Ерөнхийлөгч Х.Баттулга ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай 81 дүгээр зарлигийг гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 81 ДҮГЭЭР ЗАРЛИГТ:

“Монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбааг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан Ноён уулыг дээдлэн шүтэх, Тулгар төрийн түүх шастир, өв соёлыг хайрлан хамгаалах, үндэсний үзэл дархлаа, ухамсар бахархлыг дэвжээн дэлгэрүүлэх зорилгоор иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас гаргаж буй саналыг дэмжиж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил соёл, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Монголын Тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгосугай.
  2. Монголын Тулгар төр, Хүннү дээдсийн түүх цадиг, өв соёлыг судалж тогтоох, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах ажлыг гүнзгийрүүлэх, өргөжүүлэхийг төрийн ба төрийн бус, эрдэм шинжилгээний болон түүх соёлын байгууллагууд, ард иргэдэд уриалсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг төрийн зарим байгууллагад гардуулах ёслолын ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн,   нар оролцож, зарлигийн хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авлаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж