АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл "цус сэлбэв"

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл "цус сэлбэв"

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл "цус сэлбэв"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны есдүгээр сарын 7-ны 42 тоот захирамжийн хавсралтаар Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүдийн нэрс тодорчээ. Тус зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй. Энэ удаа  тус зөвлөлийн тэргүүнээр ажиллаж буй Г.Баасан дахин томилогджээ. Зөвлөлийн гишүүдээс олонд танигдсан хүмүүсийг дурдвал “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Отгон, Л.Оюунтунгалаг  цахим орчинд олонд танигдсан “Ангууч” буюу Б.Баттөр, Монголын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “ХИТ”-ын Д.Давааням агсны хүү Даваадорж нар бий. Үүнээс  гадна А.Баянмөнх, Ц.Батболд П.Бадамрагчаа Г.Баярсайхан Г.Ганбат Д.Гантөмөр, Э.Мөнхжаргал, Ц.Нарангэрэл, М.Отгонбаяр  нарыг АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүдээр томилжээ.

Дээрх томилгооноос  хамгийн анхаарал татаж буй нь Б.Баттөр, Д.Даваадорж нар юм. Б.Баттөрийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  тангараг өргөх ёслолд уригдаж байв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулиар нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжсэн байдаг. Д.Даваадорж ч мөн адил МАН-ыг дэмждэгээ илэрхийлсээр ирсэн билээ.

Д.Даваадорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт 2021 оны УИХ-ын  нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн  28 дугаар тойрогт бие даан нэр дэвшинэ.  Түүний хувд 2020 оны УИХ-ын сонгуульд Сахигтун Үндсэн хуулийн 19 эвслээс дээрх 28 дугаар тойрогт нэр дэвшиж байв. Гэвч сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Учир нь Х.Бат-Ялалт  УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж, 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдов. Шүүх хуралдаанд Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас цагдан хорих арга хэмжээг авсан байдаг. Улмаар 2020 оны долдугаар сарын 24-нд шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож түүний  хоригдсон  65 хоногийг мөнгөн дүнгээр дүйцүүлэн хасч тооцон,  2.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ.

МАН өнгөрсөн зургадугаар сарын 4-нд ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ үеэр Х.Бат-Ялалт “Би 2004 оноос нийгэмд шударга ёс тогтоохын төлөө дуу хоолойгоо хүргэж ирсэн.  Анх талбай дээр Үндсэн хуулиа бариад шударга нийгэм, шүүхийн төлөө үг хэлж байсан. Бид өнөөдөр нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэх цаг болсон. Эх орны төлөө, эв нэгдлийн төлөө нийт 70 гаруй ТББ нэгдсэн байгаа. Иймд шударга нийгэм, ард түмний эв нэгдлийн төлөө МАН-аас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа. Олон нам, эсвэл, ТББ-ууд өөр өөр үзэл бодолтой, чиг үүрэг нь өөр ч эх орон, шударга ёсны төлөө нэгддэг байх ёстой. Үндсэн хууль, эх орноо хөгжүүлэхийн төлөө нэгдэх учиртай” хэмээн мэдэгдэж байв.

Сэтгүүлч Л.Оюунтунгалаг 2019 онд Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 19 жил, цахим сэтгүүл зүйн салбарт 12 дахь жилдээ ажиллаж буй сэтгүүлч юм. Сэтгүүлч М.Отгонбаярын хувьд www.medee.mn сайтын үүсгэн байгуулагчаар ажиллаж байсан одоо www.isee.mn сайтын Ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байна.

Сэтгүүлч Б.Отгоны хувьд телевизийн салбарт 18 жил ажилласан туршлагатай. Одоогоос зургаан сарын өмнө “Eagle” телевизээс өрх тусгаарлан чөлөөт сэтгүүлчээр ажиллах болсон. Тэрбээр 2020 онд “Авлигын эсрэг зарласан дайнд агсах зэвсэг, ажиллах хамтрагчидаа бэлдэж, өргөн фронтоор дайрах бодолтой байна. Эх сурвалжаа нууцлах үүргээ нэн тэргүүнд тавьж, эцсээ хүртэл тэмцэх болно. Улс төрийн дээд түвшнээс эхэлсэн авлигал шүүх, цагдаа, прокурор одоо дунд шатанд тахал мэт тархаж байна. Улс төрийн бүлэглэлүүд захын прокуророор “албан тушаалаа ашиглан олон сая төгрөг авсан нь тогтоогдсон ч хясан боогдуулах замаар аваагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн тогтоол гаргуулаад авлигачийг ажилд нь буцаагаад томилуулж байна. Шударга ёс яриад яваа хүмүүс ядаж нэг авлигачиныг дарах хэрэгтэй” хэмээн цахим хуудаснаа постолж байжээ.

Уг зөвлөлийн гишүүнийг Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг. АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журамд зааснаар:

Зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенц, Авлигын эсрэг хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг амьдралд бодитоор хэрэгжүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулах, авлигын нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар эрх бүхий байгууллагад зөвлөмж өгөх зорилготой ажиллана.

Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх:

8.1.Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэнийг Зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

8.2.Зөвлөлийн гишүүнийг шалгаруулахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж өөрөө хүсэлтээ гаргасан, бусдын санал болгосон төрийн бус байгууллагын төлөөлөгч, иргэдээс авилгатай тэмцэх чиглэлээр ажиллах хүсэл сонирхол, чадвар, туршлага, олон нийтийн эрх ашгийг илэрхийлэх, тэднийг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд татан оролцуулах чадварыг шалгуур болгоно.

8.3.Зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараах үндэслэлээр чөлөөлнө:

  • Төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албанд сонгогдсон эсхүл томилогдсон, бусад шалтгаанаар иргэний нийгмийг төлөөлөхгүй болсон.
  • Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол гарсан;
  • Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан.
  • Зөвлөлийн болон Хэсгийн үйл ажиллагаанд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцохгүй болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж