Авлигатай тэмцэх нь Ардын намтай тэмцэнэ гэсэн үг!

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

Авлигатай тэмцэх нь Ардын намтай тэмцэнэ гэсэн үг!

Авлигатай тэмцэх нь Ардын намтай тэмцэнэ гэсэн үг!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг талаасаа Ардын намын дэмжлэг дунд нөгөө талаасаа  анд нөхдийнхөө хавчлага дор ажиллаж байна. Ялахаасаа засаглах нь хэцүү болохыг өнгөрсөн найман сарын хугацаанд яс махаараа ойлгосон уу, гурван сарын өмнөхөн Авилгын индексийг бууруулах ажлын багийн анхны хуралдаанд оролцохдоо  улс орон, анд  нөхдийнхөө алийг нь  бодохоо өөрөөсөө ч юм уу өрөөлөөс асууж суусан.

Ард түмэн угаасаа улсаа бод гэх нь мэдээж. Ардын намынхан ч ашиг сонирхлоо тулгаж байгаа л байх. Гэвч, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын биш Монголын Ерөнхий сайд болсон. Эр хүн зоригтой бол чоно чацга алдана гэж үгтэй!

ЗАМЫН-ҮҮДИЙГ ЗАД ЦЭВЭРЛЭНЭ ГЭСЭН ЯАЛАА!

Улаан бууртай тэмээгээ

Хураанаа гэсэн чинь яалаа даа

Улаан хүрмийн зах дээр

Уулзнаа гэсэн чинь яалаа даа гэгчээр Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэхээ зарласнаас  хойш яг 64 хонож байна.

 Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын “Covid-19 хүнд үеийг далимдуулж авлига авсан, албан тушаалаа урвуулсан ашигласан албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана. Сүлжээний схем үүсгэж луйвар хийж байгаа албан тушаалтнуудад зохих хариуцлагыг хүлээлгэнэ. Гашуунсухайт боомт дээр  үүнтэй ижил асуудлууд яригдаж байгаа. Бүх түвшинд гарч буй авилга, албан тушаалын  хэргийг илрүүлнэ. Тэнд бугшсан авлига албан тушаалын хэргийг тогтоож, хариуцлага тооцно” гэснийг Замын-Үүдийн мафийнхан нохой хуцаж байгаа чинээнд тоосонгүй.

Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар цагдаа, тагнуулаа дагуулаад зургаан албан тушаалтныг баривчилсан ч Замын-Үүдэд зад цэвэрлэгээ хийж чадаагүй юм.

Хэдийгээр ачаа тээврийн эргэлт сайжирсныг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Б.Отгонсүх дуулгахдаа “Эрээн хотын гаалийн гадаа 2000 орчим машин дараалсан байсныг татаж, гацааг гаргасан.  Бөөгнөрсөн ачаа дууссан. Замын-Үүд стратегийн ач холбогдол бүхий боомт учир 500-600 машин ачаа байнга эргэлдэж байдаг. Одоо хэвийн эргэлтдээ орсон” гэжээ. Ямар ч байсан Эрээнд Монголын ачаа гацахаа больж. Гэхдээ Засгийн бүрэн эрхт төлөөлөгч нарт өгсөн гэрийн даалгавар дуусаагүй байгаа. Тэнд цэцэглэсэн авлигын бүрэн цэвэрлэхгүй бол дахиад л Эрээн дээр гацаа, түгжрэл үүснэ, эдийн засаг хямарна.

Ачаа тээврийн үнийг хөөрөгдөл буурахгүй байгаа нь Х.Нямбаатарын хэлсэн сүлжээний схемтэй нь нягт холбоотой.

Өөрөөр хэлбэл, Замын-Үүдийн жинхэнэ гацаа нь цар тахал биш төрийн дунд, доод шатныхан болсон гэсэн үг. Цар тахал Замын-Үүдэд бугшсан идээ бээрийг ил болгосон хэрэг. Аливаа муу зүйлд ч сайн тал байдаг.

Замын-Үүдийн боомтын зөвлөлөөс хариуцлагын гэрээг 5000 гаруй тээврийн жолооч нартай хийжээ. Гэвч, ачаа тээврийн үнэ буурахгүй, 10-30 сая төгрөг байгаа нь жолооч нараас гадна илгээгчидтэй холбоотой.

ИЛГЭЭГЧДИЙГ ШОРОНД НЬ ИЛГЭЭ!

Өөрөөр хэлбэл, Замын-Үүдэд “илгээгч” гэж мөнгийг хүүлдэг гоё сүлжээ бий болсныг захын бизнесмен мэднэ. Ачаа тээврээ саатуулчихгүй авахын тулд илгээгчдийн нэхсэн үнийг өгдөг бичигдээгүй хууль тэнд ноёрхож байна.

Үүнийг таслан зогсоохгүйгээр Замын-Үүдэд Ерөнхий сайд өөрийн биеэр очих, эсвэл Шадар сайдаа мянган удаа шалгалтаар явуулаад ч асуудал бахь байдгаараа байна.

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн хэлсэнчлэн “Гэрээ зөрчсөн автомашины жолооч нартай хариуцлага тооцож зөвшөөрлийг нь цуцалж, цаашдаа тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх чиглэл дээрээс авсан ч энэ нь ч гол шийдэл биш. Замын-Үүдийг илгээгчдийг зад цэвэрлэхгүйгээр тэнд бугшсан авлига, хээл хахуулийг цэгцлэх ямар ч боломжгүй.

Илгээгчид ачааны эзнээс 5-10 сая төгрөг нэхдэг тухай Замын-Үүдийн нохой хүртэл хуцах байх. Дарга, цэрэг, цэвэрлэгч гээд бүгд нэг сүлжээ болчихсон, ачаа тээврийн жолооч нар нь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн үгээр биш цаад илгээгчийнхээ дохиогоор хөдөлдөг.

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг бол ёстой халаасантай “салаавчтай” л угтдаг байх.  Мэдээж, илгээгчдийн гол эзэн нь Ардын намын цагаан байр аль эсвэл Төрийн ордонд суугаа. Ийм учраас л Л.Оюун-Эрдэнийг айвал бүү хий, хийвэл бүү ай гээд байгаа юм.

ЗОРИГ ЭС ХҮРВЭЭС УХААН ЭС ХҮРНЭ

Энэ үгийг Ерөнхий сайдын нутгийн ах, улс төрийн багш болох У.Хүрэлсүх хэлэх дуртай. Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ авлигатай тэмцэнэ гэдгээ ам алдсан. Авлигатай тэмцэнэ гэдэг нь чухамдаа Ардын намынхантайгаа, анд нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Үүнийгээ өөрөө ч сайн мэдэж байгаа.

Ерөнхий сайд өдгөө шүдтэй арслан болсон. АТГ өөрийнх нь эрх мэдэлд ирчихлээ. Одоо тэгээд, юунаасаа айгаад Ардын намынхантай тэмцэх зориг нь, ухаан нь эс хүрнэ вэ!

Берлинд төвтэй “Транспаренси интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас боловсруулсан Авлигын төсөөллийн индексийн дүнгээр өнгөрснө 2020 онд Монгол Улс 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Энэ тоо Монгол авлигадаа живсэний илэрхийлэл.  Манай төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь нэмэгдсэнээс Монгол Улс авлигаараа дэлхийд тэргүүлэх нь холгүй болж.

УИХ-ын дарга Г.Занданшатарын мөрөөдөж байгаачлан авлигаар дагнасан шүүхтэй болоод авлига буурахгүй. АТГ-ыг байгуулаад 14 жил болж буй атал авлига өссөөр л байна.

Авлига хаанаас эхтэй вэ гэвэл Ардын намын пентхаусаас эхтэй. Учир нь, МАН дангаараа болон хамтарсан гээд бараг зуун жил Монголын засгийн эрхийг барьж байна шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж