Монгол, БНСУ-ын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ | News.MN

Монгол, БНСУ-ын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ

Монгол, БНСУ-ын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийв. Цахим уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дипломат харилцаа тогтоосноос хойшхи өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй урагшлан хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, Хамтарсан тунхаглал гаргав.

Хамтарсан тунхаглалд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг 1. улс төр, аюулгүй байдал 2. худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, 3. боловсрол, шинжлэх ухаан-технологи, байгаль орчин, эрүүл мэнд, 4. соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, 5. бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн  5 тулгуур чиглэлд  өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирч, салбар тус бүрээр харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилтыг тодорхойлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хоёр талын харилцааг өнөөгийн өндөр түвшинд хүргэн хөгжүүлж ирснийг дурдаад гуравдагч хөрш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2018 онд БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй Сөүл хотноо уулзаж, хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар анх ярилцаж байсан нь ажил хэрэг болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхийлөгчид сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд Монгол Улсын шинэ төрийн тэргүүнтэй дээд түвшний уулзалт хийж буй анхны гадаад улсын Ерөнхийлөгч болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Шинэ Умардын бодлого”-ын чухал түнш улс болох Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллахаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлж, найрамдлыг бататгахад хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэхийн сацуу Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо, ГХЯ хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалт зэрэг яриа хэлэлцээний механизмуудыг цаашид улам бэхжүүлж, бодит эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.

Талууд тээвэр, логистик, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцав.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн  цаашид Хөшигийн хөндий орчмыг эдийн засгийн чөлөөт бүс болгож, дагуул хот байгуулах ажлыг эхлүүлээд байгааг танилцуулав. Энэ хүрээнд Инчоны чөлөөт бүсийн бүтээн байгуулалт зэрэг БНСУ-ын туршлагаас судлах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа монголын тал илэрхийлэхэд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.

Экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны саад тодгорыг бууруулах чиглэлд эрх зүйн орчныг улам бэхжүүлэх шаардлага байгааг талууд цохон тэмдэглэв. Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор худалдааны илүү тааламжтай нөхцөл бүрдүүлснийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд суурилан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжлүүлэхээр ярилцав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд эхлүүлсэн “Солонго 1, 2 хороолол”, Баянголын амд түрээсийн орон сууц барих төслүүд болон 10 аймгийн төвийн дулааны станц байгуулах төслийн хэрэгжилтэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахаар болов.

Талууд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов. Энэ хүрээнд цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургатай тэмцэхэд Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл чухал хувь нэмэр оруулж ирснийг үнэлж, III шатны төслийг хэрэгжүүлэхээр тохиров. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж, биеийн тамир, спорт, боловсрол, шинжлэх ухаан-технологи, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, БНСУ дахь Монгол судлал, Монгол Улс дахь Солонгос судлалыг хөгжүүлэхэд цаашид ч нягт хамтран ажиллахаар болов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалд ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тууштай урагшилж ирснийг үнэлж, цар тахлын хүнд үед БНСУ-ын Засгийн газраас манай улсад буцалтгүй тусламж үзүүлж, цар тахлын улмаас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авахад харилцан дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн хоёр улсын ард түмний найрамдлыг бэхжүүлж, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэхийн тулд иргэдийн солилцоог өргөжүүлэхээр тогтож, хоёр улсад оршин суугаа Монгол, Солонгосын иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, цар тахлын үед бүхий л боломжит дэмжлэгийг үзүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар ярилцав.

Талууд олон улс, бүс нутгийн тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцаж, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал болохыг онцлон тэмдэглэв. Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ дэмжиж байгаагаа дахин нотлов. Монголын тал БНСУ-ын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”-ыг дэмжиж, үргэлжлүүлэн хамтран ажиллахын төлөө байгаагаа мөн илэрхийлэв.

Монгол Улс, БНСУ-ын харилцаа нэг шат ахиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол”, 1991, 1999, 2006, 2011 оны дээд түвшний айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, БНСУ-ын Хамтарсан мэдэгдэл”, 1999 оны “XXI зууны харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа”, 2006 оны “Сайн хөршийн, найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”, 2011 оны “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан тууштай хөгжиж ирснийг өндрөөр үнэлэв.

Төрийн тэргүүн нар хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ялангуяа, “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлын үед ч хоёр улс дипломат харилцааны 30 жилийн ойг тохиолдуулан 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ээр зарлан тэмдэглэснийг өндрөөр үнэлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохиров.

Түүнчлэн, цаашид хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд  тулгуурлан улс төр, аюулгүй байдал; худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг; боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд; соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов.

Нэг. Улс төр, аюулгүй байдал:

Хоёр улсын төрийн тэргүүн нар аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлогын асуудлаарх яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулж, идэвхжүүлснээр улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа нотлов. Мөн хоёр улсын хооронд байгуулагдсан салбар тус бүрийн Засгийн газар хоорондын зөвлөлдөх механизмуудын үйл ажиллагааг улам эрчимжүүлэхээр болов.

  • Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд “Стратегийн яриа хэлэлцээ”-ний сувгийг бий болгож, хоёр талт хамтын ажиллагаа, гадаад бодлого, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, бусад улс орнуудтай олон талт яриа хэлэлцээний механизм бий болгох арга замыг эрэлхийлэхээр болов.
  • Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарт өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулах, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотлов.
  • Талууд хоёр улсын Парламент, Парламентын гишүүд, найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар болов.
  • Талууд хоёр улсын Засгийн газар хооронд өмнө байгуулагдсан салбар тус бүрийн зөвлөлдөх механизмуудыг төгөлдөржүүлж, “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалд цахим уулзалт зэрэг төрөл бүрийн арга хэлбэрээр эдгээр механизмыг идэвхжүүлэхээр тохиров.

Хоёр. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар:

Хоёр улсын төрийн тэргүүн нар БНСУ-ын тэргүүний технологи, Монголын байгалийн арвин нөөц зэрэг хоёр улсын давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тогтов. БНСУ нь “Шинэ Умардын бодлого”-ын чухал түнш улс болох Монгол Улстай олон төрлийн хамтын ажиллагааны төслийг үргэлжлүүлэн эрэлхийлж, Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх зэргээр цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийн сацуу “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллахаар тогтов.

  • Талууд хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны хуралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэдийн солилцоо, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагаа зэрэг өргөн цар хүрээтэй асуудлаарх яриа хэлэлцээг бэхжүүлж, шаардлагатай тохиолдолд тодорхой салбарын хоёр талын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар тогтов.
  • Талууд харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхээр ярилцав. Үүний тулд 2017 оны болон 2021 онд шинэчилсэн хамтарсан судалгааны үр дүнд суурилан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжлүүлж, хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхийн төлөө “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах явцыг эрчимжүүлэхээр болов. Түүнчлэн 2020 онд Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (APTA)”-т нэгдэн орсон нь хоёр улс худалдаанд харилцан хөнгөлөлт үзүүлэх анхны хэлэлцээрийн хувьд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт хоёр тал санал нэгдэв.
  • Талууд БНСУ-ын дэвшүүлсэн “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” санаачилга болон НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос хэрэгжүүлж буй “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ” санаачилгыг уялдуулан хөгжүүлж, “Шинэ Умардын бүс нутаг” дахь хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
  • Монголын тал БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж дэмжлэг тус улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлж, гүн талархал илэрхийлэв. Ялангуяа, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих”, “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгааг сайшаав. Цаашид Монгол Улсын Хөгжлийн банк, БНСУ-ын ЭКСИМ банк хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан (EDCF)-гийн шугамаарх хамтын ажиллагааг мөн дэмжиж ажиллахаар болов.
  • Талууд БНСУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эко хотхон байгуулах” төслийг энэ онд багтаан дуусгавар болгож, хоёр улсын хооронд байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болохуйц хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээр тохиров.
  • Талууд ногоон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, газрын тосны чанарыг сайжруулах, орон нутгийн дулааны хангамж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд тууштай хамтран ажиллахаар болов.
  • Талууд “Улаанбаатар ба дагуул хот” бодлогын хүрээнд БНСУ-ын ухаалаг хот, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан туршлага зэргийг судалж, монголын тал ухаалаг хот байгуулах төслийг хэрэгжүүлэх чиглэлд БНСУ-тай хамтран ажиллахаар тогтов. Үүнтэй холбогдуулан монголын тал дэд бүтцийн салбарт БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламж, хөрөнгө оруулалтыг түлхүү татах чиглэлд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
  • Талууд логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, тус салбарын боловсон хүчинг бэлтгэх сургалт, тогтолцоог сайжруулах болон логистикийн шинэ технологи нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг эрэлхийлэхээр болов.
  • Талууд ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүний мэдээлэл солилцох, мэргэжилтэн бэлтгэх зэрэг хөдөө аж ахуйн шинэ технологийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов. Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортлох хорио цээрийн стандартыг тохирох чиглэлд хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэн ажиллах саналтай байгааг монголын тал илэрхийлэв.
  • Талууд 2021 онд байгуулсан Монгол Улс, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг тууштай хэрэгжүүлж, экспортыг дэмжих, ЖДҮ болон гарааны бизнесийн чиглэлээр мэргэжилтэн солилцох, технологи нэвтрүүлэх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров.

Гурав. Эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан технологийн салбар:

Хоёр улсын төрийн тэргүүн нар “КОВИД-19” цар тахалтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бүх нийтийн өмнө тулгараад буй сорилтуудыг даван туулж, эрүүл мэнд, анагаах ухаан, ногоон хөгжил, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг ирээдүй рүү чиглэсэн салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов.

  • Талууд “КОВИД-19” цар тахлын хүнд нөхцөл байдалд тусгай үүргийн нислэг үйлдэн иргэдийн солилцоог хадгалж, “КОВИД-19” цар тахалтай тэмцэхэд зориулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэргээр нягт хамтран ажиллаж ирснийг үнэлэв.
  • Шинэ төрлийн вируст өвчин, гадаадаас зөөвөрлөгдөж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон улсын нийтийн эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэх зэрэг хоёр талын харилцан сонирхсон салбарт хамтран ажиллаж, халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд чиглэсэн нягт хамтын ажиллагааны тогтолцоог бий болгохоор тогтов.
  • Талууд 2011 онд “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулснаас хойш эмнэлгийн ажилтны сургалт, Үндэсний эмчилгээ оношилгооны төвийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг эрүүл мэндийн салбарт төрөл бүрийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирснийг үнэлж, цаашид хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг тууштай өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиров.
  • Талууд 2021 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “P4G” дээд түвшний уулзалт олон улсын хамтын нийгэмлэгийн ногоон сэргэлт болон нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлэх зорилтод хүрэхэд хувь нэмрээ оруулсныг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн талууд ногоон хөгжлийн бодлогын хүрээнд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.
  • Талууд бүс нутгийн хүрээнд агаарын бохирдолтой тэмцэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэж, Зүүн хойд Азийн цэвэр агаарын түншлэл (NEACAP)-ийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тохиров.
  • Талууд шар шороон шуурганы хохирлоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ойн нөхөн сэргээлт, Зүүн хойд Азийн улс орнууд хооронд олон улсын ойн хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдэв. Үүнтэй холбогдуулан Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийн 2 дугаар шатны ажил амжилттай хэрэгжсэнийг дүгнэж, 3 дугаар шатны төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов. Талууд хоёр улсын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгүүд хооронд шар шороон шуурга, цаг уурын ажиглалтын станцын технологи дамжуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болов.
  • Талууд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулах төслийг үнэлж, цаашид Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо (ICT)-нд суурилан агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулахуйц төслийн дараах ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
  • Талууд ирээдүй хойч үеийн тогтвортой хөгжлийн төлөө дээд боловсролын чадавхыг бэхжүүлж, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг боловсрол, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов.
  • Талууд цаашид шинжлэх ухаан, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, эдгээр салбарын судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиров.

