Засгийн газрын огцруулах, эсвэл Л.Оюун-Эрдэнэ сайд нартаа сэлгээ хийх үү гэж асуудал улс төрийн хүрээнд анхаарлын төвд орсон сэдэв болоод буй. Ялангуяа сүүлийн үед Л.Оюун-Эрдэнэ танхимын зарим сайд нараа чөлөөлнө гэх яриа ч улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд түгэх болсон. Засгийн газрын огцруулах, сайд нарт нь сэлгээ хийх сонирхол сөрөг хүчинд ч эрх баригч нам доторх хэсэг бүлэгт ч бий. Гэхдээ тэдний сонирхлыг гүйцэлдүүлэх эсэх нь МАН-ын удирдлагуудын эв найрамдал хэр зэрэг байгаагаас шалтгаалах юм.
Хамгийн сүүлд өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр сайдыг чөлөөлөх асуудал яригдаж байна хэмээх яриа газар авсан. Энэ мэтчилэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг “унагах”, эсвэл сайд нарт нь сэлгээ хийх сонирхолтой хэсэг бүлэгт Ерөнхий сайд өчигдөр тайлбар өгчээ. Тэрбээр Ажил олгогч эздийн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлтэй уулзах үеэр ийн хэлжээ.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарын ажлыг нь хийлгэе. Одоо улс төржиж суух цаг биш. Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй” хэмээн ярьсан байна.
Мөн тэрбээр өмнө нь Засгийн газрын 200 хоногийн тайлангийн ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч, УИХ, ЗГ нэгдмэл ажиллаж байгааг онцолж байсан юм.
Т.ОД
Холбоотой мэдээ