АНУ-ын Засгийн газрын бондын эрэлт өндөр байна
Санхүү эдийн засгийн хямрал эхэлсэн 2007 оны наймдугаар сараас хойш анх удаа АНУ-ын засгийн газрын өрийн дийлэнхи хэсгийг дотоодын хөрөнгө оруулагчид санхүүжүүлж эхэлжээ. Тавдугаар сарын эцсийн дүнгээр АНУ-ын Засгийн газрын 8.18 их наяд ам.долларын өрийн 50.2 хувийг дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшиж байна гэж тус улсын Сангийн Яам мэдэгджээ. Засгийн газрын өрийн дотоодын эрэлт ийнхүү өсч буй нь иргэдийн орлогын өсөлт болон хэрэглээ зогсонги байдалд орж, хадгаламж өсч буйтай холбоотой байна. Энэ оны зургадугаар сарын дүнгээр иргэд татварын дараах орлогынхоо 6.4 хувийг хадгаламжинд зориулсан нь 2009 оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр дүн болоод байна. Эдийн засгийн хямралын өмнө энэ дүн дунджаар 1-2 хувьтай байв. 2008 оны арваннэгдүгээр сараас хойших 20 сарын дунджаар хадгаламжийн дээрх харьцаа 5.9 хувьтай байгаа нь 1992 оноос хойших хамгийн өндөр дүн бөгөөд, 2005-2007 онд 2.2 хувьтай байжээ.
Иргэд болон байгууллагуудын Засгийн газрын өрийн эрэлт өсч буй нь зээлдэгч болон зээлдүүлэгчдийн аль аль нь эрсдэлээс зайлсхийж буйтай холбоотой юм. Эдийн засгийн сэргэлт хэврэг, ажилгүйдэл өндөр (долдугаар сарын байдлаар 9.5 хувь) байгаа нь эрсдлээс зайлсхийх байдалд хүргэж байна гэж эдийн засагчид үзэж байна. Засгийн газрын өрийн дотоодын эзэмшигчдийн дийлэнхи хувийг арилжааны банкууд эзэлж байна. Долдугаар сард банкууд Засгийн газрын өрийн худалдан авалтаа 5 хувиар өсгөж, нийт эзэмшил нь 1.57 их наяд ам. долларт хүрсэн юм. Харин арилжааны банкуудын байгууллагын зээл 2008 оны эцсээс хойш нийт 20 орчим хувиар буурч энэ оны гуравдугаар сарын 31 гэхэд 1.2 их наяд ам. долларын үлдэгдэлтэй байв.
Засгийн газрын бондын эрэлт өндөр байгаа нь түүний хүүг бууруулж, энэ нь нэг талаас Ерөнхийлөгч Б.Обамагийн Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхөд дэмжлэг болж байна. 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын хүү тайлант тайлант долоо хоногт 2.82 хувьд хүрч хаагдсан нь 2009 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод дүн байна. Гэтэл энэ оны дөрөвдүгээр сард энэ хүү 4.01 хувьд хүрч байжээ. Энэ оны эцэс гэхэд 10 жилийн хугацаатай АНУ-ын Засгийн газрын бондын хүү 3.17 хувь, 2011 оны эцэст 3.99 хувьтай байна хэмээн Блумбергийн түүвэр судалгаа харуулж байна. АНУ-ын Засгийн газрын өрийн нэрлэсэн хүү энэ онд дунджаар 6.95 хувь байв. АНУ-ын Засгийн газрын өр 2009 онд 25 хувиар нэмэгдэж 7.27 их наяд ам. долларт хүрсэн бол хямралын өмнө буюу 2007 оны наймдугаар сарын байдлаар АНУ-ын Засгийн газрын өр 4.45 их наяд ам. доллар байжээ.
Европын Холбоо хямралын айдсаас ангижирлаа
Европын эдийн засаг таамагласнаас хурдацтайгаар сэргэж, мөнгөний зах зээл ч сайжирч байгаагаас Европын Төв банк хямралын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ цөөлөх боломж гарч байна хэмээн тус банкны ерөнхийлөгч Ж.Тричет пүрэв гаригт сэтгүүлчдэд ярьжээ. Харин үүнийг хэзээ хэрхэн эхлүүлэх тухай тэрээр хэлээгүй бөгөөд энэ талаар нэг сарын дараа болох хурлаар ярилцана гэв. Түүнчлэн одоогоор мөнгөний бодлогыг хумих шаардлагагүй тул бодлогын хүүг нэг хувийн түвшинд хэвээр үлдээсэн тухай тэрээр мэдэгдэв. Зургадугаар сард Германы үйлдвэрийн захиалга эдийн засагчдын таамаглалаас хоёр дахин илүү гарч, долдугаар сард бизнесийн итгэл нэмэгдэж, Европын Холбооны үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарын өсөлт хүчээ авсан мэдээллүүдээс үндэслэн тус бүсийн хувьд хямралын хоёр дахь шат нүүрлэж болзошгүй гэсэн айдас ариллаа хэмээн тэрээр хэлжээ.
Европын Төв банкнаас санхүүгийн хямралын эсрэг авч буй арга хэмжээний гол хэсэг нь банкуудад олгож буй хөнгөлөлттэй зээл юм. Тухайлбал долоо хоног, нэг сарын хугацаатай зээлийг банкуудад хэмжээний хязгаарлалтгүйгээр 10 сарын дунд хүртэл, гурван сарын хугацаатай зээлийг хэмжээний хязгаарлалтгүйгээр 9 дүгээр сар хүртэл олгож байгаа билээ. 2008 оноос эхлэн олгож байсан 6-12 сарын хугацаатай зээлийг өнгөрсөн жил зогсоосон юм. “Гурван сарын хугацаатай зээлийн арга хэмжээг дахин сунгахгүй, харин долоо хоногийн хугацаатай зээл олгох арга хэмжээг энэ оны эцэс хүртэл сунгаж магадгүй. Долоо хоногийн хугацаатай зээлийг сунгах эсэх нь хамгийн чухал алхам болно” хэмээн Societe Generale банкны Лондон дахь ерөнхий эдийн засагч Ж.Никсон ярив. Хөрөнгө оруулагчдад Европын Төв банк хямралын эсрэг арга хэмжээгээ хумиж эхлэх хүлээлт бий болсноор банк хоорондын захын гурван сарын хугацаатай зээлийн хүү Пүрэв гаригийн байдлаар энэ оны хамгийн өндөр болох 0.9 хувьд хүрээд байна. Түүнчлэн Европын Төв банкны бонд худалдан авалт багасчээ. Тайлант долоо хоногт бонд худалдан авалт 81 сая евро болсон бол тавдугаар сард нэг долоо хоногт 16.5 тэрбум еврогийн бонд худалдан авч байв. Нөгөө талаас мөнгөний бодлогыг хэт эрт хумиж эхлэх нь төсвийн цомхотгол явуулснаас шалтгаалж эдийн засгийн өсөлт нь эрсдэлд ороод буй улс орнуудад муугаар нөлөөлөх болно гэж эдийн засагчид үзэж байна. Тухайлбал энэ оны хоёрдугаар улиралд Испани улсын ажилгүйдэл 20.1 хувьд хүрчээ. Хятад улсын эдийн засгийн эрч суларч буй нь ч Европын экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Их Британийн эдийн засаг 1,1 хувиар өсчээ
Английн төв банк бонд худалдан авалтыг 200 тэрбум паундад (318 тэрбум ам. доллар) барьж, бодлогын хүүг 0.5 хувьд үлдээхээр болжээ. Хоёрдугаар улиралд Их Британийн эдийн засаг 1.1 хувиар өссөн нь өмнөх улирлын дүнгээс бараг дөрөв дахин их байгаа ч Markit Economics болон бусад судалгааны байгууллагуудын дүгнэснээр долдугаар сард өсөлт буураад байгаа юм. Үүний хажуугаар зургадугаар сард инфляци 3.2 гарсан нь инфляцийг онилох дээд хязгаар болох 3,0 хувь болон зорилт болох 2.0 хувиас хэтрээд байгаа юм. Иймээс өнгөрсөн сард мөнгөний бодлогын чиглэлийн талаар бодлого боловсруулагчид нэлээд маргасан билээ. Төв банкны бодлогын зөвлөлийн гишүүн А.Сэнтанс инфляцийг барихын тулд бодлогын хүүгээ өсгөхийг дэмжиж байгаа бол мөн зөвлөлийн гишүүн Д.Майлс эдийн засгийг уналтаас сэргийлэхийн тулд мөнгөний бодлогын тэлэх арга хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
Японы иен 15 жил үзэгдээгүйгээр чангарав
Зургадугаар сард Япон улсын урсгал дансны ашиг жилийн өмнөх үеэс 18 хувиар буурч 1.047 их наяд иенд (12.3 тэрбум ам. доллар) хүрчээ. Энэ нь тус улсын экспортын өсөлт суларч, гадаад дахь хөрөнгө оруулалтын орлого буурснаас болсон бөгөөд Японы эдийн засгийн сэргэлтийн хүч суларч буйн дохио юм. Мөн сард экспорт 29 хувиар өссөн нь өмнөх сарынхаас таван нэгжээр буурсан дүн бол импорт 30 хувиас өссөн байна. Гадаад дахь цэвэр хөрөнгө оруулалтын орлого буюу Япон улсын гадаад дахь хөрөнгө оруулалт, Япон дахь гадаадын хөрөнгө оруулалтын орлогын зөрүү 46 хувиар буурсан байна. Экспортын эрч суларч байгаагаас гадна эдийн засгийн хөшүүрэг арга хэмжээнүүд багасч байгаад үндэслэн Голдман Сакс Группын шинжээчид Японы ДНБ-ий өсөлтийн 2011 оны таамаглалыг 1.7 хувиас бууруулж 1.4 хувь болгожээ.
Иений ханш сүүлийн 15 жилд байгаагүй хэмжээгээр чангарсан нь ч экспортын төлөвт сөргөөр нөлөөлж байна. Тайлант долоо хоногт иений ханш 1.11 хувиар чангарч 85.51 ам. долларт хаагджээ. “Ханшийн одоогийн түвшин нь урт хугацаанд компаниудад маш их хүндрэл учруулахаар байна” хэмээн Honda Motor компанийн Санхүүгийн Гүйцэтгэх захирал Ё.Хожо ярьсан байна.
ОХУ анх удаа хориг тавилаа
Сүүлийн 50 жилд тохиогоогүй ган болж буйгаас үүдэн ургац буурсан тул улаан буудайн ургацаар дэлхийд гуравдагч болох Орос улс энэ оны наймдугаар сарын 15-аас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл улаан буудайн бүх төрлийн экспортонд хориг тавилаа. ОХУ-ын төвийн бүс нутаг болон Волга голын дагуу хэт халж буй тул улаан буудайн ургац авдаг 28 бүс нутагт онцгой байдал зарлажээ. Тус улсын Хөдөө Аж Ахуйн Яамны тооцоогоор энэ онд өнгөрсөн жилээс 28 хувиар бага буюу 70 сая тонн ургац хураах төлөвтэй байна. Үүнээс үүдэн дотоодын үнэ өмнөх долоо хоногт 19 хувиар өссөн тул экспортын хориг тавих зүйтэй хэмээн үзэж буйгаа ОХУ-ын ерөнхий сайд В.Путин тайлбарласан байна. ОХУ-ын улаан буудайн нөөц хангалттай байгаа боловч үнийн өсөлтөөс сэргийлж, дараа жилийн нөөцөө бүрдүүлж, малын тэжээлээ бэлдэхийн тулд энэ алхамыг авах шаардлагатай байгааг тэрээр дурджээ.
Хориг наймдугаар сарын 15-наас өмнө гаалийн бичиг баримтаа бүрдүүлээгүй аваагүй бүх тээвэрлэлтэд хамаарах тул биелүүлэгдээгүй байгаа экспортын гэрээнүүдэд ч хамаарах юм. 2003-2004, 2007-2008 онуудад ОХУ улаан буудайн экспортдоо татвар тавин хязгаарлалт хийж байсан бол энэ удаагийнх нь анхны бүрэн хориг болж байгаа юм. “Татвараар хязгаарлалт хийсэн бол сөрөг үр дагавар хамаагүй бага байх байлаа. Одоо бид тээвэрлэлтэд бэлтгэгдсэн байгаа улаан буудайгаа яахаа мэдэхгүй байдалд ороод байна” гэж тус улсын гуравдах том буудайн нийлүүлэгч Валарс Группын гүйцэтгэх захирал К.Подолский ярьсан байна.