"Мэргэжлийн хичээлийн мэдлэггүй, 2 жил хоцрогдчихлоо"

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

"Мэргэжлийн хичээлийн мэдлэггүй, 2 жил хоцрогдчихлоо"

"Мэргэжлийн хичээлийн мэдлэггүй, 2 жил хоцрогдчихлоо"

БНХАУ-д сурдаг Монгол оюутнууд өнөөдөр/2021.09.10/  хэвлэлийн бага хурал хийлээ.


Хилийн чинад дахь Монголчуудын зөвлөлийн гишүүн н.Ганзориг:

-Манай зөвлөл дэлхийн 47 орны 170 гаруй ТББ, оюутны байгууллагатай хамтран ажилладаг. Энэхүү нэгдэлд 60 гаруй мянган оюутан шууд болон шууд бус утгаар хамтардаг. Орос, Солонгос, Тайвань зэрэг орнуудад сурдаг Монгол оюутнуудын асуудал эхнээсээ цэгцэрч байна. Харин Хятадад сурдаг оюутнуудын маань байдал зогсонги байгаа учир хоёр жилийн хугацаанд 10 гаруй мянган оюутан маань явж чадахгүй нөхцөл байдал үүсчихлээ. Долдугаар сараас эхлэн манай байгууллага холбогдох байгууллагууд нь бичиг баримт хүргүүлсэн. Гэвч тодорхой шийдэлтэй хариу гарч чадахгүй байна.

Янчжоу их сургуульд Хүнс судлаачаар сурдаг оюутан Г.Даваасүрэн:

-Оюутнууд хүлээлттэй байна. 2022 оны өвлийн олимп хүртэл оюутнуудыг татахгүй гэсэн шуум явж байна. Токиод олимп болсны дараа байдал нь хүндэрчихлээ. Үүн шиг Бээжинд олимп болсны дараа байдал хүндэрвэл бид хэзээ буцаж очих вэ? Тодорхой шийд алга. 564 өдөр бид хүлээлээ. Мэдлэг боловсрол чухал. Нэг сарын хоцрогдлыг нөхөхийн тулд гурван сар зарцуулдаг. Гэтэл бид хоёр жил хоцорчихсон байна. Онлайнаар сурах боломжгүй байгаа оюутнуудыг яах нь тодорхойгүй байна. Намайг онлайнаар төгсгөх боломжгүй гэсэн. Энэ хагас жилийн хугацаанд ирээд судалгаа шинжилгээгээ хийгээд төсгөөрэй гэсэн. Бид 1500 гаруй гишүүнтэй фэйсбүүк групп үүсгээд хоёр удаа санал асуулга явуулахад оюутнуудын 37 хувь нь онлайн хичээлээ бүрэн зогсоосон, 94 хувь нь онлайн хичээл чанаргүй байна, 60 хувь нь мэргэжлийн онцлогоос хамаараад онлайн хичээлд хамрагдах боломжгүй гэсэн. Манай оюутны 99 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан. Хятад болон Монголын талаас тавигдах бүхий л шаардлага, зөвлөмжийг дагаж, гарах зардлаа, эрсдлээ өөрсдөө 100 хувь хариуцна. Бид буцах хүсэлтэй байна.

Эрчим хүч, эдийн засгийн хос хөтөлбөрөөр сурдаг оюутан н.Өлзийнаран:

-Би дөрөвдүгээр курсын оюутан. Миний хувьд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр өвлийн улирлын сүүлийн шалгалтаа өгөөд 14-21 хоног амрахаар Монголдоо ирсэн. Гэтэл урьдчилан таамаглаагүй гэнэтийн байдлаас болоод 564 хоног явж чадахгүй гацсан байна. Сар хүрэхгүй буцах байсан болохоор мэргэжлийн хичээлийн шаардлагатай ном сурах бичиг, хичээлийн тэмдэглэлээ оюутны байрандаа үлдээчихсэн. Манай сургууль 2020 оны зургадугаар сарын 4-ний өдрөөс танхимын хичээлээ эхлүүлсэн. Би ангидаа ганцаараа гадаад оюутан учир сургуулиас ганцхан оюутанд онлайн хичээл өгөх боломжгүй гэсэн. Хоёр жилийн хугацаанд ганц л онлайн хичээлд суугаагүй явна. Ингээд жилийн чөлөө авъя гэсэн боловч манай сургууль миний сурдаг мэргэжлээр өнгөрсөн онуудад нэмэлт элсэлт аваагүй учир жил чөлөө авах эсвэл улиран сурах боломжгүй болсон. 2020 оноос хойш мэргэжлийн хичээлийн мэдлэггүй, ангийнхаа оюутнуудаас хоёр жилийн хичээлийн хоцрогдолтой байна. Дадлага болон судалгаа шинжилгээний ажил байхгүй учир дипломоо хамгаалж чадахгүй болчихсон. Ангийнхантайгаа хамт дипломоо хамгаалахгүй бол товлосон хугацаандаа төгсөж чадахгүй гэсэн. Иймд бидэнд тулгамдаад буй асуудал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг тусгайлан анхаарч, ирээдүй болсон боловсон хүчнээ дэмжихийг хүсч байна.

Сичуань их сургуулийн оюутан н.Баян-Эрдэнэ:

-2019 оны төгсгөлд өвлийн амралтаараа гэртээ ирээд буцаж чадахгүй байна. Миний мэргэжлийн хувьд гар ажиллагаа ихтэй шүдний эмч. Гар ажиллагаатай дадлага, практик хичээл их үздэг. Сургуульд маань гадаад оюутан бага учир онлайн хичээл тааруу. Манай ангийн хоёр Солонгос оюутан танхимаар хичээлдээ суугаад эхэлчихсэн. Миний хувьд туршилтын лабораторид үзэх хичээлүүддээ сууж чадахгүй байна. Маш олон туршилтын хичээлүүдээ хойшлуулаад байна. Тэгэхээр таван жилийн дотор эдгээр хичээлүүдээ гүйцэд үзэж чадахгүй болоод байгаа юм. Хэрэв зургадугаар курст сурахаар болвол тэтгэлгээр бус өөрийн зардлаар сурах болоод байна. Одоо би гуравдугаар курс учир ихэнхи хичээлүүд маань онол гэхээсээ илүү практик дээр л яваад байна. Бидний энэ асуудал дээр Хятадаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам туслаж, цааш уламжлахыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж