Элчин сайд Цай Вэньруй “Эрдэнэс Монгол” ХХК-д зочилжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.12-нд нийтлэгдсэн

Элчин сайд Цай Вэньруй “Эрдэнэс Монгол” ХХК-д зочилжээ

Элчин сайд Цай Вэньруй “Эрдэнэс Монгол” ХХК-д зочилжээ

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа энэ сарын 10-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг урьж хүлээн авч уулзсан байна. Уулзалтад “Эрдэнэс Монгол” компанийн Тэргүүн дэд захирал О.Хулан, Захиргаа хариуцсан дэд захирал Ц.Цолмон, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны атташе Ши Жэй нар оролцжээ.

Хятад-Монголын харилцаа, хамтын ажиллагаа, уул уурхайн салбарын хөгжил, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс хэрэгжүүлж буй ажлууд, зарим төслийн талаар танилцуулж санал солилцсон байна.

Элчин сайд Цай Вэньруй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уул уурхайн салбарын үүрэг оролцоо чухал болохыг онцлоод сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтөөс гадна эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд БНХАУ-ын төр, хувийн хэвшлийнхэн онцгой анхаарч байгааг хэлэв.

Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс “Шивээ-Овоо” эрчим хүчний экспортын 5280 МВТ-ын, “Шивээ-Овоо”-гийн уурхайг түшиглэн барих 200 МВТ-ын цахилгаан станцуудын төслийн явц, “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Багануур” компани, “Шивээ-Овоо” компаниудын эрчим хүчний нүүрсийг БНХАУ-д экспортлох чиглэлээр ажиллаж байгаа тухайгаа танилцуулж эдгээр төслүүдийг дэмжиж ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Мөн төрийн өмчит “Багануур” компани, “Шивээ-Овоо” компанийн уурхайн эрчим хүчний нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх геологи хайгуулын төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Элчин сайд Цай Вэньруй “Эрчим хүчний экспортын 5280 МВТ-ын цахилгаан станцын төсөл дээр БНХАУ-ын туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон компани хамтран ажиллаж байгаа нь цаашид Монгол улсын эрчим хүчний болон нүүрсний салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааны шинэ шинэ боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна. Иймд эрчим хүчний экспортын цогцолбор төслүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад “Гүүр” болж дэмжин ажиллах болно. Хоёр орны хэрэгжүүлэх томоохон төслүүдийн тухайд БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд багтсан байх нь чухал” хэмээн онцлон дурдлаа.

Мөн Covid-19 цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлыг дэлхий нийтээр богино хугацаанд даван туулах боломж хомс энэ үед БНХАУ-ын төрөөс техник технологийн дэвшлийг ашиглан хилийн боомтуудад чингэлэг тээвэр, жолоочгүй тээвэр, агаарын тээвэр, конвейрийн тээвэр зэрэг техник технологийн дэвшлийг ашигласан тээвэр ложистикийг хөгжүүлэх бодлогыг түлхүү баримталж байгааг хэллээ.
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжсэнээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн өртөг зардал буурч, байгаль орчин, экологид учрах сөрөг нөлөөлөл багасах зэрэг олон давуу талтайгаас гадна Монгол Улсын нүүрсний болон уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бодитой нэмэгдэнэ гэдэгтэй уулзалтад оролцогчид санал нэгдлээ.
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 47 км төмөр зам барих, агаарын, чингэлэгийн, конвейрийн, жолоочгүй тээврийн үйл ажиллагааг хөгжүүлэх талаар судалгаа төсөл хийх, хэрэгжилтийг зохицуулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүүлэх талаар холбогдох яам, Засгийн газарт танилцуулж ажлаа эрчимжүүлэхэд компанийн зүгээс анхаарч ажиллаж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа хэлэв. Цаашид хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр, тэр дундаа хил боомтын тээвэр ложистикийг шинэ шатан гаргахад бүх талаар хамтран ажиллаж туслахад бэлэн байгаагаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж