"Спортыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг олно"

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

"Спортыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг олно"

"Спортыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг олно"

Монголын спортын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Хосбаяртай ярилцлаа. Түүнийг спортын салбарынхан "Спорт цонх"-ыг хамтран үүсгэн байгуулагч, олимпийн хороо, туялзуур сэлэмний холбоонд ажиллаж байснаар нь эчнээ танина. Математикч мэргэжилтэй ч спортод дэндүү хайртай тэрбээр Швейцарьд спортын менежментээр суралцаж, Саудын Арабын олимпийн хороонд зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Өдгөө түүний хувьд Монголын спортын салбарт шинэчлэл хийхээр зоригтой хөдөлж, Монголын спортын корпораци гэх старт-ап компанийг үүсгэн байгуулаад байна.


-Монголын спортын корпораци, старт-ап компани гэхээр хүмүүсийг санаанд буухгүй байна л даа. Энэ спортын байгууллага юм уу бизнесийн байгууллага юм уу?

-Манайх нийгмийн асуудлыг шийдэж, ашиг олдог байгууллага. Бид 2024 он хүртэл нарийн төлөвлөгөө гаргачихсан үүнийхээ дагуу ажлаа эхлүүлээд явж байна.   Спортыг засаглах эрх бүхий байгууллага нь олон улсын холбоондоо бүртгэлтэй спортын холбоод байдаг. Тэдгээр байгууллагууд сайн ажиллаж чадвал Монголын спорт цаашдаа хөгжих амар дөхөм болно. Тиймээс спортын холбоодтой эхэлж ажиллаж байна.

Спортын холбоодуудад хамгийн том асуудал нь хүний нөөц байдаг.  Хүний нөөцийн хомсдлыг арилгах, шийдвэрлэх гарц, гаргалгааг холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт санал болгож байгаа.

Одоогоор 11 спортын холбоод бидэнтэй хамтарч ажиллаж байна. Өдөр тутмын үйл ажиллагааг нь найман функцэд хуваагаад цогцоор нь шийдэж өгөхөд нь тусална гэсэн үг.

-Тэгэхээр Монголын спортын холбоодыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм байна гэж ойлголоо, мөн үү. Тэр найман функц нь яг юу юм бэ?

-Нэгдүгээрт, холбоодын хурал, ажлаа төлөвлөх уулзалт хийхэд нь туслах, хоёрдугаарт бүртгэлд нь туслах, гуравдугаарт олон нийттэй харилцах, сошиал медиаг нь хариуцах, дөрөвдүгээрт дотоод харилцаа, шуудан харилцаанд нь туслах, тавдугаарт эрх зүй, нэг цагийн үйлчилгээг үзүүлэх, зургадугаарт гадаад харилцаанд нь туслах, долдугаарт логистикийн асуудлыг нь хариуцах, наймдугаарт лавлах утасны үйлчилгээг үзүүлэх зэрэг багтана. Ерөнхий нарийн бичгийн дарга нарт юунд санаа зовох, юунд санаа зовохгүй байх вэ гэдэг чиг үүргийг нь тодорхойлоод бодлогын асуудалдаа л та санаа зов, бусдыг нь бид хийе гэж байгаа юм.

-Таны ярьсан найман функцээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус олон байгууллага бий. Үндэсний олимпийн хороо болон Биеийн тамир, спортын улсын хороо гэж байна. Тэнд ажиллаад энэ бүхнийг шийдэж болохгүй байсан уу. Заавал ашиг харж бизнес гэлгүйгээр?

-Улсын байгууллагад ажиллах боломжтой байсан уу байсан. Байнга  тэдэнтэй холбоотой байдаг. Би өөрөө ч  олимпийн хороонд ажиллаж байсан. Спортод хийх зүйл их байгаа. Монголын спортын салбарт хийх боломжтой 100 ажил цаана нь байхад 10 ажлаа л хийгээд байдаг. Хийх ажлаа тэлвэл дагаад хүний нөөц, ажлын байр нэмэгдэнэ. Бидэнд хамтдаа хийх ажил их бий. Улсын байгууллагад очоод өөр хүн хийж чадах ажлыг би хийгээд байх утгагүй . Тэрний оронд өөрөө нийгмийн бизнесээ хөгжүүлээд явсан нь надад ч, спортод ч илүү үр дүнтэй. Аль аль талдаа ч хэрэгтэй, ашигтай.

Миний бодлоор мэдээж нэн тэргүүнд хүний нөөцийн асуудал бий. Хүний нөөц нь дотроо дөрвөн янз бий. Нэгдүгээрт админ, хоёрдугаарт эрдэм шинжилгээний ажилтан, гуравдугаарт дасгалжуулагч, дөрөвдүгээрт медиа. Хүний нөөцөөс гадна маркетинг, зах зээл, засаглал, хууль эрх зүйн орчин гээд асуудлууд хөвөрнө. Энэ асуудлыг шийдэхийн тулд бүгд хичээгээд л байна. Салбарын асуудал гэхээсээ илүүтэйгээр компанийхаа үйл ажиллагааг сайжруулаад явбал эцэст нь зөв замдаа орох л байх гэж боддог доо.

Өнгөрсөнтэй харьцуулбал, мэдээж, ахиц бий. Шинжлэх ухаан, админы тал дээр сайжирч, хуульгүй байсан бол одоо хуультай боллоо. Шинэ кейс гарах болгонд л сайжирч байна. Үндэсний спорт дээр манайх нэлээд том төсөл төлөвлөчихсөн байгаа.

-Токиогийн олимп дуусаад сар болж байна. Монголчуудын хувьд чамлалтгүй, дөрвөн медальтай. Гэхдээ үүнээс илүү амжилт үзүүлэх боломж хэр байсан бэ. Эсвэл үнэхээр чадлынхаа хэрээр л оролцсон уу? 

-Манайх гайгүй сайн оролцсон гэж би хэлнэ. Дөрвөн медаль хүртлээ шүү дээ. Гол нь бид амжилт гэдгээ хэрхэн тодорхойлох вэ. Олимпод оролцсон зорилго нь юу байсан бэ гэдэг чухал. Медаль хүртэх үү эсвэл монголчуудыг нэг өдөр телевизийнх нь өмнө уяж, омогшуулах уу? эсвэл биеийн тамираар хичээллэх иргэдийн тоог нэмж, цар тахлын үед стрессийг нь тайлах уу гээд эдгээрийн яг аль нь зорилго нь байсан бэ? Хүн бүр өөр өөрөөр дүгнэнэ. Олимпийн хороо, улсын хороо нь ямар зорилго тавьсныг нь мэдэхгүй юм. Монголчууд олимпийн үеэр тамирчдаа сайхан дэмжиж, телевизийн өмнө уяагдлаа. Үүнийг зорилго нь гэж үзвэл зорилгодоо амжилттай хүрсэн. Алтан медаль авсан бол бүр л гоё байх байсан даа.

Зөв тодорхойлсон зорилгодоо хүрэхийг амжилт гэнэ. Амжилт гэдгийг тодорхойлохын тулд юуны өмнө зорилгоо тодорхойлох хэрэгтэй.

 

-Өнгөрсөн олимпийн тэмцээний үеэр Монголын шигшээ баг шинэчлэгдэх хэрэгтэй гэсэн шүүмжлэл дагуулсан. Гуч, дөч гарсан тамирчид залуучууддаа зай тавьж өгөх хэрэгтэй гэсэн байр суурийг хэлэх хүмүүс ч байсан. Яагаад шигшээ баг шинэчлэгдэхгүй байна вэ. Залгамж халааг нь авах залуучууд байхгүй байна уу, эсвэл залгамж халаагаа манай ахмад тамирчид өгөхгүй байна уу?

-Хоёр өөр асуудлыг хөндөж байна.  Нэгдүгээрт, олимпод оролцсон тамирчид үнэхээр сайн байгаа учраас эх орноо төлөөлөн оролцож байгаа. Дараагийн тамирчнаа бэлдэх нь тухайн холбооны асуудал. Спортод илүү байгаа нь цааш явдаг.  Нэмж хэлэхэд холбоо бүр өөрсдийн сонгон шалгаруулах журамтай. Журмынхаа дагуу сонгогдож байгаа. Бүх зүйл дээр тамирчдынхаа эрх ашгийг хамгаалж, сайн тамирчиндаа боломж олгох хэрэгтэй.

-Та Монголд хэзээ нэгэн цагт олимп зохиогдоно гэдэгт хэр итгэлтэй байдаг вэ?

-Сайн мэдэхгүй л байна. Суурь гэрийн даалгавруудаа хийх хэрэгтэй. Хамгийн гол нь бид олимп зохиох хэрэгтэй юу, үгүй юу? гэдгээ зөв тооцож гаргах шаардлагатай. Олимп явуулахад эерэг, сөрөг нөлөөллүүд бий. Тиймээс гэрийн даалгавруудаа эхлээд сайн хийж байж л олимпийн талаар ярих хэрэгтэй байх.

Спортоор мөнгө олно гэж зориод өндөр түрээстэй оффист, залуучууд ажиллуулж байна гээд хүмүүс гайхаж байгаа байх л даа. Намайг дампуурчихвий гэж айж ч байгаа байх. Гэхдээ энэ салбарт хэн нэгэн хүн мөс хагалах цаг нь болсон. Хамтръя гэсэн хүн бүрт л манай компани нээлттэй.

-Мэргэжлийн гэхээсээ спортод сонирхолтой, элэгтэй, эсвэл тамирчид холбоодыг нь авч явдаг. Гэтэл мэргэжлийн менежер, мэргэшсэн хүмүүс энэ салбарт учир дутагдалтай байна. Спортын менежерүүдийг, мэргэжилтнүүдийг бэлтгэх дээр Монгол Улс хэр анхаардаг вэ?

-Бусад салбарын мэргэжилтэн яаж бэлтгэгддэг вэ тэр зарчмаар явах хэрэгтэй. Мэдээж салбар салбарын онцлог бий. Манайх старт-ап компани учир сэтгэлтэй гэхээсээ илүү ажил хийх чин хүсэлтэй хүмүүсийг харж авдаг. Манай спортынхон маш их “сэтгэлээрээ” гэж ярьдаг. Би энэ үгнээс зайлсхийдэг. Одоо хэдүүлээ сэтгэлтэй гэхээсээ илүү мэргэжлийн байя. Сэтгэлгүй байсан ч гэсэн мэргэжлийн хүн бол ажлаа хийдэг. Манай байгууллага бол мэргэжлийн байя гэдэг чигийг баримталж байгаа. Салбараа сайн ойлгох л хэрэгтэй.

-Гэхдээ хэт их мөнгө гэж хараад ашиг хөөгөөд эхлэхээр багагүй асуудал үүсэх юм биш үү?

-Сэтгэлээрээ хүмүүс байх хэрэгтэй. Төрийн бус байгууллагуудын албан тушаал хоёр янз бий. Нэг нь томилогддог, нөгөө нь сонгогддог. Томилогддог албан тушаалд нь мэргэжлийн хүн байх ёстой. Яг спортын менежментийн хүн. Харин сонгогддог хүмүүс нь бодлогын ерөнхий чиглэлийг гаргадаг, томилогддог хүмүүс нь гүйцэтгэх ёстой. Бодлого гаргадаг хүн нь спортын зовлон, жаргалыг ойлгодог тамирчин, дасгалжуулагч байж болно. Сонгуульт ажилд сэтгэлээрээ хүмүүс ч сонгогдож болно. Сайн дурын ажил гэсэн үг шүү дээ. Холбоон дээр жишээ авахад томилогддог хүмүүсийн дээд албан тушаал нь Ерөнхий нарийн бичгийн дарга. Харин сонгогддог дээд албан тушаал нь Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гээд явна. Дасгалжуулагч, менежерүүд мэргэжлийн байх ёстой. Сайн дасгалжуулагч сайн менежер руу хөрвөж болно.

-Манай спортын салбарын зах зээл жижиг, хөрөнгө мөнгө багатай шүү дээ. Тэмцээн наадамдаа явахдаа тамирчид маань "гуйлга, хандив" болох нь цөөнгүй?

-Түрүүн хэлсэнчлэн бид 2024 он хүртэл нарийн төлөвлөгөө гаргасан. Дөрвөн үе шаттай төлөвлөгөөнүүд хэрэгжүүлээд явж байна. Анхны компани учир “мөс хагалж байгаа”. Монголын спортын салбарт хөрөнгө байхгүй гэж би хэлэхгүй. Харин ч хөрөнгөтэй гэж хэлнэ. Хөрөнгө гэдэг чинь дотроо биет, биет бус гээд янз бүрийн хэлбэртэй байгаа. Харин бэлэн мөнгө хэлбэрээрээ бага байж магадгүй. Энийг хөрвүүлэгчээр хөрвүүлэх хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийг бэлэн мөнгө рүү хөрвүүлэхийн тулд борлуулагч хэрэгтэй. Бид тэр үл хөдлөхийг мөнгөжүүлэх зорилго тавиад байна. Хүмүүст ойлгуулахаас эхлүүлээд бэрхшээл их бий. Спортын байгууллага гэхээрээ гар хардаг ойлголтыг эвдэх болно.

Манай байгууллага 2024 онд "IPO" гаргаж, нээлттэй компани болох зорилготой.

-Монголд спортын салбарыг ивээн тэтгэдэг спонсорууд хомс. Спонсоруудтай яаж олох билээ, ингэхэд. Тийм төлөвлөгөө байна уу?

-Олон зүйл төлөвлөсөн. Спонсоруудыг татахын тулд орчныг нь сайжруулах хэрэгтэй. Одоо спонсорууд сэтгэлээрээ гээд алдагдалтай, ашгаа өөр зүйлээс хүртэж байна. Яваандаа төсөл хэрэгжүүлсэн спонсор нь ч, арга хэмжээ зохион байгуулсан холбоо нь ч сэтгэл хангалуун байх орчныг бий болгох гээд зорьж байгаа. Бид эхлээд зах зээлээ буюу эко системээ сайжруулах гэж явна. Үүний гол ажил нь спортын холбоодын туслах ажил.

Холбоо бүрийн зорилго өөр өөр. Үзэгч татах зорилготой, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах эсвэл үзэгч бус хичээллэгсдийнхээ тоог нэмэх сонирхолтой холбоо ч байж болно шүү дээ. Жишээлбэл, уулын спорт, жюү жицү гэх мэт үзэгч бус хичээллэдэг хүмүүсийнхээ тоог ихэсгэх зорилготой холбоод бий. Бид энэ бүгд дээр төлөвлөгөө боловсруулсан. Яаж ашиг олох вэ гэдгийг судалсан. Манай компани гэхэд 20 гаруй ажилтантай болох зорилготой. Олон улсаас ч том төслүүдийг Монголдоо хэрэгжүүлнэ. Компани маань өөрөө ашигтай байж, оффисын түрээсээ төлж, ажилчдынхаа цалинг тавих хэрэгтэй шүү дээ.

Нийгмийн асуудал шийдэнгээ ашиг олдог байгууллага гэдэг энэ.

-Монголд улс төр, спорт хоёр хэдийнэ нэг хөнжилд орсон. Нуулгүй хэлэхэд улстөрчид спортыг улс төрийн гишгээр, эрх мэдэлд хүрэх хэрэгсэл гэж хардаг шүү дээ?

-Ямар түвшинд байна вэ гэдгээсээ шалтгаална. Холбооны түвшинд зөрчлүүд үүсдэг. Төрийн бус байгууллагад улс төрийн нөлөө орчих гээд байдаг. Гэхдээ гол зорилгоо биелүүлэхэд нь улс төр туслаад байвал хамтдаа байж болно ш дээ. Жишээлбэл, Х гэдэг холбоо олимпийн алтан медаль авах зорилготой. Түүнд нь улс төр тусалж байвал болно. Эсвэл Монгол орон даяар спортоо түгээн дэлгэрүүлэхэд нь улс төр саад болоод байвал больж болно. Холбоо гэдэг бол сайн дураараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Мөн олон улсад тэр спортыг төлөөлөх бүрэн эрх бүхий байгууллага. Зорилгоосоо л хамаарна. Ерөнхий утгаараа хортой л гэдэг юм. Улс төр өөрөө нас богино, ард түмнийг үзэл бодлоор нь хуваадаг.

Боксын холбоон дээр жишээ авъя. Боксын холбоо 10 мянган дэмжигчидтэй байлаа гэж үзэхэд ерөнхийлөгчөөр нь сонгогдсон улстөрч 100 мянган дэмжигчидтэй. Ингэхээр боксын холбоонд ашигтай байгаа юм. Зүгээр пракматик утгаар нь авч үзвэл ийм л байна. Үнэ цэнээ тэнцүүлж байна гэсэн үг л дээ. Боксын холбоо шууд 110 мянган дэмжигчидтэй болж байгаа биз. Гэтэл боксын 10 мянган дэмжигчийн тал нь өөр улс төрчийг дэмждэг бол бас эсрэг тийшээгээ эргэнэ. Улс төрийн үзлээсээ болж спорт дэмжих эрхээрээ хязгаарлуулж болохгүй.

Улс төрөөс болж спортоор хичээллэх эрхийг нь боомилно гэдэг утгагүй. НҮБ-ын тунхаг бичигт ч “Хүн спортоо өөрөө сонгож хичээллэх эрхтэй” гээд зарлачихсан байгаа.

-Шинээр төрөн гарч ирж буй спортын төрлүүд дээр төрийн дэмжлэг хэрэгтэй юу? Жишээлбэл, “MESA буюу Монголын электрон спортын холбоо төрийн дэмжлэггүй хүч төрөн гарч ирлээ?

-Нэг завинд  суумаар байна. Төрийн зүгээс дэмжвэл маш сайн. Спорт цар тахлын үед өөр хэлбэртэй болчихлоо. НҮБ, ДЭМБ хоёр хамтраад том спорт гэхээсээ илүү зүгээр л хөдөлгөөн хий гэсэн ойлголтыг өгч эхэллээ. Олон улсын олимпийн хороо ч “Agenda-2020+5” гэх мэт хөтөлбөрүүдийг гаргаж байна. Спорт өөрөө хүртээмжтэй, хэн ч хичээллэх боломжтой байх ёстой. Хотжилт, технологийн хөгжлөөс хамааран спорт өөрчлөгдөж байна. Манайх үүнийг соргогоор хүлээн авах хэрэгтэй. Би бол хоцорч байна л гэж хараад байгаа. Төр засгаас манайхыг дэмжвэл их сайн байна. Хотын спорт, залуучуудын спортын талаарх хөтөлбөрийг нас насныханд нь зориулж гаргачихсан байгаа.

-Монголын спортын холбоо бор зүрхээрээ явж байна. Ямар ч судалгаа, шинжилгээ алга. Жишээ нь, энэ асуудлыг танай корпораци хэрхэн шийдэх юм бэ?

-Нэг жишээ авъя. Дугуйн спортод л гэхэд “BMX”-ийг сонирхдог үзэгчид, хичээллэгсдийн тоо нь замын дугуйн спортоос хол илүү. Улаанбаатарын гудамжинд “BMX” дугуйтай, скейтбордтой залуучууд хаа сайгүй л байгаа биз? Тэгэхэд манай дугуйн холбоо замын дугуйндаа л анхаарал хандуулаад байна. “UCI” буюу Олон улсын дугуйн холбоо ч “BMX” руу анхаарлаа хандуулж байна. Хоёр ч төрөл нь олимпийн хөтөлбөрт багтлаа.

Манай гимнастикийн холбоо үүн дээр сайн ажиллаж байгаа. Спортын гимнастик, уран сайхны гимнастикаас илүү паркур нь илүү хичээллэгсэдтэй болчхоод байна. Олон улсын холбоод шинэчлэлийг сайн мэдэрч байна. Бид бүхний сайн мэдэх Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 3х3 сагсан бөмбөгийг хөгжүүлээд эхэллээ. Ирээдүйн спорт өөр болно гэдэгт манай компани итгэж байгаа. Бид ирээдүй рүүгээ харж, 2032 онд Брисбенд болох олимпод зориулан Австралиудтай ажил эхлүүлэхээр суурь бэлтгэлээ хангаж байна.

Манай компани судалгаан дээр суурилж, төлөвлөгөөгөө боловсруулдаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж