ОХУ-ын хамгийн том банк Сбер алдагдсан, төөрсөн амьтдыг эздэд нь олж өгөх зорилготой тэжээвэр амьтдын царай таних сүлжээ хөгжүүлснээ зарлажээ. Тус сүлжээ нэг зүйлийн олон амьтдын онцлогуудыг тус бүрд нь ялган таних өндөр чадвартай гэнэ.
Сбер банк мэдээллийн TASS агентлагт “Ижил зүйлийн ижил зүстэй амьтдыг хооронд нь ялгаж таних онцгой системийг амжилттай бүтээж чадлаа. Одоогийн байдлаар энэ систем нохдын царайг 94 хувь, муурнуудын царайг 84 хувь үнэн зөв таниж байна” хэмээн ярьжээ.
Мэргэжилтнүүд эл системийг бүтээхдээ хүний царай ялган таних CosFace алгоритмийг ашигласан аж. 2014 онд тус банк орон сууцны зээл авсан харилцагч нартаа муур зээлэх үйлчилгээ үзүүлж эхэлсэн талаар мэдээ олон улсын шар хэвлэлүүдийг шуугиулж байсан билээ. Учир нь Оросын уламжлалаар бол шинэ гэрт нүүн орж байгаа айлд муур аз авчирдаг гэнэ.
Эх сурвалж: RT.COM