орлого бараг хоёр дахин өсч, 59.4 саяд хүрсний зэрэгцээ банк сангийн байгууллага дахь хадгаламж нь мөн хоёр дахин өсч 31 саяд хүрсэн байна. Түүний хувьд  2019 онд Зээлийн батлан даалтын сангийн Дэд захирлаар томилогдож байв. Улмаар  2020 оны наймдугаар сард  Гүйцэтгэх захирлын албыг хаших болсон.

Дашрамд дурдахад, зээлийн батлан даалтын сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор байгуулагдсан 2012 онд байгуулагдсан бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийг батлан даах үйлчилгээ үзүүлдэг.

Ш.АЛТАНЧИМЭГИЙН ХОМ

ПРОКУРОР АСАН Ш.НЯМДОРЖ ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ 14 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖЭЭ

Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийг АТГ-аас өнгөрсөн наймдугаар сарын 2-нд саатуулж, 48 цагийн хугацаатай саатуулсан. Улмаар  түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьсон байдаг. Түүний гэрт нэгжлэг хийх явцад их хэмжээний гадаад валют, улстөрчидтэй холбоотой ноцтой зөрчил илэрсэн билээ. Тодруулбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байв.

Улмаар есдүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэргийг хэлэлцсэн байна. Ш.Нямдоржийн хувьд хэргээ хүлээсэн учир хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаад байжээ. 

Ингээд шүүхээс Ш.Нямдоржид  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг гэм буруутайд тооцож, хууль бусаар олсон их хэмжээний мөнгө буюу валют, төгрөг нийлсэн 200 сая төгрөгийг улсын орлого болгон хураажээ. Мөн түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр  жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж, ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэдэг юм байна.

Тэрбээр АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ:

  • Өөрийн орлогыг 41.6 сая, гэр бүлийн гишүүний орлогоо 36.9 сая.
  •  240 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц.
  • 30 сая төгрөгийн үнэ бүхий Тоёота Хариэр маркийн автомашин.
  • Гурван  сая төгрөгөөр үнэлэгдэх 0.7 га газартай.
  •  Дотоодын банк санхүүгийн байгууллагад 28.3 сая төгрөгийн хадгаламжтай, ямар нэгэн компани хуулийн этгээдэд ямар ч хувьцаагүй хэмээн мэдүүлгээ гаргаж байжээ.

Тэрбээр 2019 оны аравдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокуророор томилогдсон бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр АН-ын дарга С.Эрдэнэд хууль бусаар хилс хэрэг үүсгэсэн гэх асуудалд нэр холбогдон албан тушаалаасаа бууж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж