Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх онд тохиож байна. Энэ хүрээнд хоёр улсын хооронд эдийн засгийн болон соёлын салбарт олон ажил төлөвлөснийг Казахстанаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев мэдээлэв.
Тэрбээр “Казахстан улсад хоёр жил тутамд уламжлалт шашны тэргүүн нарын уулзалт аравдугаар сард болдог. Энэ уулзалт ирэх сард Монголын буддист нийгэмлэгийн төлөөллүүд оролцохоор төлөвлөж байна. Энэ нь бүс нутгийн хэмжээнд болон хоёр орны хооронд чухал ач холбогдолтой арга хэмжээ. Мөн энэ жил Женев хотод дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтад Монгол Улс оролцно гэдэгт их хүлээлттэй байна. Казахстан Монгол Улс дипломат харицлаа тогтоосны 30 жилийн ой 2022 онд тохиож байна. Энэ хугацаанд хоёр орны хооронд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын салбарт маш олон ажил урагштай явж байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа бүтээлч байсан гэж дүгнэж байгаа юм. Үүний нэг нь, хоёр улсын худалдааны эргэлт 2020 онд 29.3 орчим сая ам.доллар байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 25.2 сая ам.доллар болж өссөн. Хэдийгээр хангалттай тоон үзүүлэлт биш ч цар тахал нөлөөлсөн. Цаашид хоёр улсын эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг бүтээлч байх боломжууд нээлттэй.
Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Казахстанд айлчлал хийсэн. Энэ үеэр Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахаар тохиролцсон. Уг хэлэлцээр нь удахгүй биелэлээ олно гэдэгт манай улс итгэж байна.
Цаашлаад Нурсултан хотод болох томхон арга хэмжээнүүдэд хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын чуулга уулзалтад Монгол Улс оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Элчин сайд Жалгас Адилбаевын мэдээлснээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Казахстаны үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг үзэсгэлэнг Улаанбаатарт зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн хоёр улсын хооронд 2020 онд Улаанбаатар-Алматы чиглэлд шууд нислэг үйлдэх хэлэлцээр хийж байсан бол Алматы-Өлгий болон Карагандалы-Өлгий чиглэлд олон улсын зорчигч тээвэрлэх хувилбарыг судалж байгаа аж. Мөн хоёр орны хооронд тэтгэврийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаар бэлдэж байгаа ба ирэх онд үзэглэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Казахстан улс өөрийн бүтээсэн Covid-19 халдварын эсрэг Казвак вакцины 5000-20 мянга хүртэлх хүн тунг Монгол Улсад хүмүүнлэгийн тусламжаар хандивлахыг санал болгожээ. Одоогоор уг вакциныг Монгол Улсад түр бүртгэхээр ажиллаж байгаа юм байна.
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд өнөөдөр /2021.09.09 / тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын ард түмэндээ хандсан илгээлтийг дэвшүүлэх үеэр ийнхүү хоёр улсын хооронд төлөвлөж буй хамтын ажиллагааг онцолсон билээ.
КАЗАХСТАНД АЖИЛЧДЫНХАА ЦАЛИН НЭМЭГДҮҮЛСЭН ААН-ҮҮДИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Төрийн тэргүүн нь жил бүр ард түмэндээ илгээлт дэвшүүлдэг уламжлалтай. Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ жил “Ард түмний эв нэгдэл ба системтэй шинэчлэл-улс орны хөгжлийн гол үндэс болох нь” сэдэвт мэндчилгээг хүргэсэн. Үүний гол агуулга нь цар тахлын дараа эдийн засгийн хөгжил, эрүүл мэндийн салбарыг сайжруулах, чанартай боловсрол олгох бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг долоон зүйлийн таван бүлгээс бүрдэж байгаа юм. Тус улсад энгийн хэрэглээний эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж 3.5 мянган төслийн хүрээнд 70 мянган шинэ ажлын байрыг бий болгожээ. Мөн үйлчилгээний үнийн дүн 3.5 их наяд болсон байна. Уг хөтөлбөрийг цаашид 2022 он хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. Энэ тухай Казахстанаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев “Казахстан улс нь дунд хугацааны зорилгод 2025 он гэхэд улс орны цэвэршүүлэх үйлдвэрийн экспортыг 1.5 хувиар дээшлүүлж, нийт үнийн дүнг 25 тэрбум ам.долларт хүргэх, ажлын бүтээмжийг 30 хувь нэмэгдүүлснээр улсын инфляцын түвшинг 4-6 хувьд барих бодлого баримталж байна” гэлээ.
Илгээлтийн гол агуулгуудын тухайд дэлгэрэнгүй танилцуулбал,
- 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 42.5 мянган тингэ байсныг 60 мянган тэнгэ болгож нэмэгдүүлжээ. Энэхүү цалингийн нэмэгдлийг нэг сая гаруй хүн авч байна.
- Бүгд Найрамдах Казахстан Улсын хүн амын 6.5 сая нь давхар бизнес эрхлэхгүй, цалингийн орлоготой гэх тооцоо бий. Үүнийг харгалзан ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн албан байгууллагыг төрөөс урамшуулах, татвараас чөлөөлөх бодлогыг 2023 оны нэгдүгээр сараас албан ёсоор хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
- 2022-2025 оны хооронд соёлын салбарын техник ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
- Үндэсний хэмжээнд долоо, 20, 25 жилийн хугацаатай орон сууцны зээлд хамруулах хөтөлбөр хэрэгждэг. Энэхүү хөтөлбөрт хамрагдах ажилчид, албан хаагчид нийгмийн даатгал, тэтгэврийн сан зэргийг зээлд уялдуулснаар олон гэр бүл ипотекийн зээлд хамрагдах боломж бүрджээ.
- БНКУ-ын тусгаар тогтносны 30 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Энэ хүрээнд улс төр, эдийн засгийн томоохон шинэчлэл, шинэ бодлогууд хэрэгжүүлж байгаа аж.
- Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг хэрэгжүүлж байна.
Холбоотой мэдээ