Зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бага, дунд, ахлах ангиас нь бэлтгэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор ЗТХЯ, ” УБТЗ” ХНН хамтран төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай гүнзгийрүүлсэн ангийг Ерөнхий боловсролын таван сургуульд өнгөрсөн хичээлийн жилээс нээсэн юм. Нийслэлийн “Ган зам” 20-р сургууль, 73-р сургууль, Дархан-Уул аймгийн Дархан сумын 18-р сургууль, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р сургууль, Замын-Үүд сумын 1-р сургуулиудад нээсэн төмөр замын чиглүүлэх сургалттай XII ангийг 2020-2021 оны хичээлийн жилд төгссөн 95 сурагч элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, гадаад, дотоодын их дээд сургиулуудад элсэн ороод байна.
Эдгээр сурагчдын 28 нь төмөр замын мэргэжлээр суралцахаар ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлсний 21 сурагч ОХУ-ын Зам харилцааны их сургуульд элсэн суралцахаар тэнцсэн байна. Мөн Төмөр замын дээд сургууль болон Политехникийн коллежид 26 сурагч элсэн орсноос гадна олон сурагч өөрийн сонгосон мэргэжлийн чиглэлээр МУИС, ШУТИС, МУБИС зэрэг дотоодын их, дээд сургуулиудад суралцахаар тэнцжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай ЕБС-ийн ахлах ангид амжилттай суралцаж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн болон ТЗДС-д суралцахаар элссэн сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, баяр хүргэн сурлагын өндөр амжилт хүслээ.
Холбоотой мэдээ