 Дөрөв. Соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоо:

Хоёр улсын төрийн тэргүүн нар түүх соёлын хэлхээ холбоо нь хоёр улсын харилцааны хөгжилд чухал хөрс суурь болж ирснийг санал нэгтэй тэмдэглэж, хоёр улсын ард түмний хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхийн тулд хоёр талын соёл, иргэдийн солилцоог өргөжүүлэхээр тогтов.

  • Талууд Соёлын хамтарсан Хорооны үйл ажиллагаа болон соёл урлагийн байгууллага хоорондын найрсаг харилцааг өргөжүүлж, хоёр улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг тэлэхээр болов. Мөн хүүхэд залуучуудын солилцооны хөтөлбөр, биеийн тамир, спорт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжихээр болов.
  • Талууд “Аялал жуулчлалын нэгдсэн сургалтын төв” байгуулсан зэрэг өнөөг хүртэлх аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дүгнэж, хоёр улсын хооронд иргэд, жуулчдын солилцоог нэмэгдүүлэхийн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров.
  • Талууд БНСУ дахь Монгол судлал, Монгол Улс дахь Солонгос судлалыг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, мэргэжилтнүүд, судлаачдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар тогтов. Мөн Монгол Улс дахь солонгос хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Талууд хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчилж, цаашид харилцан визгүй зорчих асуудлыг урт хугацаанд судлах чиглэлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов.
  • Талууд хоёр улсын орон нутгийн солилцоо, шууд хамтын ажиллагаа болон Монгол, Солонгосын найрамдал, олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хоёр улсын хоорондын солилцооны талбарыг өргөжүүлэхээр тогтов.
  • Талууд хоёр улсын залуучууд хоорондын нягт хэлхээ холбоо нь цаашид хоёр улсын ирээдүйд чиглэсэн хөгжлийн чухал хөрс суурь болно гэдэгт санал нэгдэж, эрдэм шинжилгээ, боловсрол, соёлын салбарт шинэ үеийн холбоог бий болгон ажиллахаар тохиров.
  • Талууд терроризм, хил дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус наймаа, хүний наймаатай хамтран тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов. Үүний тулд хоёр тал прокурор, цагдаагийн байгууллага зэрэг хууль сахиулах байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар болов.
  • Талууд хоёр улсад оршин суугаа Монгол, Солонгосын иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтов.

Тав. Олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагаа:

Хоёр улсын төрийн тэргүүн нар бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтов.

  • Талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгаж, энх тайвныг мөнхөд цогцлоох асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэв. Талууд хоёр Солонгосын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны чухлыг онцолж, Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд хамтран хувь нэмэр оруулахын төлөө байгааг санал нэгтэй илэрхийлэв.
  • Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч тус санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.
  • БНСУ-ын дэвшүүлсэн “Шинэ Умардын бодлого”, “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”, “Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны платформ” санаачилгыг Монгол Улс дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч эдгээр санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.
  • Талууд дээрх санаачлагууд нь Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэхийн сацуу цаашид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хоёр улсын хүчин чармайлтын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв. Талууд “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”-ын бодит үр дүн гаргахын тулд хоёр улсын эрүүл мэнд, халдвараас сэргийлэх хэрэгслийн хамтын нөөцийг бүрдүүлэх ажлыг туршилтаар хэрэгжүүлснийг үнэлэв.
  • Талууд НҮБ болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, дэвшилтэд технологи зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтов.
  • Талууд бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграцид нэгдэх санаачилгыг харилцан дэмжиж ажиллахаа нотлов. Энэ хүрээнд солонгосын тал Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалт (EAS)-д оролцох болон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны механизм дахь оролцоог өргөжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг анхааралдаа авч, Монгол Улстай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын энэ удаагийн дээд түвшний уулзалт нь Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх, хоёр улсын харилцааны шинэ түүхэн үеийг нээж буй чухал ач холбогдолтой үйл явдал болов.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хөх монгол 2021-09-10 202.126.89.141

Монголтой л түншлэж болдгуй гдгийг сүүл-н 20 жил гадаадын бүх хөрөнгө оруулагчид сайн ойлгосон. Монгол хүн түншээ гол гаргана, хулхидана итгэж үл болно;)

Avatar

Зочин 2021-09-10 185.108.106.155

КОВИД19 ИЙГ ЧАГА МӨӨГ ХУНЧИР МЭТ ЯНЗ БҮРИЙН ЮМААР ЭМЧИЛЖ БН ГЭЖ ШАЛ ХУДАЛ ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР БИЗНЕС ХИЙХ ОРОЛДЛОГО ТУЛ БҮҮ ИТГЭЭРЭЙ

Avatar

үмхий сохор номингууд 2021-09-10 66.181.187.102

2р дайнаас хойших бүх салбарын удирдлагууд албатай юм шиг хүчтэй байр сууринд оччихоод доорх улсуудаа дарамталж сэтгэлийхээ гунигийг тайлдаг зоригтойхон шиг хядвал хядчиж чадахгүй арчаагүй гөлөгнөсөн п***а нар ковид эсвэл цөмийн бөмбөгт өртөж үнс болог, шхс

Avatar

Зочин 2021-09-10 195.176.3.24

!!!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-10 202.9.40.6

Эхлээд авилгад гүн гүнзгий идэгдсэн Монгол улс дахь БНСУ ын элчин сайдын яамаа хангу нар цэгцэлмээр бгам да ! Манай зуучлалын байгуулагуудаар дамжуулах хахуулийн сүлжээ бий болгочихсон, Монгол иргэдийг шулж бдг ! Товчхондоо зуучлалын товчоонд хахуулийн мөнгө төлсөн нь л өмнөд Солонгос руу зорчих виз даруулдаг нь нууц биш ! Бүр БНСУ ын Гадаад харилцааны яаманд Монголд очиж ажиллаж мөнгө хийх өрсөлдөөн бдг юм гэсэн шүү !

Avatar

Зочин 2021-09-10 64.119.22.193

Зарим нөхөд хэт нэг талыг барьж, улстөржиж,Улс хоорондын харилцаа хамтын ажиллагаанд сэв суулгахыг оролдох юм.Манай улс аль ч оронтой найрсаг харилцаа тогтоож,харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж өргөжүүлэх бодлого явуулж байгааг бид бүх талаар дэмжих хэрэгтэй, Ялангуяа БНСУ олон жилийн хоцрогдлыг богино хугацаанд даван туулж,хөгжлөөрөө азидаа тодорсон,бидэнд үлгэр жишээ болохуйц ариван туршлагатай ,авч хэрэгжүүлмээр зүйлтэй орон шүү.Муу зүйл эрэхээр сайн зүйл харахыг хичээ..

Avatar

Зочин 2021-09-10 202.9.40.36

Бодит байдлыг бичсэн шүү хө ! Та ямар зорилгоор хоёр орны харилцаанд оршсоор бга сүүдэртэй талыг бичсэний төлөө яасан их бухимдаж бхин ?! Арай хахуулчингуудын гар хөл, хамсаатан биш биз ?! Шаардлагатай бол бүр дэлгэрэнгүй баримт нотолгоотой бичиж болно шүү !

Avatar

Зочин 2021-09-10 64.119.22.193

Чам мэтийн хүмүүс дургүй хүрсэн хүн бүрээ хахуулчин луйварчин гэж нэрлэх болсон.Үүнд улс орон бүхэлдээ дөжирчөөд, гүжир гүтгэлэг гэж ойлгодог болчоод байна даа.

Avatar

Зочин 2021-09-10 202.9.40.36

Монгол улсад БНСУ ыг төлөөлж бга элчин сайдын яамны монгол ажилтнууд мөн түүнчилэн тус элчин сайдын яамнаас виз мэдүүлэхэд зуучлах эрх олгосон зуучлалын гэх байгуулагуудын ажилтнууд,виз мэдүүлэгчдээс үгсэн тохирч авилга авч цааш дамжуулдаг ! Өмнөд солонгосын виз тойрсон ерөнхий авилгын схем ийм бөгөөд ойрын хэдэн жилдээ визний эрэлт их бх учир Монгол иргэд битгий хохироосой гэсэн дээ сэрэмжлүүлж бн ! Авилгачны гар хөл чамайг акаунтаар чинь хөөгөөд чамайг холбогдох байгуулагууд тодорхойлчих биз !

0 0
Avatar

Монголын ЗГ идэвхи санаачлагатай ажилламаар байна 2021-09-10 202.21.108.8

Үнэндээ эгэл Монголчуудын амьдралд хамгийн их тус болж орон бол Солонгос. Солонгостой найрсаг харилцаагаа улам л өргөжүүлэх хэрэгтэй. Солонгост ажиллахаар явсан залуусаа Монголд нь нэг амраачаад буцахад нь саадгүй болгочихмоор байгаан. Одоо залуучууд ч гэлтгүй мэргэжил дадалтай 55 аас доош насныханыг ч Солонгост ажиллах эрх өгвөл Монголчууд гүргэр юм чинь нүүр баастахгүй ажиллаад л байна байх.

Avatar

/*-*/ 2021-09-10 49.0.142.18

Улаантнууд хэзээ өмнөдтэй найзалдаг болцын, америкийн утсан хүүхэлдэйнүүд сөнөтүгэй, хойд солонгос мандтугай, аугаа их удирдагч Ким Ир Сын мандтугай, АНУ Европ Япон сөнөтүгэй гээд л хуцалдаж суудагсан биш билүү?

Avatar

Зочин 2021-09-10 123.194.156.235

Мулгуу ац

Avatar

Зочин 2021-09-10 123.194.156.235

Мулгуу ац

Avatar

Lkhagvaa 2021-09-10 192.82.69.176

2 ulsiin gadaad tvnshleld olon2 asuudliig shiidwerlsen bainda. amjilt

Avatar

Зочин 2021-09-10 185.108.106.155

ҮХЭЖ ДАЛД ОРСОН МИАТАА ХУРДАН ХУВЬЧИЛДАГСНУУ УСТГАДАГСАНУУ УЧИРЫГ ОЛООЧ СОЛОНГОС ЭНЭ2ЫН ХООРОНД ЯВАХАД 1000 ДОЛЛАР НЭХДЭГ ПСДАНАР!!! 200 ДОЛЛАРААР ОЛОН АВИА КОМПАНИ ЯВЯА ГЭЭД БХАД ТҮГЖИЛДЭЭД ҮНДЭСНИЙ КОМПАНИ БОЛДОГГҮЙ ГЭНЭ ҮХЭЖ ХЭВТ!!! ҮНДЭСНИЙ КОМПАНИ НЬ ҮНДЭСТНЭЭ 5 ДАХИН ХОЛГОДОГ НЬ ҮНДЭСТНЭЭ ХАМГААЛЖ БГАА ЦАРАЙ НЬ УУ??? ЭНГИЙН АВИА КОМПАНИАС 10 ДАХИН ДАНХАР БҮТЭЦЭЭ УЛСААР ТЭЖЭЭЛГЭЖ ИРГЭДЭЭР ХҮЧЭЭР ӨНДӨР ҮНЭТЭЙ БИЛЕТИЙГ АВХУУЛДАГ ЛАЛРЫН ГАЗАР НЭГ БНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж