“WeLoveU” Олон улсын байгууллага 40 л цус хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

“WeLoveU” Олон улсын байгууллага 40 л цус хандивлалаа

“WeLoveU” Олон улсын байгууллага 40 л цус хандивлалаа

Энэ цусаар 400 орчим хүний алтан амийг аврах юм.

Коронавирусын халдварын улмаас цусны донорын тоо буурсан нь дэлхий дахинд цусны хомсдолыг улам бүр нэмэгдүүлж байгаа. Монголд ч ялгаагүй цусны хангамж муутай байгаа энэ үед Нэгдсэн Үндэсний Байгууллагын түнш байгууллага болох “WeLoveU” Олон улсын байгууллага цусны хангамжийг тогтвортой байлгахад хувь нэмрээ оруулж, цус хандивлах арга хэмжээг өргөн цар хүрээд зохион байгуулж байна. Энэ сарын 9-ний өдөр WeLoveU-н 130 гаруй гишүүд, тэдний гэр бүл, танил дотно хүмүүс Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д ирж, аюулгүйгээр цусаа хандивлахын тулд маск зүүж, халуунаа хэмжүүлж, гараа ариутгах зэрэг хорио цээрийн дүрмийг баримталж, сайн дурынхан хэсэг хэсгээрээ хуваагдан хүн хоорондын зайгаа ч чанд баримтлан оролцлоо. 130 гаруй хүнийг таван ээлж болгон хувааж, цагийн хуваарийн дагуу цусны шинжилгээ өгөх, цус хандивлах ажлыг эмх цэгцтэй явуулсан гэж ЦССҮТ-ийн ажилтнууд тэднийг сайшаасан байна. “Ковид-19”-н хүнд үед зориг гарган цусаа хандивлаж байгаа ийм олон хүнийг хараад тус төвийн ажилтнуудын сэтгэл хөдөлсөн байна.

  • Үйл ажиллагааны үеэр ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр:

“Өнөөдөр олон улсын “WeLoveU” байгууллага ЦССҮТ-тэй хамтран цусны донорын аяныг өрнүүлж байна. Өмнө ч бас бид хамтран олон удаа цус хандивлах аяныг өрнүүлж ирсэн. Энэ удаад үйл ажиллагаагаа өргөжүүлэн тус байгууллагын гишүүд болон тэдний гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд олон хүмүүсийг уриалан энэ хүнд хэцүү цагт цусаа хандивлаж байгаад талархаж байна. Дэлхийн олон улс орныг хамарсан энэхүү донорын аяныг амжилттай зохион байгуулж байгаа Олон Улсын “WeLoveU” байгууллагын тэргүүн Зан Гил Жа танд талархаж байгаагаа илэрхийлэе. Бидний хамтын ажиллагаа үүгээр зогсохгүй цаашдаа улам өргөжин хамтдаа байнгын цусны доноруудыг бий болгох болно гэдэгт итгэлтэй байна” гэж талархлаа илэрхийллээ.

  • Мөн Банзүрх дүүргийн ЗДТГ-ын Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Ц.Алтанзагас:

"Манай Баянзүрх дүүрэг 2011 оноос Олон Улсын “WeLoveU” байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Манай иргэдэд хэрэгцээтэй байгаа хүнсний болон бусад зүйлсээр байнга тусламж үзүүлсээр ирсэн. Энэ байгууллагынхантайгаа хамтран Жуков, Сансар, Бөхийн өргөөний ойр орчмыг мөн Туул гол, Сэлбэ голын эргийг цэвэрлэж байсан. Саяхан Нийслэлийн 79 дүгээр сургуулийн номын санг бас тохижуулж өгсөн. Харин өнөөдөр бидэнд нэн шаардлагатай байгаа цус хандивлах, мөн доноруудыг цуглуулж иргэдийг уриалах ажлыг өрнүүлж байгаад баярлаж байна. Энэ дашрамд Олон Улсын “WeLoveU” байгууллагын тэргүүн Зан Гил Жа танд талархаж байгаагаа илэрхийлье” гэж баяр хүргэсэн байна.

Өглөө 8.30 цагт эхэлсэн арга хэмжээ 14.00 цагийн орчимд өндөрлөв. Гэрэл гэгээтэй, халуун дулаан уур амьсгал дунд үйл ажиллагаа болж, цусаа хандивлах боломжтой гэж шинжилгээгээр гарсан хүмүүс ба боломжгүй гэж гарсан хүмүүс бүгд хамтдаа хүний амь аврах эрхэм үнэ цэнийг ухаарч, бие биенээ зоригжуулж байлаа.

Тухайн өдөр хандивласан цусны нийт хэмжээ 40 л орчим байсан бөгөөд бүгд сайн дураараа, үнэ төлбөргүй цусаа хандивласан байна. “WeLoveU”-н энэхүү үйл ажиллагаа нь олон улсын нийгэм эрүүл цусны хангамжийн төлөө сайн дурын, авлагагүй цус хандивлах ажлыг идэвхтэй дэмжиж байгаагийн тод жишээ болсон байна.

  • WeLoveU-н гишүүн СТА жүжигчин М.Дорждагва:

“Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөдөлгөөнийхөө гишүүдтэйгээ нэгдэн цусаа хандивлах хөдөлгөөнд оролцож байгаадаа баяртай байна. Цусыг юугаар ч орлуулж чадахгүй бөгөөд шинжлэх ухаан ямар ч түвшинд хөгжсөн бай цусыг үйлдвэрлэх боломж байхгүй гэдгийг тогтоосон байдаг. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт үнэгүйгээр, баяртайгаар цусаа өгдөг цусны үйлдвэр шиг байгууллага бол WeLoveU юмаа гэдгийг хэлэхэд таатай байна” гэлээ.

Энэхүү үйл ажиллагаа нь эрүүл дэлхий, хүн төрөлхтний ирээдүйн төлөө өрнүүлж буй “Save the World” төслийн нэг хэсэг бөгөөд 8-р сарын дунд үеэс 9-р сарын дунд үе хүртэл зохион байгуулагдсаар байх юм. Энэтхэг, Бразил, Перу, Австрали, Өмнөд Африк зэрэг цусны хомсдолтой орнуудад төдийгүй Монгол улсад ч ихээхэн тус нэмэр болж байгаа ажээ. Энэхүү үйл ажиллагаа нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа ард иргэдийн цусны донорын талаарх мэдлэгийг дээшлүүлж, оролцохыг уриалснаар аюулгүй амар тайван, тогтвортой нийгмийг бүрдүүлж, нэг хүний амь аврах үнэ цэнийг хүмүүст ойлгуулах зорилгын дор сайн дураараа нэгдэн оролцдогоороо онцлогтой юм.

Үүний зэрэгцээ “Цэвэр дэлхий” дэлхий дахины хөдөлгөөн зохион байгуулж, цэвэр цэмцгэр, эрүүл орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. НҮБ-аас тогтоосон “Хөх тэнгэрийн өдөр” (9-р сарын 7)-ийн ойролцоох өдрүүдэд зохион байгуулагдаж буй энэхүү кампанит ажил нь агаарын бохирдлыг үүсгэдэг үндсэн шалтгаан болсон хотын орчин төдийгүй цэцэрлэгт хүрээлэн, уул нуруу, далай тэнгис, гол мөрний ойр орчмыг цэвэрлэдэг хөдөлгөөн юм. Үүнд АНУ, Энэтхэг, Намиби, Перу, Австрали, Шинэ Зеланд, Япон улсууд оролцож байгаа бөгөөд энэ нь өдрөөс өдөрт хурцдаж буй цаг уурын өөрчлөлтийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахаар төлөвлөн хэрэгжүүлж буй ажил юм.

WeLoveU байгууллага нь 60 гаруй оронд “Эхийн хайрыг бүх дэлхийд түгээе!” гэсэн уриан дор олон төрлийн сайн дурын, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын байгууллагууд, засгийн газар, төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажилладаг юм байна. Гондурас улсын засгийн газрын харьяа байгууллага болох Гамшгаас хамгаалах байнгын хороо (COPECO)-той хамтран, хар салхинд нэрвэгдсэн хүмүүст 30 мянган долларын тусламж үзүүлэхээр болжээ. Иордан улсад иргэний нийгмийн байгууллага болох Jordan Hashem Charity Organization (JHCO)-тай хамтран эмзэг бүлгийн иргэд болон Сирийн дүрвэгсдэд 747ш ариун цэврийн хэрэгслийн ком, эмчилгээний зардал өгч, урамшуулсан байна. Түүнчлэн хүчтэй аадар бороо орсон Непалд 150,000ш амны хаалт, хамгаалалтын хувцас, тусламжийн хэрэгслийг Солонгос улс дахь Непал улсын элчин сайдын яамаар дамжуулан хүргэхээр төлөвлөж байгаа юм байна.

Монголд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс болж өөрчлөгдөж буй орчныг сэргээхийн тулд цэвэрлэгээ хийх, мод тарих ажлыг хийж байна. Улаанбаатар хотоос гадна Эрдэнэт, Дархан хотуудад ч хог түүж, гудамж цэвэрлэх замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулсан байна. Түүнчлэн боловсролын орчинг сайжруулахад хувь нэмрээ оруулж 79 дүгээр сургуульд номын сан байгуулж өгөн, 75 дугаар сургуульд зурагт, принтер, самбар, номын тавиур, сурах бичиг, товхимолуудыг хандивлан гэрэлт ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулсан нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 4-р зорилт (SDGs) чанартай боловсрол олгоход хувь нэмэр оруулах зорилго дор хийгдсэн ажлууд ажээ. Энэхүү олон төрлийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийснийг нь үнэлэн олон улсын байгууллагууд, засгийн газрууд болон олон орны орон нутгийн засаг захиргаанаас шагнал хүртээсэн байна. Тухайлбал, БНСУ-ын Төрийн дээд одон, АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (хамгийн нэр хүндтэй шагнал, 8 удаа), Камбожийн Вангийн шагнал, Перугийн Эмэгтэйчүүдийн яамны сайдын хүндэт өргөмжлөл, Олон улсын байгаль орчны “Ногоон алим” гэх мэт олон шагнал урамшуулал хүртжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж