Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар цар тахлын үед цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мөрдөх түр журмыг баталсан.
Цар тахлын улмаас танхимын сургалтаас цахимд шилжсэн цэцэрлэг орон нутагт 112, нийслэлд 18 байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд орон нутагт бүрэн цахимд шилжсэн 28, нийслэлд 13 сургууль байгаа аж.
Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны есдүгээр сарын 7-ны өдрийн мэдээллээр багш болон 12-оос дээш настай сурагчдын 90 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Танхимын сургалтын үед цэцэрлэг, сургууль бүрд Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний баг ажиллаж, тухайн сургалтын байгууллагын онцгой комиссын үүргийг гүйцэтгэн ажиллаж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар цар тахлын үед цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мөрдөх түр журмыг баталж, хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу цэцэрлэг, сургуулийн орчинд дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжиж байгаа юм. Тухайлбал:
- Тухайн нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн бүлгийн
- Ангийн байрлалаас хамаарч тухайн давхар, жигүүрийн гурав хүртэл бүлэгт халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн давхар, жигүүрийн бүлгүүдийн
- Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд цэцэрлэгийн бүх бүлгийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.
- Ерөнхий боловсролын сургуулийн хувьд Covid-19-ийн тархалтын ногоон болон шар түвшинд байгаа аймаг, сум, тосгон, багт байршилтай сургуулийн хичээлийг танхимаар зохион байгуулна. Халдварын тархалтын улбар шар болон улаан түвшинд байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэгт байршилтай сургуулийн суралцагч таван өдөр танхимаар, таван өдөр танхимын бус хэлбэр (зайн)-ээр хичээллэж буй.
Харин дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжиж байгаа.
- Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн
- Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн
- Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг (жигүүр) эсхүл хичээлийн байранд (өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах) хичээллэж байгаа анги бүлгийн
- Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлж байгаа юм байна.
Холбоотой мэдээ