БНХАУ-ын Тянь Ань Миний талбайн 1989 онд болсон аймшигт үйл явдлын тухай үзмэрүүд бүхий Хонгконгод байрлах музейд цагдаа нар "дайран орж", үзмэрүүдийг нь хураажээ. Түүнчлэн музейг ажиллуулдаг “Хонгконг холбоо” бүлгэмийн дөрвөн гишүүнийг баривчилсан гэнэ. Тэдний нэг нь 2019 оны бослогын дэмжигч, идэвхтэн Чоу Хан Тун аж.
Тэднийг Хонгконгийн шинэ үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр баривчилсан бөгөөд тус хэрэгт дээд тал нь бүх насаар нь хорих ял шийтгэдэг.
“Хонгконг холбоо” бүлгэм жил бүр Тянь Ань Миний талбайн үйл явдлыг дурсах арга хэмжээ зохион байгуулдгаараа ард иргэдийн дунд танил билээ.
Музей өнгөрсөн зургадугаар сард хаагдсан ч энэ долоо хоногт Хонгконгод шинээр байгуулагдсан үндэсний аюулгүй байдлын хэлтсийнхэн ийнхүү баривчилгаа хийж, үзмэрүүдийг хураасан байна.
Үйл явдал болохын өмнө цагдаа нар тус бүлэглэлээс бүх гишүүдийнхээ хувийн мэдээлэл, санхүүгийн орлого, зарлагын мэдүүлгийг өгөхийг шаардсан байна. Гэвч энэ долоо хоногт шаардлагын хугацаа дууссан нь цагдаа нарын музей рүү дайрах шалтгаан болсон байна.
Эх сурвалж: BBC