Өглөө, оройдоо гал түлэхгүй бол хавирга жиндэж, хүүхэд хөгшид ханиад хүрэхээр хүйтэн болжээ. Намрын хүйтэн сэрүүн өдрүүдэд айл өрхүүд түлшээ базаана. Есдүгээр сарын 15-наас шахмал түлш худалдаанд гарна. Үүнтэй зэрэгцээд угаар, утаа асуудал болж эхэлдэг. Гэр хорооллынхны хувьд яндангаа хөөлөхөөс эхлээд цонх хаалгаа дулаалж, хаяагаа манаж туургаа давхарлах гээд өвөлдөө бэлтгэх цаг болжээ.
Хотын хаяанд оршдог “Дэнжийн мянга” орчмын айлууд модоор гэрийн жавраа үргээж байна. Энэ хэсэг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд харьяалагддаг. Намрын сэрүү орсон ч түлш борлуулж эхлээгүй тул мод түлэхээс өөр сонголт байхгүй. Бас яндан хөөлөгчид ч эрэлттэй болжээ.
Иргэн Г.Оюунчимэгийнх галлагаа эхлэхээс өмнө яндангаа хөөлүүлжээ. Уг нь өөрсдөө яндангаа хөөлдөг ч “мэргэжлийн” хүнээр зуухны худгаа шалгуулахыг илүүд үзэх болсон байна. Түүний хэлснээр фэйсбүүк, зарын сайтаас хувь хүнээр яндангаа хөөлүүлдэг гэнэ. Иймд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан хэрэгжүүлэх болсон “Яндангаа хөөлье” аяныг дэмжиж байв.
ФЭЙСБҮҮК, ЗАРЫН САЙТААР БУСДААР ЯНДАНГАА ХӨӨЛҮҮЛДЭГ
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч Г.ОЮУНЧИМЭГ:
-Мэргэжлийн яндан хөөлөгчдийн тусламжтай манайх өвөлдөө ямар ч утаа гарах, бөглөрөх асуудал гардаггүй. Намар галлагаа эхлэхээс өмнө зуухны худгаа шалгуулсан байхад өвөл, хавартаа угаартах вий гэж санаа зовдоггүй. Гэхдээ галлах бүртээ угаартах эрсдэлээ тооцож аюулгүй байдлаа шалгадаг. Хэчнээн яндангаа хөөлүүлсэн ч бусдад найдаж болохгүй шүү дээ. Энэ жил галлагаа эхлэхээс өмнө яндангаа хөөлүүлсэн болохоор түлшээ хүлээж байна. Одоохондоо өглөө, оройдоо мод түлж байна.
Уг нь бид нар яндангаа хөөлж чадна. Гэхдээ мэргэжлийн хүнээр яндангаа хөөлүүлэх нь баталгаатай болохоор яндан хөөлөгчид байх хэрэгтэй. Өнгөрсөн жил хэрэгжээд байсан “Яндангаа хөөлье” аяныг энэ жил хэрэгжээсэй гэж бодож байна.
“Тавантолгой түлш” компаниас яндан хөөлдөг гэж сонссон. Гэхдээ дуудлага өгч үзээгүй, өөрсдөө зарын сайт, фэйсбүүкээс мэргэжлийн хүнтэй холбогддог гэлээ.
ЯНДАНГАА ХӨӨЛСӨН Ч ГАЛЛАСНЫ НЭМЭР АЛГА
Дараа нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны харьяа, иргэн Ч.Ядамсүрэнгийнхээр орлоо. Ганцаараа амьдардаг өндөр настангийнх яндангаа хөөлөх нь бүү хэл өвлийг хэрхэн дулаан давах тухай толгойгоо гашилгах болжээ. Учир нь байшин дулаалгагүй, яндангаа хөөлж чадахгүй гэнэ.
Ч.ЯДАМСҮРЭН:
-Ганцаараа болохоор яндангаа хөөлж чадахгүй. Таньдаг хүн гуйж яндангаа хөөлүүлдэг. Гэхдээ ямар ч үр дүнгүй. Яндангаа хөөллөө гээд гал түлээд ч нэмэр алга. Байшин маань хана, таазнаасаа салхи сийгэж, цонхоор ч хүйтэн ордог.. Ямар ч дулаан хадгалах зүйлгүй өвлийн тачигнасан хүйтэн шууд үлээдэг. Гал түлсэн ч гэр илчгүй болохоор дах нөмөрч, эсгий гуталтай өвлийг давж байна гэлээ.
Тэрбээр төслийн зуухаа гаргаж, монгол зуухаа ашиглаж байв. Учир нь төслийн зууханд түлш нь шатахгүй бөглөрч угаартуулах эрсдэлтэй гэж болгоомжлохдоо ийнхүү ашиглахгүй гаргажээ.
УГААРТСАН БОЛОХООР ЯНДАНГААС ТАТГАЛЗСАН
Иргэн З.Гал-Эрдэнийхээр орвол дулааны асуудлаа нам даралтын зуухаар шийджээ. Өөрсдөө янданг хөөлж чаддаг байсан ч үргэлж угаартах аюултай байсныг хэлж байв.
ЧД-ийн 12 дугаар хорооны оршин суугч З.ГАЛ-ЭРДЭНЭ:
-Манайх нам даралтын зуухтай учраас орон сууцны айл шиг л байдаг. Олон жилийн өмнө ханын зуухтай байхад хэцүү. Яндангаа хөөлнө, тортог сууна, бөглөрнө, угаартах эрсдэлтэй гээд маш их ажиллагаатай бас дулаалга ч муу. Хэчнээн цонх хаалгаа дулаалсан ч дулаанаа алдана. Хамгийн чухал нь, зуухны галлагаа, яндантай холбоотой. Манай зуух бөглөрч нэг шөнө гэр бүлээрээ угаартах шахсан. Хамгийн аюултай нь зуух дэлбэрсэн учрааас нам даралтын зуухаар халаалтаа шийдэхээр болсон гэлээ.
Энэ жилийн хувьд “Яндангаа хөөлье” аян есдүгээр сарын 15-наас албан ёсоор эхэлнэ. Гэсэн ч өнөөдрийн байдлаар “Тавантолгой түлш” компани айл өрхүүдийн яндан дуудлагаар хөөлж байгаа аж. Тус компани өнгөрсөн жил 400 яндан хөөлөгч бэлтгэж байсан бол энэ жил 100 ажилтан гэр хорооллынхны янданг хөөлөхөөр төлөвлөжээ. Гэр хорооллын айл өрхүүдээс компанит ажлын үеэр “яндангаа хөөлүүлье” гэх дуудлага өдөрт 500-600 бүртгэгддэг байна. Харин галлагааны улирал эхлэх үед өдөрт бүртгэгдэх 20 дуудлагын 10 нь яндангаа хөөлүүлэх иргэд холбогддог аж.
ГУРВАН САРЫН ХУГАЦААНД 63 МЯНГАН АЙЛЫН ЯНДАНГ ХӨӨЛНӨ
“Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.БУЯНЖАРГАЛ:
-Байгаль орчин аялал жуулчлалын яамны өнгөрсөн жилээс санаачлан хэрэгжүүлсэн “Яндангаа хөөлье” аяныг өмнө нь есдүгээр сарын 5-нд зарлаж байсан. Бид нэг сарын хугацаанд 400 яндан хөөлөгч бэлтгэж 28 мянган айлын янданг хөөлсөн. Яндан хөөлснөөр тухайн айл угаарт өртдөггүй болох нь бидний судалгаанаас харагдсан. Тэгэхээр маш олон айлыг угаартахаас урьдчилан сэргийлсэн нь маш үр дүнтэй том ажил болж байна. Энэ жил “Яндангаа хөөлье” аяныг есдүгээр сарын 15-наас дахин зарлаж байна. Бид гурван сарын хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 1 хүртэл зорилтот бүлгийн айлуудынхаа янданг хөөлнө, зуухны битүүмжийг шалгана.
Нийслэлийн хэмжээнд шахмал түлш хэрэглэж буй 189 мянган өрх бий. Эдгээр айл өрхөд эрсдэлийн үнэлгээ хийхэд 1/3 буюу 63.3 мянга нь угаартах өндөр эрсдэлд байна.
Гэхдээ бид гэр хорооллын бүх айлын янданг хөөлөх боломжгүй. Нийт 189 мянган айл өрхийн янданг хөөлнө гэвэл хүн хүч хүрэлцэхгүй. Тиймээс ихэнх айл өвөлдөө бэлдэж гэрээ дулаалж, яндангаа хөөлж, угаарын хий мэдрэгчээ ажиллуулах хэрэгтэй.
Гэрт амьдарч буй айлууд яндангаа 14 хоног тутамд нэг удаа, байшинтай айлууд улиралд нэг удаа яндангаа хөөлөх ёстой. Энэ бол тухайн хүний өөрийнх нь зайлшгүй хийх ёстой ажил. Бас өөрийнхөө, үр хүүхдийн төлөө хүлээж хариуцлага. Тэр хүн хүний төлөө амьдраагүй шүү дээ. Гэтэл зарим айл “Тавантолгой түлш” компанийнхан ирж яндан хөөлөх ёстой гэх хандлага гаргадаг. Дуудлага өгсөн айлд очиход залуус утас, компьютрээр тоглож суудаг, засварчдад туслахгүй харж зогсохоос суръя гэж боддоггүй.
Зарим нь “завааруулсан хогоо хураагаад яваарай” гэх нь бий. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг бусдын гар харж болохгүй. Сайжруулсан шахмал түлш нь уламжлалт түлшнээс ялгаатай тул төслийн зууханд түлэх нь угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
Бид дуудлагаар яндан хөөлүүлсэн айлуудыг судлахад нийт дуудлагын 60-70 хувь нь зайлшгүй хөөлөх шаардлагатай бол 10 хувь нь өөрсдөө чаддаг хэрнэ яндан хөөлөх дургүй, үлдсэн 10 орчим хувь нь бэлэнчлээд сурсан хэсэг байна. Сүүлийн үед орон нутгаас шилжиж ирсэн, галлагааны зөв горимоо мэдэхгүй айлууд угаартаж байна.
Хөдөөнөөс нүүж ирээд нэг сарч болоогүй байхдаа угаартсан тохиолдол ч гарлаа. Бид очлоо гээд гэр нь дулаан болохгүй. Тиймээс өвөлдөө бэлдэж гэрийнхээ дулаалгыг хийж яндан зуухны аюулгүй байдлаа шалгаж, угаарын хий мэдрэгчээ ажиллуулах хэрэгтэй. Энэ бүх бэлтгэлээ хангасан байхад угаарын хийд өртөхгүй гэлээ.
Яндан хөөлөх бол хэцүү ажил биш. Гэвч гэр хорооллын иргэд дуудлагаар яндангаа хөөлүүлэх дуртай болсон нь “яндангаа хөөлүүлье" гэсэн дуудлага өдрөөс өдөрт нэмэгдэх болсноос харж болохоор. Яндан хөөлөхөд үнэ төлбөргүй. Уг нь ажилсаг, арчаатай айл бол яндангаа өөрөө хөөлчихөд ядах юмгүй мэт.
Холбоотой мэдээ