Усэйн Болт: Эргэн ирэхэд оройтсон ч хорхой хүрээд байна

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

Усэйн Болт: Эргэн ирэхэд оройтсон ч хорхой хүрээд байна

Усэйн Болт: Эргэн ирэхэд оройтсон ч хорхой хүрээд байна

Олимпийн найман удаагийн алтан медальт, “Дэлхийн хамгийн хурдан хүн” Усэйн Болт их спортдоо эргэн ирэх талаар бодож, дасгалжуулагчдаа энэ талаараа дуулгажээ. Өдгөө 35 настай Ямайк тамирчны хувьд 2017 онд зодог тайлж буйгаа зарлаж байв. Түүнийг Токиогийн олимпод оролцоно гэж олон хүн итгэж байсан ч дасгалжуулагч нь энэ бүх яриаг үгүйсгэсэн юм.

Саяхан "BBC" агентлагт өгсөн ярилцлагадаа Усэйн Болт “Эргэн ирэхэд хэтэрхий оройтсон байх. Хэрэв би эргэн ирэхээр болвол миний зорилго олимп л байх байсан. Дасгалжуулагчдаа анх зодог тайлах тухайгаа хэлэхэд тэр надад хандан “Зодог тайлвал тайл. Би чамайг эргэн авчрах гэж элдэв зүйл хийхгүй ээ. Тиймээс зодог тайлна гэдэгтээ итгэлтэй байгаарай” гэсэн. 2019 онд би дасгалжуулагч дээрээ очоод Токиогийн олимпод оролцвол ямар вэ гэж асуусан. Гэтэл тэр над руу хараад “Эхлээд ч хэрэггүй” гэв. Би дасгалжуулагчдаа итгэдэг. Тэр үгүй гэвэл үгүй. Гэхдээ миний хорхой хүрээд байна” гэж ярьжээ.

Мөн тэрбээр Ямайкийн оройн зайн гүйлтийн эмэгтэй тамирчид болох Шелли-Анн Прайс, Элейн Томпсон-Хера нарыг Америкийн Флоренц Гриффит Жойнерийн 1988 онд тогтоосон 100, 200 метрийн дэлхийн рекордыг эвдэж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Усэйн Болт “Эдгээр охидуудын үнэхээр сайжирсныг харсан. Тэд үнэхээр хурдан гүйж байсан. Бараг л дэлхийн рекорд эвдчихэв үү гэж харсан. Элейнгийн техник сайжирсан байна лээ. Шелли-Анн ч ялгаагүй. Тэр нам гараанаас дээшээ өндийхдөө илүү сайн гүйж, илүү тогтвортой болсон харагдсан. Энэ охидууд удахгүй цахиур хагална. Хүмүүс эмэгтэйчүүдийн 100, 200 метрийн рекордын талаар удаан ярьж байна. Хэрэв энэ охидууд энэ рекордыг эвдвэл спортод жинхэнэ тэсрэлт болно” гэв.

Томпсон-Хера Токиогийн олимпийн 100, 200 метрийн төрөлд түрүүлсэн. Түүний хувийн дээд амжилт 10.54 секунд бөгөөд Гриффит Жойнер 1988 онд 100 метр зайг 10.49 секундэд туулж байжээ.

Хэдий Усэйн Болт хөнгөн атлетикээс холдсон ч спортоос холдоогүй. Зодог тайлсан хойно тэрбээр хөлбөмбөгийн замналаа эхлүүлээд мэргэжлийн хөлбөмбөгт тоглоод үзчихсэн нэгэн. Манчестер Юнайтед багийн улаан фэн тэрбээр Роналдог гэртээ эргэн ирсэн талаар “Түүний эргэж ирэхийг харах гайхалтай байна. Кристиано шаардлага өндөртэй. Тэр залуу тоглогчдыг сайжруулахын тулд олон зүйл тэднээс шаардах нь гарцаагүй. Тэр чинь өөр түвшний тоглогч шүү дээ. Тэр бол машин. Магадгүй тэр 42 хүртлээ тоглох байх. Учир нь түүний бие чийрэг, ихэнх залуу тоглогчдынхоос илүү өндөр түвшинд бэлтгэгдсэн. Тэр эрүүл мэнддээ их цаг зарцуулж, их зүйл зориулсан” хэмээн ярьжээ.

Дашрамд дурдахад, Усэйн Болт хөгжмийн замналаа эхлүүлээд амжсан. Тэрбээр өөрийн сайн найз Ньюгент ‘NJ’ Уокертой хамтран регги урсгалын цомгоо гаргасан билээ. Хөгжмийн салбарт хөл тавьсан Болт “Би шилдэг нь байхыг зорьж байгаа. Би Грэмми хүртэж, платинум цомог эсвэл дуутай болмоор байна. Би оргилд нь хүрч, дэлхийн том продюсерууд хөгжим ярьдаг өрөөнд ормоор байна. Туулах зам, сурах зүйл их байна. Гэхдээ одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж