СОЛОНГОС УЛСААР АЯЛЦГААЯ

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

СОЛОНГОС УЛСААР АЯЛЦГААЯ

/ Кёнги муж /

БНСУ-ын томоохон мужуудын нэг болох Кёнги мужид нийтийн тээврээр хялбархан хүрэх боломжтой түүхэн дурсгалт газрууд олон бий. Кёнги муж нь түүх, урлаг соёл болон байгалийн олон дурсгалт газруудаараа алдартай бөгөөд тэдгээр дундаас хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүс (DMZ) болон энх тайвны билэгдэл болсон дурсгалт газруудад гадна дотны жуулчид олноор очдог байна.

Сүвон Хвасон хэрэм

18-р зууны барилгын сод бүтээл болсон Хвасон хэрэм нь ЮНЕСКО-н Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалт газруудын нэг юм. Тухайн үеийн шинжлэх ухаан технологийн хөгжлийг тод харуулсан байгууламж гэгддэг энэ хэрэм нийт 6 км урттай. Харин хэрмийн дотор талд эзэн хааны алжаал тайлах Хвасон Хэнгүн түр ордон бий. Мөн Палдаль Мүн, Хвасо Мүн, Жан Ан Мүн зэрэг хэрмийн хаалгуудыг үзэж болохоос гадна нум сум харвах зэрэг хэрмийн дотор үзэж сонирхох зүйл их бий.

Сунволдун дахь Үлгэрийн Хотхон

Боомт хот нээгдэх үед энэ газар хүмүүс олноор суурьшиж байсан ч одоо харин үлгэрийн  гудамж болгон тохижуулсан нь харц булаам ажээ. “Цасангуа гүнж”, “Үнсгэлжин” зэрэг дэлхийн алдарт үлгэрүүд болон Солонгос ардын үлгэрүүдийг хананд зургаар өгүүлснийг эндээс харж болно.

Солонгос үндэсний тосгон

Чусон гүрний (1392–1910) үеийн уламжлалт тосгоны хэв маягийг шингээсэн энэхүү паркад үндэсний ёс заншил, амьдралын хэв маягийг харуулсан олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагддаг байна. Жуулчид энд Солонгос үндэсний хувцас өмсөж, ёс жаягтай танилцаж болохоос гадна эртний домог үлгэрээс сэдэвчилж хийсэн аймшгийн агуйгаар галт тэрэгтэй аялж болдог ажээ.

Гван Мён агуй

Хаагдсан алтны уурхайг соёлын байгууламж болгон тохижуулсан энэ газар та жинхэнэ шижир алтан гулдмай болон алтан ордон, хүслээ бичиж үлдээдэг хүслийн агуй зэрэг сонин содон газраар орж үзээрэй. Мөн өөрийн гараар дарс нэрдэг дарсны агуйгаар зочлоорой.

Газар доорх “3 -р туннель”

Хойд Солонгосын цэргүүд Өмнөд Солонгос руу довтлохын тулд нууцаар ухсан энэ урт туннелийг 1978 онд олж байжээ. Энэ туннелиэр алхаж явахад 1 цаг орчим болдог байна. Энэ бүсэд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аяллын компаниар дамжуулан очих боломжтой.

Намхансансон хэрэм

Чусон гүрний нийслэл Ханяныг хамгаалдаг байсан хэрэм бүхий энэ хотыг дайны цагт түр хот болгодог байжээ. 7-р зууны эхнээс 19-р зууны эхэн хүртэл хэд хэдэн удаагийн сэргээн засвар хийгдэж байсан энэ хэрмийг тойрох 4 төрлийн аяллын маршрут бий. Мөн энд та амтат хоолтой зоогийн газраар орж, гадаа байрлах нум сум харвалтын талбайд сум тавьж үзээрэй.

Пан Мүн Жом

Солонгосын Цэрэггүй бүсэд байрладаг энэ байгууламжид хоёр Солонгосын өндөрлөгүүд хүндэтгэлийн уулзалт зохион байгуулдаг ажээ. Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын цэргүүд хамгаалдаг энэ бүс нь Хамтарсан Хамгаалалтын Бүс (JSA, Joint Security Area) гэж нэрлэгддэг. Мөн энэ бүсэд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аяллын компаниар дамжуулан очих боломжтой.

БНСУ-ын талаар илүү их мэдээллийг https://www.facebook.com/KTOULAANBAATAR хуудсаас авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж