1937 оны намар ЗХУ-ын Дотоод явдлын яамны дэд сайд Фриновский, Батлан хамгаалах яамны дэд сайд Смирнов нар хувьсгалын эсэргүү, Японы тагнуул гэгдэх хэсэг хүмүүсийн нэрсийн жагсаалт авч ирсний дагуу хөх Монголыг цусаар будах өргөн баривчилгаа есдүгээр сарын 10-ны шөнөөс эхлүүлжээ. Тиймээс энэ өдрийг 1996 оноос “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгов.
Их хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн Онц бүрэн эрхт комисс гээчийг 1937 оны аравдугаар сарын 2-нд /Түүхийн шоглоом гээч хачин жигтэй. Ардчилсан хувьсгалын алтан хараацай С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амь үрэгдсэн/ байгуулжээ. Энэхүү комисс гуравхан хүний бүрэлдэхүүнтэй агаад даргаар нь Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, улсын маршал өрлөг жанжин нөхөр Чойбалсан, гишүүдээр Улсын Бага Хурлын гишүүн Лувсаншарав, Шүүх яамны сайд Цэрэндорж нарыг томилсон юм. Уг комисс байгуулагдаад 1939 оны дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэл 50 удаа хуралдаж 25437 хүнийг шүүснээс 20099 хүнд цаазаар авах ял ногдуулж байжээ. Бүрэн эрхт тусгай комиссын шийдвэрт давж заалдах эрх яллагдагчид байдаггүй байжээ. Өөрөөр хэлбэл, 20099 төр нийгэм, цэргийн зүтгэлтэн, лам хувараг, энгийн иргэнийг хөнөөх шийдвэр гаргасан Х.Чойбалсанг өнөөдөр хорьдугаар зууны хамгийн шилдэг удирдагч, гарцаагүй байдалд хүн алсан мэтээр дөвийлгөсөн үзэл цухалзах болжээ.
ҮХЭГСДЭД ЗОРИУЛСАН АМЬД ЦЭЦГИЙГ…
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх анхны цуглаан дээр УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын хувиар оролцсон Цахиагийн Элбэгдорж Монгол төрийн нэрийн өмнөөс ард түмнээсээ анх удаа уучлал гуйсан нь түүх болон үлджээ.
ХХ зуунд Оросын заавраар Монгол оронд хийсэн үндэстний хядлагад Цагаатгах комиссоос одоогоор тогтоосноор 37000 хүн хэлмэгджээ. Түүнээс 31220 алуулсан бөгөөд цагаадсан. 31220 амиа алдагсдын 19000 лам, тайж ван гэх мэт цолтнууд 2500, цэргийн цолтой 1200, ажилчин, дарга, оюутан, малчин 3400 байв. Энэхүү аймшигт хядлага Монгол үндэстэний оршихуйн үндсийг тасалж, үндэсний ой санамж, үндэсний уламжлал, соёл, эх бичиг, эх түүх тэргүүтэй үнэт зүйлсээ гээхэд хүргэсэн билээ.
Гэтэл өнөөдөр энэхүү хэлмэгдүүлэлтийг гардан зохион байгуулсан нам эрх барьж байна. Гардан зохион байгуулсан гэдгийн учир нь гавъяаг нь өмчилж, 100 жилийн түүхээ ёслол төгөлдөр тунхаглаж буй Ардын нам өнгөрсөн зууны ололтыг өмчилж байгаа бол гашуудал, харууслыг нь хамтад нь үүрэх ёстой. Түүний төлөөлөл болсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар дүр төдийхөн, харь ёсоор амьд цэцэгсийг үхүүлэн байж өргөв. Тэд монголчуудыг аймаглан устгасан аймшигт явдалын талаар ганц үг гав хийсэнгүй. Энэ нь тэд хэлмэгдүүлэлтийг үл ойшоосон төдийгүй хүндэтгэл үзүүлсэнгүй гэж ойгохоос өөр сонголт үзүүлсэнгүй.
НЭР ЦЭВЭР Ч ГАР БОХИР
Монголын төлөө гэж цохилсон зүрх болгон яргын машинд яаж машиндуулж, арчаад арилахгүй ямар их толбо үлдээснийг, яаж хэрхэн төөрч, зөв замд оруулах гэсэн эх орончид яргын хутганд хэрхэн сийчүүлснийг дурсахыг ч хүссэнгүй. Хорьдугаар зууны хар бараанаас холуур өнгөрөх гэсэн МАХН нэрээ МАН болгосон. Ингэхдээ уг нэрийг Дээд шүүхэд бүртгүүлэн эзэмшиж байсан Д.Баасангаас хэрхэн авсан нь өнөөг хүртэл тодорхойгүй төдийгүй эзэмшигч нь энэ хугацаанд учир битүүлгээр өөд болсон билээ.
У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар 100 жилийнхээ ойгоор яриад байсан Д.Бодоогоо ярьсангүй. Яагаад гэвэл Д.Сүхбаатар тэргүүтнүүд Д.Бодоог мал маллаад амьдарч байхад нь барьж авчраад буудан хороочихсон болохоор уу? С.Данзангаас иш татаад байсан шигээ дурссангүй. Хилс хэрэгт хэлмэгдүүлчихсэн болохоор уу? Тиймээс л 100 жилийн үүх, түүхийг нь өмчлөөд байгаа бол эл өдөрт хамгийн их ач холбогдол өгч, өнгөрсөндөө дүгнэлт хийж, ямар гашуун сургамж бидэнд үлдсэн тухай төрийн өндөрлөгүүд үгээ хэлэх ёстой билээ. Гэтэл үнэнтэй нүүр тулахаас татгалзав.
ГАШУУН ҮНЭН
1911 оноос 1990 он хүртэл Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, МАХН-ын даргаар давхардсан тоогоор 33 хүн ажилласнаас 8-аас бусад нь хэлмэгдсэн буюу учир битүүлгээр нас баржээ. Тэдний дотор мөнөөх Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, А.Амар, Д.Догсом, Д.Чагдаржав, П.Гэндэн, Л.Лааган, гар хөл нь болж яваад эцэст нь өөрөө Орост очоод нас барсан Х.Чойбалсан, түүнийг залгамжлагч Ю.Цэдэнбал нар ч багтана. Тухайн үед тэднийг Японы тагнуул гэж хардаж, нийтээрээ итгэн үнэмшжээ. Харин хожмоо цагаадсан.
ОДОО Ч ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ҮРГЭЛЖИЛСЭН ХЭВЭЭРЭЭ ЮУ?
Хэлмэгдүүлэлтийн араа шүд нь ажилласаар буйг гэрчлэх мэт Ардчилсан Монгол Улсын 30 жилийн түүхийн хугацаанд ажилласан 30 ерөнхий сайдаас гурав нь буюу Ерөнхий сайдаар ажилласан М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Тэргүүн шадар сайд асан Да.Ганболд/ардчилсан хувьсгалын зүтгэлтэн/, Сангийн сайд асан С.Баярцогт нар шоронд ял эдэлж байгаад гарч ирсэн. Дээр нь, Ардчилсан хувьсгалын зүтгэлтэн Э.Бат-Үүл, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг шалгаж байна гэх мэдээлэл байнга дуулддаг. Эхлээд дайсан болгож олон нийтийг сайтар сэнхрүүлнэ. Дараа нь бариад явахад хэн ч эсэргүүцэхгүй билээ. Хэлмэгдүүлэлтийг хэлмэгдүүлэлт гэж хэлэх эрх чөлөөг олгосон өнөөгийн нийгэмд ч хэлмэгдүүлэлтийн өнгө аяс цухалзсаар буйн жишээ энэ.
Зуун жилийн тэртээ боловсруулсан Орос технологитой ижил технологи сүүлийн үед анзаарагдах болсон нь үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг цагдаа нар баривчлах болсон явдал. Өмнөх зуунд Японы гар хөл болгосон бол энэ зуунд Хятадтай холбоход л хангалттай. Нэгэнт технологи хэрэгжсэн бол зорилгодоо хүрч л таарна. Цус нулимсан далай урсган сүйдэлж байж сая зогсоно. Учрыг ухаарах сөхөө ч үгүй шүлсээ үсчүүлж яваад нэг мэдэхэд сүйд хийлгүүлж, өөрсдийнхөө хүзүүнд олс угласнаа мэдсэн ч оройтдог хорвоо.
1921 оны хувьсгалыг эхлүүлсэн долоон хүний зургааг хөнөөснөөр хэлмэгдүүлэлтийн дарь ханхалж эхэлсэн бол өнөөдөр ардчилсан хувьсгалчдын хэд нь учир битүүлгээр үхэх, хэн нь алуулж, хэн нь буруутгагдаж буйг харвал бид бахь байдагтаа байгаа төдийгүй хэзээ мөдхөн нэгнээ хэлмэгдүүлэхгүй гэсэн баталгаа алга.
ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭД ҮНЭЛЭЛТ, ДҮГНЭЛТ ӨГЬЕ
Хэдийгээр 1937 оны хядлагыг хэлмэгдүүлэлт хэмээн зарласан ч түүнд өнөөдрийг хүртэл үнэлэлт, дүгнэлт төр засгийн зүгээс хийсэнгүй. Харин энэ хооронд оросуудын заавраар, гадны нөлөөнд өртсөн гэх ташаа мэдээлэл газар авчээ. Гадны нөлөөтэй ч гардан гүйцэтгэгчид нь хэн байсныг бид бодох ёстой. Монголын тулгар төр байгуулагдсан 2000 жилийн түүхэнд бүх нийтийг хамарсан үндэсний хэмжээний хядлага байхгүй билээ.
Холбоотой мэдээ