Чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам, Азийн аваргын алтан медальт МУГТ Э.Бэхбаяр дээд жингийнхээ бөхчүүдийг нэг сая төгрөгний бооцоотой халз барилдаанд дууджээ. Тэрбээр энэ талаараа өчигдөр/2021.09.10/ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд “Сая сорил тэмцээнд оролцсон 61 кг-ын эхний нэг, хоёр, гурван номеруудыг халз барилдаанд дуудаж байна. Намайг хожсонд нь нэг сая төгрөг өгнө” гэжээ.
Ослод болох ДАШТ-ийг зорих Монголын бүрэлдэхүүн тодорсон бөгөөд 57 кг-ын жинд Э.Бэхбаяр, 61 кг-ын жинд Т.Түвшинтулга нар оролцохоор болсон. Харин Т.Түвшинтулгын жинд Ц.Чинзориг, Н.Наранхүү нар удаалсан.
Э.Бэхбаярын мэдэгдлийн хариуд Т.Түвшинтулга өөрийн цахим хуудаснаа “Чи надад үнэндээ сонин биш байна. Би өөр том зорилготой хүн. Чи ингэж өвчигнөж байхаар одоо яаж юм авахаа бод. Ингэж сагсуурч байхаар наад мөнгөө зардал хайж яваа нэг ч гэсэн тамирчиндаа чимээгүйхэн тусалчих. Чиний амьдралд буян болно залуу минь. Нэг сая төгрөг чамаас бусдад нь их мөнгө шүү” хэмээн бичжээ.
ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:
Эрэгтэй
- 57 кг: Э.Бэхбаяр (Хүч)
- 61 кг: Т.Түвшинтулга (МУБИС)
- 65 кг: Т.Тулга (Хүч)
- 70 кг: Б.Батмагнай (Алдар)
- 74 кг: Э.Бямбадорж (Алдар)
- 79 кг: Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
- 86кг: Г.Ганхуяг (МУБИС)
- 92 кг: Д.Оргилох (Хасу-Мегастарс)
- 97 кг: Ө.Батзул (Аврагч)
- 125 кг: М.Лхагвагэрэл (Хилчин)
Эмэгтэй
- 50 кг: Д.Отгонжаргал (Женко)
- 55 кг: Э.Сумъяа (Хилчин)
- 57 кг: Э.Даваачимэг (Хилчин)
- 59 кг: Б.Шоовдор (Аврагч)
- 62 кг: Э.Гантуяа (Хилчин)
- 65 кг: Т.Энхжин (Алдар)
- 68 кг: Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
- 72 кг: Э.Даваанасан (Алдар)
- 76 кг: Н.Загардулам (Хилчин)
Холбоотой мэдээ