Канадын Торонто хотноо өнгөрсөн долоо хоногийн турш зохион байгуулагдсан “Рожерс Кап” тэмцээний аваргын тоглолт өчигдөр боллоо. Тэмцээний финалд дэлхийн №3 Рожер Федерэр, дэлхийн №4 Энди Муррэй нар шалгараад байсан юм. Швейцарь тэннисчин Австралийн нээлттэй тэмцээний финалд Муррэйг амархан хожиж 16 дахь их дуулгаа авч байснаас хойш олигтой амжилт үзүүлээгүй байсан бол Британийн топ тэннисчин Энди Муррэй ч энэ он гарсаар ямар нэгэн тэмцээнд түрүүлээгүй байсан юм. Ингээд тулаан эхлэхэд өнгөрсөн долоо хоногийн турш орсон бороо дахин орж тоглолтыг 15 минут орчим саатуулсан байна. Энэ бороо 23 настай Энди Муррэйд сайнаар нөлөөлж, өөрийн арга барилаа бүрэн олжээ. Эхний сетэд хоёр ч брейк хийсэн Шотланд залуу тоглолтыг хошуучилж эхэлсэн ч Федэрэр оноог нөхөн тоог 5:5 болгосон ч 11 дэх гэймд өрсөлдөгчийнхөө давуулалтыг авсан Муррэй эхний сетийн ялагч болжээ. Хоёр дахь сет эхэлж байхад дахин бороо орж 45 минут тоглолт завсарласан байна. Уг нь 2:1-ийн харьцаатай Федерэр тоглолтыг хошуучилж байсан ч борооны дараа тоглолт тэнцэж улмаар ээлж дараалсан брейкийн дараа дахин 7:5-ын харьцаатай Муррэй хожжээ. Ийнхүү хоёр цаг үргэлжилсэн тулаанд Их Британийн Энди Муррэй 7:5, 7:5-ын харьцаатай ялалт байгуулж “Рожерс Кап”-ын аваргаа хамгааллаа. Өмнө нь Андрэ Агасси л 1994, 1995 онд тус тэмцээнд дараалан аваргалж байжээ. Энди Муррэй Рожер Федерэрээс гадна Рафаэль Надаль, Давид Налбандиан нарыг хожсон билээ.
Score studio.