Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха (Парламент)-ын дарга Ом Бирлатай Вена хотноо уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь Монгол Улсын стратегийн түнш, оюун санааны хөрш мөн гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр талын найрсаг харилцааг эдийн засаг, боловсрол, соёл, аж үйлдвэр зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын эрчимтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, уг төсөл болон коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэхэд анхааран дэмжиж ажиллахаа Лок Сабхагийн дарга Ом Бирла илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг тааламжтай цагтаа Энэтхэг Улсад айлчлахыг урив.
Уулзалтын үеэр талууд бүс нутгийн аюулгүй байдал, COVID-19 халдварын өнөөгийн байдал, олон талт хамтын ажиллагааны бусад асуудлаар саналаа солилцлоо.
Эх сурвалж: parliament.mn
Холбоотой мэдээ