Эрүүл мэндийн яамнаас халдварын гуравдугаар давалгаа буюу "дельта" хувилбарын тархалт эхэлсэн учраас хүний нөөц болон орны нөөцийн хомстолд орсон талаар мэдээлэв. Гэхдээ орны нөөцийг бүх боломжоор гаргасан учраас нэмэгдүүлэхгүй ч эмч ажилчдыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэлээ.
РЕЗИДЕНТ БОЛОН САЙН ДУРЫНХНЫГ ДАЙЧЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр:
-Хүний нөөцийн асуудал эмнэлгийн салбарт их дутагдалтай байна. Тухайлбал, Covid-19-ийн хариу арга хэмжээнд ажиллаж буй резидент эмч нарт ЭМЯ-наас цалин урамшуулал олгох, хамгаалах хувцас хэрэглэлээр хангах зэрэг бүхий л шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ирсэн.
Одоогийн нөхцөл байдалд эмнэлгийн салбарын 30 мянга гаруй резидент эмч нар улаан бүсэд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд дайчлагдан ажилласан резидент эмч нартаа талархал илэрхийлье.
Резидент эмч нар хөдөлмөрийн гэрээний 4.2.8 дугаар заалтад онц байдал, гамшиг болон аюулт үзэгдлийн үед дайчлагдан ажиллах үүрэгтэй байдаг учир хөдөлмөрийн гэрээгээр хийсэн үүргээ хүлээж хамтарч ажиллахыг хүсч байна. Дайчилгааны дараа сургалтыг нөхөж олгох төлөвлөгөөг боловсруулсан байгаа. Иймд хүний нөөц дутагдалтай байгаа энэ үед резидент болон сайн дурын ажилтнуудыг дайчлан ажиллахаар болж байна. Цар тахлыг даван туулахын тулд хүн бүр хичээх хэрэгтэй байна.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ОРНЫ ХОМСТОЛ ҮҮСЧ, ХҮНИЙ НӨӨЦ ДУТАГДАЖ БАЙНА
ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох:
-Монгол Улс 27 мянган орны нөөцтэй бөгөөд зөвхөн Covid-19-ийг эмчлэхэд бүх орыг дэлгэх боломжгүй. Тиймээс онош, шинж тэмдэг илэрсэн хүн бүрийг эмнэлгийн байгууллагад эмчилж, тусгаарлах боломжгүй. Шинж тэмдэгт тулгуурлан оношилж эхэлснээр гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс болон батлагдах тохиолдлын тоо өссөөр байна. Ор болоод эмчийн нөөцгүй байгаа энэ үед иргэд хүлээцтэй байх шаардлагатай байна. Тиймээс цаашид орны нөөцийг нэмэгдүүлэх боломжгүй. Нийт халдварын тодорхой хэсгийг эмч нар эзэлж байгаа учраас хүний нөөцийн хомстлоос гарахын тулд резидентүүдийг дайчлах шаардлага үүссэн.
Холбоотой мэдээ